УИХ: ҮХЦ-ийн гишүүнээр Д.Гангабаатарыг томилов | News.MN

УИХ: ҮХЦ-ийн гишүүнээр Д.Гангабаатарыг томилов

LiveУИХ: ҮХЦ-ийн гишүүнээр Д.Гангабаатарыг томилов

УИХ: ҮХЦ-ийн гишүүнээр Д.Гангабаатарыг томилов

 

 

16 : 30
2021-10-7

Гишүүдийн 79.1 хувийн саналаар Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилов

Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг УИХ хэлэлцлээ. Санал хураалтад 43 гишүүн оролцож, 34 гишүүн дэмжиж, 79.1 хувийн саналаар ҮХЦ-ийн гишүүнээр Д.Гангабаатарыг томилохоор шийдвэрлэв.

УИХ-ын тогтоолд “Улсын дээд шүүхийн санал болгосноор Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилсугай. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Д.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлсүгэй. Энэ тогтоолыг 2021 оны аравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөсүгэй” хэмээн бичжээ.  

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Дээд шүүхийн тавьсан өндөр шалгуурыг Д.Гангабаатар давж орж ирлээ. Цаашид УИХ, Ерөнхийлөгч болон бусад байгууллагаас томилох Цэцийн томилгоог сонгон шалгаруулалтын зарчимд тулгуурлан явуулна” гэж онцлов.

ҮХЦ-ийн гишүүн  Дашбалбарын Гангабаатар:

-1978 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 43 настай. -1994-1998 онд Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр,

-2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

-2003-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистр,

-2008-2011 онд Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Хууль зүйн ухааны доктор, Хууль зүйн сургуулийн профессор цолтой, англи, япон хэлтэй, орос, төвд, герман хэлний мэдлэгтэй болохыг танилцуулгад дурдав.

Тэрбээр 1999 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах, багш, эрдэмтэн-нарийн бичгийн дарга, дэд профессор, профессороор нийт 22 жил ажилласнаас 19 жилд нь багш, профессорын албан тушаалд ажиллажээ.

2007 онд Нидерланд Улсын Утрехтын их сургуульд зочин судлаач, 2008 онд Их Британийн Бэлфастын хатан хааны их сургуульд зочин судлаач, 2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, 2014 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн дэд профессороор тус тус ажиллаж байсан аж.

Нэр дэвшигч Дашбалбарын Гангабаатар нь Үндсэн хуулийн эрх зүйн сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, ном, илтгэлийн эмхэтгэл, гарын авлагыг 24-ийг дангаар болон хамтран хэвлүүлсэн байна. Англи болон монгол хэлээр эрдэм шинжилгээний өгүүллийг 20 удаа дангаар болон хамтран нийтлүүлжээ. Эрдэм шинжилгээний хурлуудад англи, монгол хэлээр илтгэл бичиж, хэлэлцүүлсэн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байгааг танилцуулгад онцолжээ.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, Б.Энхбаяр нар ҮХЦ-ийн гишүүнээр улс төрийн өндөр мэргэшилтэй хүнийг томилно гэсэн заалтыг эргэж харах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Тодруулбал, аль нэг намын даргаар, эсхүл төрийн байгууллагад цөөн жил хуулийн хэлтэст нь ажилласан албан тушаалтныг улс төрийн өндөр мэргэшилтэй гэж тодорхойлох нь өрөөсгөл хэмээж байв. Тиймээс улс төрийн өндөр мэргэшилтэй гэж улс төрийн ямар албанд ажиллаж байсан, хэдэн жил хашсан, ямар бүтээл туурвилтай хүнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай гэсэн юм. Мөн гишүүд нэр дэвшигч Д.Гангабаатар нь намд элсэж байгаагүй, намд ажиллаж байгаа мэргэжлийн судлаач хэмээн үзэж, дэмжиж буйгаа илэрхийллээ.

16 : 00
2021-10-7

Чуулган: Хөрөнгө оруулалтын хуулийг гишүүд дэмжихгүй байна

НЭМЭЛТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:

-Одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн тогтолцооны хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээг зохицуулсан шаардлага тусгагдсан байдаг. Гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой юм байна.

Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой хэмээн хууль санаачлагчид үзсэн.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй зохицуулалт нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, чанартай хөрөнгө оруулалт татахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж буй бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгэн адил авч үзэх зохицуулалтыг тусгаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэмээх хуулийн нэр томъёоны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан байна.

Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан байна. Энэ хуулийн төсөлтэй нийцүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:

Хөрөнгө оруулалтын доод хэмжээг 50 мянган ам.доллараас доошгүй байх нөхцлийг зааж өгчээ. Энэ талаар тодорхой тайлбар авмаар байна. Гадаад хөрөнгө оруулагч болох босгыг хэтэрхий хөнгөлж байгаа юм биш үү? Монгол Улс дахь үр өгөөж нь хэр арвин байх юм бэ. Монгол Улсад хөрөнгө оруулаад байнга оршин суух эрх олж авах хандлага ихсэх байх. Эсвэл Монголд хууль бусаар амьдардаг хүмүүсийг хууль ёсны болгоё гэж байгаа хэрэг үү.

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:

Монгол Улсад байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын судалгааг харвал 2013 оныг хүртэл жилд дунджаар 900-1500 компани байгуулагддаг байсан. 2013 оноос хойш 380, 330, 280, 403 болж буурсан. 2020 онд 79, 2021 оны эхний хагас жилийн байдлаар 35 компани байгуулагдсан байна.

“Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой” гэсэн шаардлага тавигдсан цагаас хойш Хятадын хөрөнгө оруулалттай компанийн тоо 70-80 хувь болтлоо давамгайлж эхэлсэн. Үүнээс өмнө бусад оронтой хувь тэнцүү байсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын хэмжээгээр нэгдүгээрт Канад, хоёрдугаарт Хятад улс орж байна. 100 мянган ам.доллартай холбоотойгоор ялгаварлахгүй байх зарчим алдагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдаа ялгаварламааргүй байна. Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагч нараас гомдол ирэх тохиолдол багагүй байдаг.

Мөн 100 мянган ам.долларыг түр дансанд байршуулдаг. Энэ нь ФАТФ-ын саарал жагсаалтад ороход нөлөөлж байгаа шүү дээ. Өнгөрсөн 2020 онд Монголд гадаадын хөрөнгө оруулалтай 70 компани байгуулагдсан нь маш бага тоо. Хөрөнгө оруулагч болгон 100 мянган ам.доллар байршуулах ёстой болдог. Энэ нь эргээд асуудал үүсгэж байна.

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан байна. Мөн гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсад 2-оос доошгүй ажлын байр бий болгосон байх ёстой гэж заажээ. Тэгэхээр жолооч, орчуулагчтайгаа орж ирээд, хоёр ажилтантай болчихно шүү дээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд энэ нь хэр тохиромжтой заалт вэ? Энэ хэлбэрээр нь явбал дэмжих боломжгүй.

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:

-100 мянган ам.доллартай холбоотой хуулийн зохицуулалт байдаг боловч өнөөдрийн байдлаар 100 мянган ам.доллар бодитойгоор Монголын эдийн засагт орж ирж байгаа эсэх нь эргэлзээтэй юм байна лээ. Компани байгуулах үед тэрхүү мөнгөө оруулж ирчхээд буцаагаад авчихдаг гэсэн. Энэ асуудлыг хянаж, шалгадаг төрийн байгууллага алга. Концепцийн өөрчлөлт хийх цаг нь болсон гэж бодсондоо ажлын байрны тоог заасан. Тэрхүү компани байнга тогтвортой үйл ажиллагаа явуулдаг эсэхийг санхүүгийн тайлангаас нь үздэг болох ёстой. Үүний дараа визний асуудлыг Засгийн газар журмаараа зохицуулна. Түүнээс биш энэ хуулиар визний асуудлыг зохицуулахгүй.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Хөрөнгө оруулалтын босгыг байхгүй болгох, оршин суух зөвшөөрлийг шийдэх нь тодорхой дэмжлэг үзүүлэх байх. Гэхдээ эдгээр асуудлыг шийдлээ гээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэвэл том эндүүрэл. Бизнес эрхлэгч нар Монголын олон хууль тогтоомжид тээг байгааг хэлдэг. Үүнийг арилгахгүй бол гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхгүй гэж ярьдаг. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их том айдас бол авлига, төрийн дээд албан тушаалтнуудын дээрэм. Солонгос, Японы хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн олон кейс бий. Энэ асуудлыг засч сайжруулах тал дээр ямар зүйл заалт тусгагдсан бэ. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын төрд итгэх итгэлийг хэрхэн олж авах вэ.

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:

Хөрөнгө оруулалтын босгоор бүх  асуудлыг өргөс авч байгаатай адил авах боломжгүй. Бид алхам алхмаар урагшилж явна. Гол зарчим нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч гэдгээр нь ялгаварлахгүйгээр дэмжиж явах юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргав. Тэрбээр “Хуулийн төслийн гол агуулгын хүрээнд Монголд хөрөнгө оруулж байгаа гадаадын иргэдийн олон удаагийн виз олгох асуудал хөндөгдөж байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Үүнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Эдийн засгийн байнгын хороо дангаараа шийдэх асуудал биш. Ганцхан зоосны нүхээр харж болохгүй. Тиймээс хаалттай горимоор хэлэлцмээр байна” гэв. Улмаар УИХ-ын гишүүдээс санал хураахад 55  гишүүдийн 37 нь татгалзаж, санал дэмжигдсэнгүй

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

Уг хуулийн төсөлд: 

12.1.5. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;

12.1.6. гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байна. Гэвч дээрх асуудлаас хэтэрсэнгүй. Мөнгөө аваад орж ирж байгаа хувь хүн, байгууллага монголд орж ирэхдээ тодорхой салбаруудад хөрөнгө оруулалт оруулна. Тэгэхээр ямар салбарт хөрөнгө оруулалт оруулах уу гэдэг асуудал тулгарна. Ямар салбараа бид нээлттэй байлгах юм. Зах зээлээ хамгаалах төрийн бодлого уг хуульд багтах ёстой. Энэ хаана байна вэ? Мах бэлтгэдэг хүмүүс нь Хятадынх. Тус улсын компаниуд монголд орж ирээд мах бэлтгэдэг. Ноос ноолуур ч мөн адилхан. Өөрсдөө мөнгөө оруулж ирээд ченжүүдэд тараагаад явчихдаг. Энэ нь хөрөнгө оруулагч мөн үү. Үүнийг зохицуулах хуулийн заалт байна уу.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.ГАНБААТАР:

Экспортод чиглэсэн хүнд хөнгөн үйлдвэрүүдийн салбаруудыг дэмжээд, Монголд хөгжиж байгаа бусад салбаруудад хязгаарлалт хийх нь зөв гэж үзэж байна. Визний ангилалтай холбоотой асуудлыг засах боломжтой. Дээрх хуулийн 12.1.6 заалтыг бүхэлд нь хасах боломжтой.

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

Энэ хуулийг би дэмжихгүй байгаа. Уг хуулиар бол гадаадын хөрөнгө оруулагчдад тавьж байсан 100 мянган ам.долларын босгыг авч хаяад, 50 мянган ам.долларын хөрөнгө оруулаад Монголд оршин суух виз авчих юм байна. Өөрөөр хэлбэл, Монголд байр худалдаж авсан гадаад нөхөр  тэр байраа үзүүлээд л болоо. Тиймээс би энэ заалтаас болгоомжилж байна. Хөрөнгө оруулагчдыг татахдаа өөрсдийнхөө хийж чадахгүй зүйл дээр л татна уу гэхээс хэт хавтгайруулж, босго хэмжээг нь авах шаардлаггүй гэж бодож байна. Хөрөнгө оруулалт бол бодлогоор зохицуулагддаг. Тодорхой шалгуурууд байх ёстой. Тэгэхгүй бол болохгүй. Гаднын хөрөнгө оруулагч гэдэг далбаан доор дэвээд байж болохгүй. 50 мянган ам.доллар гаргаж, хөрөнгө оруулалт хийж байгаа монголчуудаа эхлээд өөд нь тат.

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:

Ц.Даваасүрэн гишүүн анхаарууштай олон санал хэллээ. Цаашдаа хуулийг хэлэлцээд, сайжруулаад явах бүрэн боломжтой. Зарим салбарын хамгаалалтыг Засгийн газрын тогтоолоор хийх боломжтой. Үндэсний хөгжлийн газраас өгч байгаа мэдээллээр 100 мянган ам.доллар нь хараа хяналтгүй сул байгаа гэсэн. Covid-19-ийн үед хөрөнгө оруулалт хэрэгтэй учраас 100 мянган ам.долларыг 50 мянга болгож бууруулсан.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Би хувьдаа энэ хуулийн заалтад болгоомжлонгуй хандаж байна. Шинэ хуулиар цахим виз олгодог болсон. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэдэд виз олгоход тулгардаг бэрхшээлийг хөнгөвчилж өгсөн. Олон удаагийн визээс шалтгаалан Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа эсэхийг нягтлан шалгаж, олон талаас мэдээлэл авах нь зөв болов уу.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Монгол Улс арван жилийн хугацаанд 10 тэрбум ам.долларын эдийн засагт гацсан. Эдийн засгаа тэлэх гуравхан арга бий. Экспортоо нэмэгдүүлэх, гадаадын зээл тусламжийг авах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Гадаадын хөрөнгө оруулалтаар Монголд ам.доллар орж ирнэ. Ингэснээр Төв банк мөнгөний нийлүүлэлтийг нь хийнэ. Үүний дараа эдийн засаг тэлнэ. Монголд ам.доллар орж ирэхгүй бол нөөц дээр байгаа эх үүсвэр ширгээд, борцлогдсон тохиолдолд зах зээл рүү мөнгө нийлүүлээд ч тэр нь инфляци болно. Экспорт нэмэх гэсэн далайд гарцгүй. Ганцхан худалдан авагч болох Хятад хориг тавихаар нүүрсээ  зарж чадахгүй байна. Өнөөдөр 100 машин нүүрс ч гаргаж чадахгүй байна. Гаднын зээл тусламж авахаар Монголд тусламж авдаг улс байхаа больсон. 2013 онд НҮБ-ын бага буурай орны ангиллаас дунд хөгжилтэй орон руу шилжээд, тусламж хүлээж авахаа больсон. Одоо ганцхан зээл л авна. Гэтэл Монгол Улсын зээлийн өрийн хязгаар нь дээд цэгтээ тулсан. Тиймээс эдийн засгаа тэлэх ганц боломж нь гадаадын хөрөнгө оруулалт. Өөр ямар ч арга байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын давуу тал нь өр үүсэхгүй, хөрөнгө оруулагч эрсдэлээ үүрнэ, ашигтай бол ашгаа хүртдэг. Тиймээс бидний хувьд гаднын хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр арга байхгүй. Жижигхэн эдийн засагтай, Үндэсний аюулгүй байдал гэж том том ярьдаг улстөрчидтэй улсад гаднын хөрөнгө оруулалт  ганц гарц нь шүү. Эдийн засгийн бэхжилтээс Монгол Улсын оршин тогтнох, тусгаар байдал шууд хамаарна.

15: 30
2021-10-7

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн. Намрын чуулганы анхны хуралдаан өнөөдөр (2021.10.07) болно.

Хуралдаанаар:

  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүн 2021 оны зургаадугаар сарын 21-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
  • Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал
  • УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсоно.

Намрын ээлжит чуулганаар нийт 72 хуулийн төсөл хэлэлцэнэ. УИХ-ын намрын ээлжит чуулганы эхний сард нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.  

ДӨНГӨЖ СЭРГЭЖ БУЙ ЭДИЙН ЗАСАГТ ДУСАЛ ЗАЛГАНА

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээж үг хэлэхдээ “Цар тахлыг хорио, хязгаарлалтаар бус иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал буюу хамтын хүчээр даван туулна. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно. Энэ удаагийн чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлно. Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулж, урт хугацааны өсөлтийг хангахад бизнесийн таатай орчин бүрдүүлж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эрх зүйн шинэчлэлтийг хийнэ.

Дөнгөж сэргэж буй эдийн засагт дусал залгаж, улмаар сүүлийн 30 жилийн гажиг тогтолцоог засахын тулд бодлогын реформ хэрэгжүүлнэ. Ингэхдээ өнгөц өөрчлөлт бус, өнгөрсөн он жилүүдийн алдааг засч, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих шинэчлэл хийнэ. Үүний тулд уул уурхайн салбарт хамааралтай эдийн засгийн бүтцэд шинэчлэлт хийх замаар дотоодын үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байр бий болгон, ядуурлыг бууруулна” гэж онцолсон.

Дашрамд дурдахад, өнгөрсөн хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын 52 тогтоол, нийт 163 хууль тогтоомж баталжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-07 202.126.88.45

Одоо бөөн хятадууд орж ирэх юм байна л даа

Avatar

Зочин 2021-10-07 202.126.88.233

Доржханд маш системтэй ярьсан байна.

Avatar

Зочин 2021-10-07 45.151.167.10

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Zochin 2021-10-07 192.82.75.82

Ta nar gadaadiin hurungu oruilatiin talaar Sain medej bgaa sh dee 2 nugatnaasaa asuu

Avatar

зочин 2021-10-07 139.5.219.43

Гарах ёсгүй хүн гарчэ арай өөр хүн байхгүй байсан юм уу ! Маш сул хүн байна

Avatar

Хассуурийн Ганхуяг зайл 2021-10-07 59.153.114.163

Бизнесээ өргөжүүлэх гэсэн зорилготой УИХ-д орсон гэж ойлгогдоод байна. Зайл зайл

Avatar

Зочин 2021-10-07 64.119.20.7

2 хон жил хуулийн сургуульд сураад хуульч болчихсон агуу амьтан байна, хахаха. Нөгөө нямдоржийн хэлдэг хуулийн ТМС гээч нь үү?

Avatar

baba 2021-10-07 103.229.123.64

УДШ эрх баригчдад худалдагдаж барьцаалагдсан. Энэ гарч ирж байгаа Гангабаатар бол сүнсээ Хүрэлсүхэд худалдсан нь тодорхой.

Avatar

зочин 2021-10-07 103.26.194.40

Хүрэлсүхийн даалгавараар Гангабаатар томилогдсон

Avatar

Дашбалбар найрагч цогтой халуун цустай нэгэн байсан даа. 2021-10-07 59.153.114.163

…Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч

Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.

Өлгий, авс хоѐрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!

Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!…

Avatar

Зочин 2021-10-07 59.153.114.163

lkgtper[[d

Avatar

Зочин 2021-10-07 213.55.220.237

gangabaatar medleg chadvariin huvid ih sul hun dee, deerees ni zaluu hun baij hun muutai archaagui zantai. muihar mangar ch gesen ter Munhsaihan ni hamaagui iluu shuu eneneesee

Avatar

Зочин 2021-10-07 192.82.82.41

ЁСТОЙ БУРУУ СОНГОЛТ ХИЙЖ Х.ГАНХУЯГ н**ш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж