Ерөнхий сайдуудын өвлүүлсэн "өв"

Хуучирсан мэдээ: 2021.10.07-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдуудын өвлүүлсэн "өв"

Ерөнхий сайдуудын өвлүүлсэн "өв"

Ардчилал ялснаас хойшхи 31 жилийн хугацаанд монголчууд 33 Ерөнхий сайд “төрүүлжээ”. Засаг солигдох бүрт өмнөхөө үгүйсгэж, хийсэн, хэрэгжүүлсэн, хэлсэн бүхэн нь замхардаг нь хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ үе үеийн Ерөнхий сайд нар засгийн эрхийг барих хугацаандаа өөрөөр нь овоглох юу хийв ээ. Энэ асуултад хариулт өгөхөөр тэдний үлдээсэн “өв”-ийг энэ удаа онцолъё.


          ЗАХ ЗЭЭЛИЙН ТОГТОЛЦООНД ШИЛЖИЖ, ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРЖИВ

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН (1990.09.11-1992.07.21)

БНМАУ-ын ардчилсан зарчмаар сонгогдсон анхны Ерөнхий сайд, эдийн засгийн ухааны доктор Д.Бямбасүрэн. Тэрбээр Ардчилсан хувьсгал өрнөх үед нам төрийн удирдагчдаас шинэ улс төрийн хүчнүүдтэй хэлэлцээр хийх үйл явцыг удирдсан. Энэ нь 1990 оны есдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдоход нь нөлөөлжээ.

1992 онд ардчилсан Үндсэн хууль батлагдах хүртэл улс оронд нийгмийн шилжилт өрнөж асан хүнд хэцүү үед эвслийн Засгийн газрыг удирдсан. Түүний Засгийн газрын үед Монгол орон зах зээлийн эдийн засагт хөл тавьсан. Цэнхэр, яагаан тасалбар гаргаж өмч хувьчлалыг эхлүүлсэн. Түүний Засгийн газрын 1991 оны нэгдүгээр сарын 15-нд гаргасан 20 дугаар тогтоол хамгийн алдартай шийдвэр. Энэхүү тогтоолоор иргэдийн гудсан доороо хадгалсан мөнгө "цаас" болж, маш их хэмжээний хохирол амссан учраас одоо хэр нь мартдаггүй биз ээ. Харин өөрөө "Монголчууд түймрийн эсрэг гал тавиад цурмалдаг. Үүнтэй л ижил арга хэмжээ авсан хэрэг" хэмээн дурссан байдаг. Ингэж гэмээн зах зээлийн бодит хөрсөн дээр эдийн засгаа буулган аварсан гэж одоо эдийн засагчид үзэх нь бий. Эдийн засаг хямралтай, бараа материалын хомсдол үүсэхийн хамт өмч хувьчлал эхэлсэн.

             ХЯМАРСАН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЖ, АНХ УДАА ТӨСӨВ АЛДАГДАЛГҮЙ ГАРЛАА

Монгол Улсын 19 дахь Ерөнхий сайд П.ЖАСРАЙ  (1992-1996)

1992 оны долдугаар сарын 20-ноос 1996 оны долдугаар сарын 20 хүртэл Пунцагийн Жасрай Ерөнхий сайд байв. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үед элгээрээ хэвтсэн эдийн засаг хөл дээрээ зогссон байдаг. 1993 онд Монгол Улсын төсөв алдагдалгүй, үүнийг дагаад гадаад худалдаа анх удаа алдагдалгүй гарч байв. Улмаар 1994 оноос эдийн засаг сэргэж, -9.3 хувийн үзүүлэлттэй байсан эдийн засгийг 6.4 хүртэл өсгөж чадсан гавьяатай. Инфляци 325 хувьтай байсан үед Засгийн газрыг удирдсанаар хоёр жилийн дотор хямралаас гарч, картын системийг халсан.

П.Жасрай гуайн Засгийн газрын үед Монгол төрийн олон тулгуурт гадаад бодлогын үндэс бүрэлдэн тогтсон. Мөн ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж, АНУ, Япон, ХБНГУ, БНСУ зэрэг гурав дахь хөрштэй харилцах харилцаа өргөжсөн гэж үздэг. Түүний хамгийн их иргэдэд хүрсэн үг нь "Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна".

ҮНЭ ЧӨЛӨӨЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН РЕФОРМЫГ ЭХЛҮҮЛЭВ

Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН (1996 -1998)

Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байсан богинохон хугацаандаа үнэ чөлөөлж, төрийн өмчийн хувьчлалыг өрнүүлж, эдийн засгийн реформыг эхлүүлсэн. Шилжилтийн үеийн хямралд автаад байсан эдийн засгийг богино хугацаанд цэгцлэх талаар зоригтой алхмууд хийж, орон сууцыг хувьчилсан, үнэ чөлөөлөх  реформ хийж, эдийн засгийн эргэлтэд оруулсан зэргээр түүний Засгийн газрын гавьяаг эдүгээ дурддаг.

М.Энхсайхан нь Монголд Ардчилсан хувьсгал өрнүүлсэн улс төрийн хүчнүүдээс сонгогдсон анхны Ерөнхий сайдаар 1996 оны долдугаар сарын 19-нд томилогдож, 1998 оны дөрөвдүгээр 23-ныг хүртэл Засгийн газрыг тэргүүлсэн билээ. Тэр бол сүүлийн 30 орчим жилийн Монголын улс төрийн томоохон тоглогчдын нэг юм.

                       БАНК САНХҮҮГИЙН САЛБАРТ РЕФОРМ ХИЙВ

Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ (1998-1998)

Ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг тэрбээр 1998 оны дөрөвдүгээр сарын 23-наас 1998 оны арванхоёрдугаар 9-нийг хүртэл Засгийн газрыг удирдсан. Ерөнхий сайд байх хугацаандаа банк санхүүгийн салбарт реформ хийсэн зэрэг нийгэм, эдийн засагт маш олон өөрчлөлт, шинэчлэлт авчирсан. Түүний хийсэн реформ тухайн үедээ хамгийн их хэл ам дагуулж байсан ч шил даран дампуурсан банкны дампуурал, иргэд хохироод үлддэг явдлыг зогсоосон.

Ц.Элбэгдорж 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн түүхэнд үлдэх гавьяатай.

ЭВ НЭГДЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭВЛҮҮЛЭГЧ

Монгол Улсын 22 дахь Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ  (1998-1999)

Дөрвөн жилд дөрвөн Засгийн газар сольсон Ардчилсан холбоо эвслийн гурав дахь Ерөнхий сайд Ж.Наранцацралт газар зохион байгуулалт, хот байгуулалтын салбараас гарч ирсэн улстөрч. Түүний Засгийн газар 1998 оны арванхоёрдугаар сарын 9-нөөс 1999 оны долдугаар сарын 22-ныг хүртэл долоон сарын турш оршин тогтносон. Түүний тэргүүлсэн Засгийн газар нь эв нэгдлийн Засгийн газар байв. Эв нэгдлийн гэх Засгийн газрын түнжинг Ж.Наранцацралт хангаж байсан болохоор нэг сайд нь огцорвол эрихний хэлхээ шиг цувна гэсэн бодолтой "хамгаалагч" нь байсан хэмээн дурсдаг. Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаас болж огцруулсан.

ГАЙ Ч ҮГҮЙ, ГАВЬЯА Ч ҮГҮЙ

Монгол Улсын 23 дахь Ерөнхий сайд Р.Амаржаргал  (1999-2000)

Ардчилсан нам эрч хүчтэй, залуу эдийн засагч Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилов. Түүний Засгийн газарт тоймтой ажил хийх цаг хугацаа ч байгаагүй гэж улстөрчид дүгнэдэг.

                 ЗӨВЛӨЛТИЙН ИХ ӨРИЙГ ТӨЛЖ, МЯНГАНЫ ЗАМЫГ ЭХЛҮҮЛЭВ

Монгол Улсын 24 дахь Ерөнхий сайд Н.Энхбаяр (2000-2004)

МАН ялсан Н.Энхбаярын Засгийн газар. Тэрбээр 2000 оны долдугаар сарын 26-ны өдөр Ерөнхий сайдаар томилогдож, 2004 оны наймдугаар сарын 20-ныг хүртэл Засгийн газрыг удирдсан. Түүний Засгийн газар мянганы замын төслийг эхлүүлж байлаа. Тухайн үед энэхүү төслийг "мянгуужингийн зам" гэж шоолж байсан ч бодит байдал биеллээ олсон. Газрыг хувьчилж эхэлсэн. Гэхдээ газар хувьчлал иргэн бүрт нээлттэй, шударга болсон уу гэдэг нь өнөөгийн Улаанбаатарын өнгө төрхөөс илүү харагдана.

АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЛИЙГ ЭХЛҮҮЛЖЭЭ

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ (2004-2006)

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан тэрбээр 2004 оны наймдугаар сарын 20-ноос 2006 оны нэгдүгээр сарын 13-ныг хүртэл Засгийн газрыг тэргүүлэх хугацаанд авлигын эсрэг тэмцэл эхлүүлсэн. Авлигатай тэмцэх газрыг байгуулсан. Иргэдэд хүнд сургал, чөлөөтэй ажиллах амьдрахад чөдөр тушаа болж буй зөвшөөрөл, шийдвэрүүдийг урж, хүчингүй болгосон.

Ц.Элбэгдорж хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгчөөр ажиллахдаа улс төр, эдийн засаг, нийгэм, хүний эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээлэл, хууль шүүх, гадаад бодлогод маш олон шинэчлэлийг эхлүүлсэн. Хамгийн том жишээ нь, тэрбээр Ерөнхийлөгч байхдаа цаазын ялгүй Монгол болсныг дэлхийд зарлаж байв.

     ТАТВАРЫН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨВ

Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд М.ЭНХБОЛД (2006-2007)

Монголын улс төрийн хөгжил, дэвшил, уналт гээд бүх цаг үед хамт явсан цөөхөн улстөрчийн нэг бол яах аргагүй Миеэгомбын Энхболд. Тэр Монгол ардын намын том лидерийн нэг. Үндэсний эв нэгдлийн гэх тодотголтой Засгийн газрын үед татварын хуулийг өөрчилсөн гавьяатай. Гэвч залуу гэр бүлийн мөнгийг олгож өнөөгийн их халамжийн эхлэлийг тавьсан "гэмтэй". Түүнийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэгдэх албан тушаалын нэрээс нь илүүтэй "Газрын наймаачин" гэх гуншин илүү дагадаг.

                   ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТАВ

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд С.БАЯР (2007-2009)

Ардчиллын эхэн үед од болсон С.Баяр 2007 оны аравдугаар сард болсон МАХН-ын XXV их хурлаар намын даргаар сонгогдож байв. Тэрбээр “Албан тушаал ч авъя, хариуцлагаа ч үүрье” гэсэн утгатай үг хэлээд, 2007 оны нэгдүгээр сарын 25-нд Ерөнхий сайд болсон. Түүний хувьд 2009 оны аравдугаар сарын 28 хүртэл Засгийн газрыг удирдсан билээ.

С.Баярын Засгийн газрын үед хамгийн том гавьяа бол түүний дэвшүүлсэн “Таван төгөлдөршил”, бас Оюутолгойн гэрээг байгуулж, Монголд хөрөнгө оруулалт татсан явдал. Энэ гэрээг байгуулснаас болж С.Баяр болон түүний Засгийн газрын С.Баярцогт тэргүүтнүүд нийгмийн дайсан болж хувирсан ч өнөөг хүртэл эдийн засагт оруулсан өгөөж их. Мөн бүртгэлийн тогтолцоог сайжруулах буюу төрийн ой санамжийг төгөлдөр болгох ажлыг эхлүүлсэн, газар тариалангийн салбарыг хөгжүүлсэн.

            ЭДИЙН ЗАСАГ ТҮҮХЭНД БАЙХГҮЙГЭЭР ӨСЧ, АЖИЛГҮЙДЛИЙГ “ТЭГЛЭВ”

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд С.БАТБОЛД (2009-2012)

Тавантолгой дахь таван зүгийн ашиг сонирхлын огтлолцол дээр сууж байсан С.Батболд 2009 оны аравдугаар сарын 29-нд Ерөнхий сайд болж байв. Түүнийг 2012 оны наймдугаар сар хүртэл засаг барих хугацаанд эдийн засаг түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 2001 онд 17.3 хувьд хүрч байв. Энэ нь түүний гэхээсээ илүүтэй уул уурхайн бүтээгдэхүүний үнэ оргил циклд хүрсэнтэй эдийн засагчид холбон тайлбарладаг ч Сү.Батболдын Засгийн газар удирдсан гурван жилийн хугацаанд ажилгүйдэл 6.3 хувь болсон нь хамгийн том амжилт байлаа.

ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Н.Алтанхуяг (2012-2014)

Ардчилсан намаас хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан гэх тодотголтой Норовын Алтанхуяг 2012 оны наймдугаар сарын 9-нөөс 2014 оны аравдугаар сарын 5-ныг хүртэл Засгийн газрыг тэргүүлсэн. Тэрбээр засгийн эрхийг барих хугацаанд дэд бүтцийн салбар дахь бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм. Бонд босгож дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийснээр өөрийнх нь үед бүрэн дуусаагүй ч буусан хойно нь Монгол Улс анх удаагаа аймгийн төвүүд нь нийслэлтэйгээ авто замаар холбогдсон. Социализмын 70 жилд хийж чадаагүй авто замыг Н.Алтанхуягийн засгийн газар тавьснаараа түүхэнд үлджээ.

                      “ДУБАЙ”-Н ГЭРЭЭ, "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД АВЧИРСАН НЬ 

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ (2014-2016)

Засгийн газрыг тэргүүлэх гурван жилийн хугацаандаа Ч.Сайханбилэг өмнөх засгийн үед гацаанд байсан Оюутолгойн асуудлыг шийдвэрлэж, далд уурхайг ашиглалтад оруулах Дубайн гэрээг хөдөлгөөнд оруулж, Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Үүнийг нь олон нийт буруутгаж байсан ч эдийн засагт чамлахааргүй өгөөж авчирсан. Мөн Оросын мэдэлд байсан Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсан гавьяатай. Тэрбээр 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайдаар томилогдсон бол 2016 оны долдугаар сарын 30-нд Засгийн газар нь огцорсон. "Эрдэнэт"-ийг Монголд авчирсан гавьяаг нь өрсөлдөгч хүчин болох МАН сөрөг сурталчилгаанд ашигласнаар Ардчилсан нам дахин эрх барих алтан боломжоо алдсан. Гэлээ ч түүний хийсэн нь зөв байгаад зогсохгүй хожмоо монголчуудын цахилгааны мөнгийг төлөх боломжийг олгосон юм.

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ТӨРД ШИЛЖҮҮЛЭВ

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ (2016-2017)

Тэрээр гаргасан шийдвэрээсээ болж шоронд хоригдсон. Богинохон хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан ч Монголын "саалийн үнээ" гэх тодотголтой Эрдэнэтийн 49 хувийг хувийн компаниас авч, төрийн 100 хувийн өмч болгож байлаа. Гавъяа байгуулаагүй ч хувийн хэвшлээс төрд Эрдэнэт үйлдвэрийн хувийг авсан нь эргээд тус үйлдвэрт шахааны бизнес цэцэглэх боломжийг олгосон буруутан.

ЦАР ТАХЛЫН ҮЕД ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖИД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭВ

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ (2017-2021)

Ерөнхий сайдаас Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх БНСУ-аас 500 сая ам.долларын зээл авч чадсан бөгөөд Энэтхэг улсын өгөх тэрбум ам.доллараас нефтийн үйлдвэр барьж эхэлсэн. Төмөр замын бүтээн байгуулалт түүний үед эхэлж байлаа. Байгалийн түүхийн музейг нурааж, буурин дээр нь Чингисийн музей байгуулснаараа хатуухан шүүмжлэлд өртсөн.

У.Хүрэлсүх 2017 оны есдүгээр сарын 8-нд Ерөнхий сайдаар томилогдож, 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Засгийн газар нь огцорсон. Засгийн газраа "хариуцлагын жишиг тогтооно" гэж огцруулсан ч үнэн хэрэгтэй өнөөгийн эрх мэдэлд хүрэхийн төлөө нэр цэвэр үлдэх гэж улс төрийн нүүдэл байсныг учир мэдэх хүн бүр гадарладаг.

         ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛСЭН Ч ЦАР ТАХЛЫГ ХЯНАЛТААС АЛДАВ

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.ОЮУН-ЭРДЭНЭ (2021)

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дараагийн залгамж болсон тэрбээр Засгийн газрыг тэргүүлж буй хамгийн залуу, бас чадваргүй гэх шүүмжлэл хүртээд буй. Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ үргэлж олны “бай” болдог Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтыг эхлүүлсэн гавьяатай ч хэт найдсан бодлогынх нь үр дүнд цар тахлыг хяналтаас алдсан нь нууц биш. Эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал доройтсоор байхад төрсөн нутгаа хөшөө дурсгалаар хөгжүүлэх нэрийдлээр хөрөнгө оруулалт хийж, Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгож, 400 сая жуулчин татах том амбицтай байв.

Тиймээс төсвийн мөнгөний хамгийн өндөр тоо Хэнтийд тавигдаж, их хааны өлгий нутгийг аялал жуучлалын бүс нутаг болгох бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм. Гэвч “Андлалын хөшөө” нь олны хэл ам таталсан түүхий, шүүрхий "ажил" болоод босохоосоо өмнө буулгуулав. "Цахим Монгол" болгох бодлого барьж буй өнөөдөр цахим засаглалаас илүүтэй ухаалаг зохицуулалт төрд хэрэгтэйг түмэн олон сануулж байна.  Түүний Засгийн газрын үед шатахуун, шахмал түлшний хомсдол нүүрлэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс эхлээд бүх зүйлийн оочер дараалал иргэдийг бухимдуулж, өөрсдийг нь "шалж" байна. Морь унах амар ч морьтон Монголын асуудлыг шийдэх хэцүү.

Цар тахлыг хяналтаас алдаж, иргэдийн амьдрал уруудсан, төсвийн мөнгийг үргүйдүүлсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түүхэнд ямар гавьяатай үлдэх вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
11
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж