Хятад еврог доллараас илүүд үзэж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Хятад еврог доллараас илүүд үзэж байна

2.45 триллион ам.долларын гадаад валютын нөөцтэйгөөрөө дэлхийд нэгдүгээрт ордог Хятад улс АНУ-ын валютнаас илүү Европ, Японы валютыг илүүд үзэж байна. Тус улс “нэлээд их” хэмжээний Европын бонд худалдаж авч байна гэж Хятадын Ардын Банкны зөвлөх асан Юу Ёонгдинг ярьж байна. Хятад улс 20 тэрбум ам.доллараар Японы бондуудыг худалдаж аваад байгаа. Энэ нь сүүлийн таван жилд хамгийн богино хугацаанд их хэмжээгээр бонд зарагдсан тохиолдол болж байна гэж наймдугаар сарын 9-нд Японы Сангийн яам мэдээлсэн.

“Төрөлжүүлэлт үндсэн зарчим байх ёстой. Бид Европын ямар ч бонд зараагүй, харин оронд нь их хэмжээний бонд худалдаж авсан” хэмээн Юу хэлсэн бөгөөд түүнийхээ хамтаар Хятадын төв банкны дээгүүр албан тушаалтнууд Европын бодлого боловсруулагчдад болон уг бүсийн эдийн засагт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ оны зургадугаар сард ханшныхаа оргил үедээ байсан АНУ-ын долларын ханш арав орчим хувиар унаад байгаа бөгөөд Хятадын энэ бодлого нь долларын ханш буцаж чангарахад хэцүү болгож магадгүй. Хятад өөрийн нөөц дэх өнгөрсөн жилийн долдугаар сард 939.9 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан Америк бондуудын хэмжээг 72.2 ам.доллараар буюу ойролцоогоор 7.7 хувиар бууруулсан байна гэж өнөөдөр АНУ-ын Сангийн департаментаас мэдээллээ. АНУ-ын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж байна гэж Холбооны Нөөц наймдугаар сарын 10-нд мэдээлсэн. Америкийн төв банкны дарга Бен С. Бернанке санхүүгийн системээсээ мөнгө урсгаж гаргахгүйн тулд сэргийлэх арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн.

Дэлхийн гадаад валютын нөөцийн 60 хувийг хадгалдаг Азийн төв банкнууд ам.доллараас зайлсхийж байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, төв банк нь их хэмжээний зээл авч байгаатай холбоотойгоор улс орнууд ам.долларын оронд еврог илүү сонирхож байна. Өмнөд Солонгос, Малайз, Энэтхэг зэрэг улсууд өөрсдийн улсын нөөц дэх Америкийн засгийн газрын хөрөнгийн бичиг, хувьцаануудын хэмжээг бууруулсан байна. Ирэх арванхоёрдугаар сар гэхэд евротой харьцах ам.долларын ханш 3.7 хувиар өсч, 1.23 ам.доллар болох болно гэж “Bloomberg”-ийн эдийн засагчид таамаглаж байна.

Хятадын ерөнхий сайд Вен Зяаобао гуравдугаар сард АНУ-ыг долларынхаа тогтвортой, аюулгүй байдлыг хангахын тулд “бодитой үр дүнтэй” арга хэмжээ авах хэрэгтэй гэж шаардаж байсан юм. Хятад улс 2009 оны долдугаар сард 939.9 тэрбум ам.долларын АНУ-ын бонд эзэмшиж байснаа энэ оны дөрөвдүгээр сард 900.2 тэрбум болгож бууруулсан бөгөөд тавдугаар сард 867.7 тэрбум ам.доллар болгож бууруулсан ажээ.

АНУ-ын валютын байдлыг ажиглаж байна гэж Индонезийн төв банк болон Тайландын ерөнхий сайд өнгөрсөн сард мэдэгдсэн. Энэ жил Японы иений ханш 7.9 хувиар өсөөд байгаа бөгөөд Хятад улс тавдугаар сард 735.2 тэрбум ам.долларын бонд худалдаж авсан бол зургадугаар сард 456.4 тэрбум иений бонд худалдаж авсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж