М.Энхсайхан: Шинжлэх ухааныг нь орхигдуулсан ямар ч төсөл сүйрдэг

Хуучирсан мэдээ: 2021.10.07-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан: Шинжлэх ухааныг нь орхигдуулсан ямар ч төсөл сүйрдэг

М.Энхсайхан: Шинжлэх ухааныг нь орхигдуулсан ямар ч төсөл сүйрдэг

М.Энхсайханы зүрх Монголын төлөө цохилдог, эргэлзэх хэрэггүй гэж найз нөхөд нь ярьдаг. Хэлмэгдүүлэлтийн шуургад өртөж, жил гаруй хугацаанд “суугаад гарсан” түүний хувьд яг “хатаагдсан болд” шиг болсон санагдав, өршөөх, уучлахын тухайд. Болоод өнгөрсөн явдлын талаар ярихгүй байхаар бид тохиролцсон. Шоронд орсон талаараа ном бичих үү гэх сониучхан асуултыг маань эрс үгүйсгэсэн түүний хариулт “Тэр хэнд хэрэгтэй юм бэ”.  Түүний хэлснээр ярилцах сэдэв, асуудал олон.


-Жил гаруйн дараа тантай ярилцаж суух таатай байна. Ингэхэд гэр зуураа л байна уу?

-Гэр зуур гэх үү дээ. Ямар ч байсан нарснаас наранд гарч ирсэн чинь дэлхий ертөнц орвонгоороо эргэлдчихэж. Хямралтай монголчууд нүүр тулж байна. Хэдий хүртэл үргэлжлэхийг таашгүй. 5-10 жилийн асуудал гэж уншлаа. Яах вэ, би яаж Монголдоо тус нэмэр болох вэ гээд элдэв судалгааны материал уншиж, өөрийгөө л зовоож явна.

-Таны хүссэнээр зөвхөн төслийн эдийн засаг тойрон ярилцъя. Яагаад гэвэл Монголын хөгжлийн гарц нь мөрөөдлийн биш төслийн эдийн засаг болчхоод байна л даа?

-Тэгье, тэгье.

-“Төслийн эдийн засаг” сэдэвт олон улсын хуралд тавьсан лекцийг тань сонссон. Та “Бялуугаа томруулъя” гэсэн байна лээ. Тэгээд бидэнд бялуугаа томруулах боломж байна уу. Цаг сайхан үед томруулж чадаагүй бялууг цар тахлын үед томруулна гэхээр итгэл төрөхгүй л байна, үнэндээ?

-Санамсаргүй байтал ийм нэртэй хуралд онцлох илтгэгчээр оролцох урилга ирсэн. Үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж үзье гээд хэд гурван санаа эвлүүлэх аядаж “Төсөл хэрэгжүүлж, бялуугаа томруулъя” гэсэн илтгэл тавьсан юм. Хүмүүс гайгүй л хүлээж авах шиг болсон. Гол санаа нь төслийн эдийн засгийг ойлгуулах юмсан гэж бодсон. Ямар ч том бодлого байлаа гээд хар аяндаа үйл хэрэг болно гэж байдаггүй. Бодлого төсөл боловсруулж байж хэрэгжинэ. Манай ДНБ-д төслийн эдийн засгийн хувь хэмжээ өсвөл эдийн засаг гэх бие организм улам л эрүүл болдог. Хүнээр төсөөлбөл хүч тамир муутайхан хүнээс эрүүл чийрэг хүн болох тухай юм. Төсөл боловсруулж хэрэгжүүлэхийг хүүхдэд хар багаас нь зааж сургах нь тухайн нийгэмд их үр дүнтэй гэдэг юм билээ. Нэгэн судлаач “Хэрвээ энэ дэлхийд хэзээ нэгэн цагт ядуурал уствал тэр нь төсөл хэрэгжүүлсний үр дүн байх болно” гэж хэлсэн байдаг. Сэтгэлд хүрэм сайхан хэлсэн байна лээ. Энэ тухай л цухас ярьсан.

-Монголд маш олон төсөл цаасан дээрээ, мөрөөдөл төдий үлддэг. Хайран мөнгө, цаг хугацаа, яриа хөөрөө болоод хоцордгийг та юу эс андах билээ?

-Миний бодоход юуг мөрөөдөл, юуг бодлого, юуг хөтөлбөр, юуг төсөл гэдгээ манайхан ялгаж салгаж ойлгохгүй явж ирсэн. Тиймдээ ч мөнгө, цаг хугацаа, хамаг хүчээ үр дүн муутай тарамдаж хаях явдал гардаг. Төсөлд тавигдах шаардлага олон байдаг. Санхүүгээ яаж босгох вэ, боловсон хүчний нөөц байгаа бил үү, технологи нь орчин үедээ таарч байгаа юу, тоног төхөөрөмжөө хаанаас авах вэ, банкууд төсөл санхүүжүүлэх нөхцөлүүд хангагдсан уу гээд үй түмэн асуудал бий. Тэр бүгдийг тооцоогүй бол төсөл хоосон мөрөөдөл болно. Гашуун ч гэсэн манайхан туршлага хуримтлуулж байгаа гэж бодож байна.

-Тэгвэл яг үүнийг л ажил хэрэг болгочихоосой, бүтчихээсэй гэх ямар төсөл байна?

-Том төслүүдийн тухайд хөрөнгө оруулагч, банкуудыг татах хэмжээний стандарт хангачихсан гэх төсөл харагдахгүй байгаа. Хөрөнгөө яаж босгохоо мэдэхгүй мөрөөдлүүд байгаа, байгаа. Жишээ нь, Богд уул тойруулаад төмөр зам барина гэнэ. УБТЗ-ын магистраль шугамд эхлэл, төгсгөл нь залгагдсан төмөр зам бизнес утгатай байж чадахгүй. Оросын тал ч энэ талаар дургүйцлээ илэрхийлсэн харагдсан. Тэгээд ч 10-20 км туннель ухна гэж байгаа бол бүр ч бүтэхгүй. Ер нь бол дэд бүтэц тээвэрлэлтийг нэмэх тийм шинэ, шинэ төслүүдийг бодож олж боловсруулах хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр юу ч хийсэн түүнийгээ урагш, хойш хоёр том зах зээлд гаргах бололцоогүй хавчигдаж, эдийн засаг тэлж болох хязгаартаа тулчихаад байна.

УБТЗ-ЫГ ХОС ЗАМТАЙ БОЛГОЧИХВОЛ МОНГОЛ ЖИНХЭНЭ ТРАНЗИТ БОЛНО

-Дэд бүтэц тээвэрлэлтийг шийдэх шинэ төсөл гэснээс Ерөнхийлөгч “Транзит Монгол” болно гэлээ. Энэ төсөл бүтэх магадлал хэр өндөр бол?

-Миний мэдэхийн Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх “Транзит Монгол” бодлогыг ойрмогхон хоёр том арга хэмжээнд зарласан. Нэг нь Владивостокт болдог Дорнын эдийн засгийн форум дээр, удаах нь НҮБ-ын индрээс Монгол “Транзит Монгол” болохыг зорьж байна гэсэн. Одоохондоо бодлого томъёологдлоо. Монголын хувьд эдийн засаг хэмээх бялуугаа томруулах хамгийн том бодлого гэж бодож байна. Хоёр том гүрний дунд, хоёр том зах зээлийн дунд орших Монголын хувьд том бололцоо байгаа. Транзит тээвэрт ямар бараа байх бол хэмээн бодвол байгалийн хий, газрын тос, уул уурхайн түүхий эдээс авхуулаад бүх төрлийн бүтээгдэхүүн байж болох юм. Томоос нь нэрлэвэл Орос дахь эрчим хүчний илүүдлийг тогтмол гүйдлийн шугамаар Хятадад хүргэж болмоор. Урд, хойд хөрш аль аль нь сонирхох боловуу. Улаанбаатар төмөр замыг хос болгочихвол жинхэнэ утгаар Монгол транзит орон болно. Автозамаа сайжруулж, хурд нэмбэл бас ч үгүй сайхан бололцоо байгаа. Оросоос Алтайн чиглэлээр хийн хоолойг Хятадын Шинжан чиглэлд тавихын тулд манай баруун нутгаар дайруулах нь илүү ашигтай гэсэн орос эрдэмтдийн судалгааг харж байлаа. Юутай ч бодлого байна. Санал санаачилга байна. Одоо том асуудал яаж бодлогыг төсөлд хөрвүүлэх вэ гэдэг явдал юм. Юуны өмнө хоёр талтайгаа сайтар бодлогоо зохицуулах, манай хууль тогтоомжуудыг “Транзит Монгол” бодлогод нийцүүлэх, дутууг хууль болгох ажлууд эхлээд хийгдэх ёстой байх. Үүнтэй зэрэгцээд олон төсөл боловсруулж, ашигтай төслүүдэд хөрөнгө мөнгө босгох хэрэгтэй болно. Энд ёстой төр, хувийн хэвшлийн өндөр хамтын ажиллагаа хэрэгтэй болно.

-УБТЗ-ыг хос замтай болгохыг Орос зөвшөөрөх болов уу даа. Орос зөвшөөрөхгүй бол монголчууд "Их санасан газар есөн шөнө хоосон хононо" гэгч болох биз?

-Яагаад оросууд зөвшөөрөхгүй гэж. Хятад хэмээх том зах зээлд дөт замаар хүрэх сонирхол тэдэнд байгаа. Хятадын үйлдвэрүүдэд түүхий эд хэрэгтэй. Ярьж ойлголцох асуудал шүү дээ. Ярвигтай нь эхлээд Монгол Орос, Монгол Хятад, Орос Хятад гэсэн хоёр талын яриа хөөрөө болж таараа. Удаад нь гурван талын уулзалт тохироо хийгдэх байх. Бодлогоо тохирчихвол төслүүд боловсруулах Орос, Хятадын компаниуд зөндөө байгаа. Харин надад монголчууд төсөл боловсруулах хоосон яриатай үлдэх вий гэсэн болгоомжлол байна шүү.

-Монголд хэрэгжиж чадаагүй төслүүд хэрэгжсэнээсээ их. Төсөл нурах гол шалтгааныг тодорхойлооч. Дотоодын энэ их улстөржилт нөлөөлж байна уу. Эсвэл хөрөнгө мөнгө, эдийн засгийн боломж бололцоотой холбоотой юу?

-Төсөл шинжлэх ухаан, бизнес, тухайн төслийн онцлогоос үүдэлтэй гурван хэсгээс бүрддэг. Миний ажиглалтаар бидний монголчууд шинжлэх ухаан талыг алгасч давхиад юу юугүй л бизнес яриад эхэлдэг. Том төсөл сэтгэл их хөдөлгөдөг учир түүндээ хөтлөгдөөд, жижигхэн мэт асуудлыг дараа шийдье гэсэн хандлагаар ажилладаг нь төслийг явуургүй болгочихдог гэмтэй. Шинжлэх ухааныг орхигдуулсан ямар ч төсөл сүйрнэ. Бодлогоо нэгдмэл болгож цэгцлээгүйгээс төсөл тойрч нам, иргэний нийгэм, орон нутагт улс төржих явдал гарна. Тэр нь төслийг шил мэт хагалж орхидог. Үүнийг улс төржилт гэхээсээ төрийн удирдлагын системийн доголдол гэж үзмээр санагдаад байгаа.

-Ерөнхийлөгч тэрбум мод тарихаа дэлхий нийтийн өмнө амалчихлаа. Энэ төсөл мөн үү. Эдийн засгийн үр дагавар нь юу байх бол. Олон нийт янз бүрээр хүлээж авч байгаа болохоор стратегич хүний хувьд танаас асууж байгаа юм шүү?

-Одоохондоо том амбицитай том бодлого зарлагдлаа гэж харж байна. Хойч үедээ эрүүл байгаль үлдээнэ гэсэн хүсэл эрмэлзлээ Ерөнхийлөгч хүчтэй илэрхийллээ. Хэрвээ урдын адил цөлжилттэй тэмцэнэ, мод тарина гэсэн бол нөгөө монголчууд чинь жижүүрийн үгээ л хэллээ гэх байсан биз. Бид ч тэгж хандах байсан байх. Гоё зорилгыг гоё том хэлж чадсан нь сайхан. Харин одоо ахиад бодлогыг хэрхэн төсөл болгож хөрвүүлэх үү гэх асуудал байна. Ер нь хөгжил өөд өөдөө шат шатаар дэвжих хэлбэртэй байдаг. Бодлого зарлаад таг болдог байснаасаа бодлогыг төсөлд хөрвүүлдэг шинэ шат Монголд ирж байгаа болов уу гэж бодож байна. Монголд төсөл боловсруулах мэргэшил эзэмшсэн гэрчилгээтэй 60-аад хүн байдаг гэсэн. Тэднийгээ дайчлахаас их ажил хамаарна.

-Цар тахал хүн төрөлхтний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн байна гэж та түрүүнд хэлсэн. Үнэхээр жижиг орнуудад хүндхэн цохилт болж байна. Монголын Засгийн газар энэ хүнд цохилтоос улс орноо, иргэдээ, эдийн засгаа хэр хамгаалж чадаж байна?

-Шинэ гамшиг байсан учир улс орон болгон ямар хариу үйлдэл хийхээ мэдэхгүй самгардсан. Бидний монголчууд ч адил. Муу мэдээ нь хэдэн хүний амь эрсэдсэнээр ковидыг үнэлдэг болчихлоо. Сайн мэдээ нь манай бүс нутгийн орнууд Латин Америк, Африктай харьцуулбал харьцангуй гайгүй гэж хэлж болно. Манай Засгийн газар эхэндээ хатуу хөл хорио тогтоож үзсэн. Ингэхийн тулд бэлэн мөнгө тараасан. Энэ нь хүмүүст эхний цохилт амсахад нь арай зөөлөвч болсон гэж Дэлхийн банкны судалгаанд дурдсан байна лээ. Удаах цохилтуудад өмнөх шигээ хариу үйлдэл хийх нь зөв биш гэсэн бололтой. Тэр нь ч зөв байсан байх. Дээрх судалгаанд хөл хорио хөгжиж байгаа орнуудад үр дүн муутай гэсэн байна лээ. Эрүүл мэндээ аврах уу, эдийн засгаа аврах уу гэдэг асуудлын өмнө бид байна. Хоёуланг нь авармаар байна л даа. Ингэхийн тулд эрүүл мэндээ хамгаалах тал дээр засаг төрд найдах биш иргэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй болж. Маскаа зүү, зайгаа барь. Сонирхолтой нь энэ хялбархан дүрмийг Японд иргэд нь хэнээр ч шахуулж шаардуулахгүй мөрддөг, Америкийн зарим мужид цэрэг цагдаагаар албадаж байна. Монголчуудын хэнэггүй зан заримдаа тус, заримдаа ус болох юм.

ХЯТАДАД ХҮНСНИЙ ХОМСДОЛ НҮҮРЛЭЖ МЭДЭХЭЭР БОЛСОН, МАНАЙД Ч ЯЛГААГҮЙ

-УИХ-ын намрын чуулганаар ковидын үеийн дараах эдийн засгийн сэргэлтийн бодлого хэлэлцэнэ гэлээ. Тэгэхээр хууль тогтоогчид маань ковид хэзээ мөдгүй дуусна гэж тооцож байх шиг. Гэтэл цар тахал хүн төрөлхтөнтэй зэрэгцэж оршино гээд байгаа шүү дээ?

-Судалгаагаар ковид мөнхөд хүн төрөлхтөнтэй байх юм гэнэ. Одоо хэрхэн яаж мутацилагдах нь таамаг төдий бөгөөд шинэ вирус гарч магадгүй гэнэ, улс орон болгонд вакцинжуулалт харилцан адилгүй байгаа, тиймээс хэн нь яаж эдийн засгаа сэргээх нь ихэд ойлгомж муутай тул ковидын дараах сэргэлтийн тухай ярих эртдэнэ гэж байсан. Би ийм мэргэжлийн дүгнэлттэй санал нэг байгаа.

-Засгийн газар цахилгаан, дулааны үнийг дааж, 10 их наядын зээл гаргаж, эдийн засгаа дэмжиж байна л даа. Микро төвшиндөө “гал унтраах” хэрэгсэл болсон байх. Гээд макро эдийн засагт илүү сөрөг үр дагавартай байж мэдэх юм?

-Ковидыг түр зуурын үзэгдэл, сайн цаг ирнээ гэж үзвэл таны асуултад дурдсан арга хэмжээнүүд зөв байлаа гэж хэлмээр. Яагаад гэхээр бид махаа муутгахгүй байхын тулд хөргөгчинд хийдэг. Яг л тийм хариу үйлдэл байсан. Ковидоос хойш хоёр жилийн дараа энэ вирус мөддөө устахгүй юм байна гэж үздэг болсон үед дурдсан арга хэмжээнүүдийг зөв байж гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл хэрэг дээрээ хөргөгчинд хийсэн мах удахаараа бас мууддаг. Шинэ оноос зах зээлийнх нь жам ёсоор үнэ нь тогтдог, хэрэглэгчид нь төлбөрөө өөрсдөө төлдөг болох нь ковидын дараах эрүүл эдийн засагт хэрэгтэй.

-Монголд хомсдол хэдийнэ нүүрлэлээ. Үүнээс болоод эдийн засагт маш том цохилт ирэх нь тодорхой болчихлоо. Мэдээж, энэ нь дан ганц манайд болж буй үзэгдэл биш байх. Бидэнд дараагийн хомсдол нь юу байх бол, бэлтгэлээ хэрхэн базаах ёстой вэ?

-Хүн гэдэг амьтан түмэн юм хэрэглээд сурчихаж. Түүнтэй харьцуулбал юм юм л дутагдах байх. Ихэвчлэн том орнуудаас хамаарна. Хятадад эрчим хүчний хямрал тохиоход бордооны үйлдвэрүүдэд хүчин чадал дутаж, бордооны үйлдвэрлэл багассан тухай, үүнээс улбаалаад хүнсний хомсдол бий болж магадгүй гээд бичээд байна лээ. Бараа таваарын хомсдолоос гадна ажиллах хүчний хомсдол нүүрлэхээр байгаа. Манайд ч мөн ялгаагүй. Ажил хийдэг хүн алга боллоо гэж байна. Яагаад гэдгийг зөвхөн цалин мөнгөөр тайлбарлахын аргагүй юм. Ковидоос улбаатай хийсэн ажлынхаа хөлсийг аваагүй, хэсэгчлэн авсан ажилчид ямар ч ажил хийх сонирхолгүй болж байгаа тухай, мөн Дэлхийн банкны судалгаанд дурдсан байсан шүү. Ковид хүний эрүүл мэнд, амь зуух орлогоос гадна хүний сэтгэхүйд хүртэл өөрчлөлт оруулж байгаа бололтой юм.

-Аливаа эрсдэлийг хохирол багатай давахад бодлого чухал уу, төсөл чухал уу?

-Би дээр хэлсэн. Цэгцтэй, системтэй бодлого байх ёстой. Бодлого дангаараа үйл хэрэг болчихгүй тул түүнийг төсөлд хөрвүүлдэг арга зүйд суралцах тийм цаг үе Монголд ирсэн байх гэж бодож байна. Ковид бидэнд сургамж өглөө. Эм, эмнэлгийн наад захын хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж, гадаад зах зээлийн өрсөлдөөнөөс хамгаалах хэрэгтэй юм байна. Найман нэрийн барааны дэлгүүр гэдэг шиг Монголд зайлшгүй үйлдвэрлэж байх барааны жагсаалт гаргаж авмаар санагдсан. Эдийн засгийн уян хатан хувьсах чадварыг дээшлүүлэхийн тулд тээвэр, ложистикийг тусгайлан анхаармаар юм байна. Нэг үгээр хэлбэл хямралын жижиг цохилтуудыг даадаг, улам хэрсүүждэг борогшуу эдийн засаг бүхий нийгэм рүү зоримоор санагдаж байна.

-Борогшуу эдийн засгийн тухай та ярьж байна. Энэ ямар учиртай тодорхойлолт вэ?

-Ургаа мод бургастай харьцуулбал гоё харагдана. Асар хүчтэй салхи дэгдвэл мод хугарна, дахин сэргэхгүй, бургас бол тэсч үлдэнэ, буцаж сэргэнэ гээд бодохоор манай нийгэм ургаа мод шиг байх уу, бургас мэт байх уу гээд бодох хэрэгтэй болно. Цэвэр орчинд байсан организм жижигхэн вирус бактерид амархан үхдэг. Харин элдэв бактери дунд өссөн организм илүү тэсвэртэй байдаг. Үүнээс санаа аваад, ер нь жижигхэн хэмжээний цохилтыг манай нийгэм, эдийн засаг үе үе амсч байх нь харин ч алсдаа тустай. Ер нь борогшуу эдийн засаг, борогшуу нийгэм гэсэн нэр томъёог эргэлтэд оруулбал яасан юм бэ гэж бодсон юм. Энэ талаар мэргэжлийн тинктанкуудад гоё гоё хэлэлцүүлгүүд явагдаж байгаа. Би дуртайяа сонсдог юм.

-УИХ-аар ирэх жилийн төсвийн болон мөнгөний бодлогыг хэлэлцэх цаг ойртож байна. Хууль тогтоогчид яг энэ чиглэлд анхаараасай, бодлогодоо тусгаасай гэж ямар асуудлыг та зөвлөх бол?

-Хямрал удаан урт хугацааны үр дагавартай гэдгийг янз бүрийн судалгаа харуулсаар байна. Хямралын үед мөнгө хэвлэнэ гэж ярих хүн олноор гарч ирэх байх. Үүнтэй холбогдуулаад, бидний түүхэнд холбогдох нэгэн сонирхолтой фактыг нэгэн лекцээс сонссон юм. Хубилай хаан цаасан мөнгөн дэвсгэртийг анх санаачилсан гэх бөгөөд сүүлдээ цаасан мөнгө хэвлэсээр байгаад Юань гүрнийг мөхөөсөн гэж байна лээ шүү. Үүнийг мөнгө хэвлэнэ гэж бодож байгаа хүмүүст зориулж хэлж байгаа юм. Үүнийхээ оронд үр ашиггүй, алдагдал гаргадаг зомби компаниудаа өөрчлөн байгуулах хэрэгтэй юм. Тухайлбал, төрийн өмчийн компаниудын 70 хувь нь алдагдагдалтай ажилласан гэх бөгөөд тэднийг хямд зээлээр санхүүжүүлэх нь зомби компани, зомби банк бий болгодог, энэ нь инфляци, гипер инфляцийг өдөөдөг гэж анхааруулж байгаа. Үүнийг манай мэргэжлийнхэн, шийдвэр гаргагчид анхааралдаа авна биз ээ.

-Тантай уулзахдаа асууя гэж бодож явдаг байсан юм. Та Ерөнхий сайд байхдаа үнэ чөлөөлсөн. Чөлөөт эдийн засгийн “загалмайлсан эцэг” гэхэд буруудахгүй байх. Гэхдээ тэр үед цахилгаан, дулаан, шатахууны үнийг яагаад чөлөөлөөгүй юм бэ?

-Тэртээ 90-ээд онд Улаанбаатар хотод жидээ 300 гаруй удаа гэрэл цахилгаан тасалдаг байлаа. Техникийн шинэчлэл хийх хөрөнгөгүй хэцүү байсан. Өвөлжилт хаяанд тулсан, хот хөлдөхөөс болгоомжилж цахилгаан дулааны үнийг Ерөнхий сайд болонгуутаа чөлөөлсөн байдаг. Тэглээ гээд асуудал бүрэн шийдэгдээгүй. Япон улс тусламжийн гараа сунгаж, засвар хийж өгснөөр гэрэл цахилгаан тасрах гэдгийг монголчууд мартацгаасан юм шүү. Төдий л удалгүй дараа дараачийн Засгийн газрууд цахилгааны үнийг хянах сонирхолтой болсон. Үнэ бүрэн чөлөөлөгдөж чадаагүйгээс энэ салбарт хувийн хэвшлийнхэн орж ирсэнгүй, тэр үед манай хувийн хэвшлийнхэнд чадал чансаа байгаагүй ч байх. Эрчим хүч зөвхөн төрийн мэдэлд байх гэдэг хуучирсан ойлголтоосоо салж чадахгүй байгаа нь эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй, зах зээл энэ салбарт хөгжөөгүйтэй холбоотой. Цаашид гарах хүндрэлүүдээс зайлсхийе гэвэл гал унтраах маягаар биш, зах зээлд нь найдах нь алсын хараатай бодлого байх болно гэж бодож байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
116
ТэнэглэлТэнэглэл
63
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж