Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Д.Монголхүүг цагдан хорих санал ирүүлснийг шүүх өнөөдөр /2021.10.06/ хэлэлцжээ. Улмаар шүүх хэрэгт авагдсан баримттай танилцахад "Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан буюу Д.Монголхүүг нэн даруй суллахаар болжээ.
Иргэн Д.Монголхүү " Өнөөдөр иргэдийн эрх ашиг хог дээр үсэрч байна. Төр засаг нь иргэдээ үнсэнд хаясан шалз шиг байдалд хүргэсэн. Тэгэхээр одоо иргэд нь өөрсдөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг, төр засагтаа хяналтаа тавьдаг соёлыг суулгах хэрэгтэй. Би үүний төлөө л өдөр бүр талбай дээр гарч ирж байна. Эрх мэдлийн бүх төвлөрөл нэг талдаа гарчихаад байна. Иргэдээ хамгаалах сөрөг хүчний нөмөр нөөлөг ямар байдалд хүрээд байгаа билээ. Тэгэхээр биднийг хамгаалдаг нийгмийн байгууллага нэг талд гарч байгаа юм чинь иргэд нь өөрсдөө хяналтаа тавья, ийм соёлд суралцъя" хэмээн манай сайтад өгсөн ярилцлагадаа онцолж байв.
Харин Цагдаагийн байгууллагаас өнөөдөр "NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан. Энэ хэргийг шалгахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү түүнийг авч явсан. Иргэн Д.Монголхүүгийн хувьд гурван удаагийн зөрчлийн хэрэг дээр шалгагдаж байгаа. Аравдугаар сарын 5-ны өдөр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авах гээд дуудсан ч ирээгүй. Өмнө нь ч ирдэггүй байсан учраас баривчилсан. Гэтэл шөнийн 02:30 цагт иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой объект болох хорих 461 дүгээр анги руу халдан Д.Монголхүүг авч явсан" гэх мэдээллийг өгсөн юм.
"NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөний зүгээс Засгийн газарт:
- Covid-19-өөр нас барсан иргэдийн ар гэрийн өмнө хариуцлага хүлээж огцрох,
- Covid-19 халдварт төрөөс зарцуулж буй төсвийг олон нийтэд нээлттэй харуулах,
- Удаа дараагийн хязгаарлалт тогтоохгүй байх зэрэг шаардлагуудыг хүргүүлсэн юм. Тэдний зүгээс үр дүнд хүртлээ жагсана гэдгээ мэдэгдээд буй.
Дашрамд дурдахад, өнөөдөр шүүхээс "Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг нэг сар хорих шийдвэр гаргасан. Шүүх түүнийг "Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.