Намар оройн шаргал навчис хотын гудамжаар хөглөрч, налгар зуны ногоон өдрүүд дууссаныг албан ёсоор тунхаглажээ. Гоёлоо гөвсөн модод, хөлд гишгэгдэх хатсан навчсын чихарсан дуу сэтгэлд хөнгөн гуниг төрүүлнэ. Гэвч үүнийг үл анзааран нийслэлчүүдийн амьдрал ид оволзож байна. Шатахууны хомсдол, шахмал түлшний залхам хэрүүлээс ангид орших мэт оюутнуудын амьдрал буцаж яваа улиралд хөг нэмнэ.
Самбуугийн болон Их сургуулийн гудамжаар инээд хөөрөөр бялхсан, “одоогоороо” амьдарч буй оюутан залуус алхах. Бүгд өөр өөрийн гэсэн ертөнцтэй, хүсэл сонирхол, мөрөөдөлтэй.
Гудамжаар алхах оюутан залуусын нүдэнд гал цог, зорилго тэмүүлэл дүүрэн харагдах агаад уйтгарт намрын гундуухан өнгийг тэдний эрч хүч, инээмсэглэл чимэх аж.
Гудамжны хажуугийн сандал дээр суух хоёр оюутны яриаг сэм чагнавал танхим болон цахим хичээлдээ төөрч будилж байгаа бололтой, нэг нь “Найз нь өнөөдөр танхимаар орно гэж бодоод сургууль дээр ирсэн чинь багш хавьтал болоод цахимаар орох болсон гэнэ. Гэр рүү явж амжихгүй юм чинь энд сууж байгаад лекцээ сонсохоос” хэмээн найздаа “зовлон”-гоо тоочих аж.
Хажуугийнх нь сандал дээр анх удаа хотод ирсэн болов уу гэмээр шинэхэн оюутан гэр рүүгээ утасдаж, өнөөдрийн сонин хачнаа дуулгана. “Ээж сая хичээлээсээ тарлаа. Өрөөнийхөө найзыг тарахаар хамт зах орж, гутал үзэх санаатай. Тань руу зургийг нь явуулна. Та хэд сайн уу, Би байрандаа ороод, тохижсон. Надад санаа зоволтгүй. Өмнөх махаа дуусаагүй байгаа. Дахиад юм явуулах гэсний хэрэггүй” гэж захиас занаагаа дайх. Техник технологи хөгжөөд хаанаас хэнтэй хэчнээн цагаар холбогдоход асуудалгүй болсны илрэл энэ юм.
МУИС-ийн төв байрны арын цэцэрлэгт хүрээлэнд ч оюутны амьдрал өрнөнө. Улаанбаатарт оюутан залуус зүлгэн дээр нь чөлөөтэй суугаад, цагаа өнгөрүүлэх ийм цэцэрлэгт хүрээлэн хомс.
Өвлийн анхны цас хаялахаас урьтаж, гадаа сууж, ирээдүйнхээ талаар хөгжилдөн ярьж буй гэгээн үерхлийн эзэд, оюутан насны сүүлийн намраа хамтдаа үдэж буй төгсөх курсынхан энэ газар саатжээ.
Модны доор тухлан суусан оюутнууд чанга чанга инээж, хөгжилтэй яриа өрнүүлнэ. “Хичээлийн зургаа дахь долоо хоног эхэлчихлээ. Удахгүй явцын шалгалт болно. Яаж математикаа давах вэ” гэж нэгдүгээр курсын бололтой оюутан асуухад дээд курсын ах нь “Ах нь наад багш дээр чинь хоёр унасан. Төрсөн охин нь хүртэл арай гэж тэнцэж байсан шүү дээ. Самбарт гараад бодлого бодож чадахгүй болохоор аймаар загнаж байгаа биз дээ” гээд дүүгээ “цаашлуулна”. Нар ч хэвийж, “Golden Hour” буюу зураг авахад хамгийн тохиромжтой алтан цаг тохиосон учир намар цаг, оюутан насаа гэрэл зурганд мөнхлөх хүсэлтэй залуучууд, хосууд энэ жижиг газар зургаа даруулна.
Харин сааднаас холгүйхэн байрлах тамхины цэг дээр янжуур татах охид, хөвгүүд "буу хална". Жагсаал цуглаан, түлээ түлшний хэрүүл үнэндээ тэдэнд сонин биш аж. Хөгжим, шүлэг, хичээл, бүжиг, хайр хагацлын тухай л ярих.
"За хоёулаа ганц тамхи татчихаад хамт хичээл рүүгээ оръё. Чи нөгөө сэдвээ уншсан уу, өнөөдөр амаар асууна гээд байсан. Би бүр юу ч уншсангүй" гэж хогийн савны дэргэд ангийн хоёр найз үг солино.
Оюутан нас хэдий богино ч хүний амьдралын хамгийн дурсамжтай, гайхалтай мөчүүд энэ хугацаанд л бий болдог. Бүтээгүй дурлал, унасан хичээл, хамгаалсан бие даалт, нууж идсэн пирожки хүртэл эргээд бодоход оюутан насны гэгээн цагаан чимэг. Энэ л насан дээрээ хүн бие хүн болон төлөвшиж, амьдрал хэмэээх их далайд ганцаараа гардаг.
Яагаад ч юм тэндээс буцаж явахад
Мартахгүй ээ, мартахгүй ээ
Оюутны намар аа, миний намар аа гэх дуу сэтгэлд эгшиглэнэ. Ай, оюутны намар аа, ахиад ирэхгүй нэгэн намараа гэж.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ М.МӨНХТУЛГА
Холбоотой мэдээ