Засгийн газрын хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлан ажиллахаар болсон. Тэрбээр хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэхдээ "Би 1990 оноос хойш улс төрд явж байна. Монголд ийм олон хүндрэл, бэрхшээл хавсарч байсныг өмнө нь харж байсангүй" гэдгийг хэлсэн юм.
Мөн "Сайжруулсан түлштэй холбоотой хэд хэдэн асуудал байна. "Тавантолгой түлш" компанийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр, түлш борлуулалтын цэгийг яаралтай нэмэх, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Хариуцлагатай ажилласан бол арай ч ийм байдалд хүрэхгүй байсан. Компанийн удирдлагаас эхлээд хариуцлага яригдана. М.Ганбаатар гээд захиралтай. Энэ хүн бол үйлдвэрийг анх байгуулснаас нь эхлээд өнөөдрийг хүртэл удирдсан. Энэ ажлыг М.Ганбаатараас илүү мэддэг хүн байхгүй. Шинэ хүн томиллоо гэхэд тэр хүний дайтай ажиллах шаардлага гарна гэх мэт зовлон байна.
Бид болж өгвөл богино хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах арга хэмжээг авна. Иргэдийн буруу гэж юу байх вэ дээ. Тухайн ажил хариуцаж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Нөхөн сонгуультай холбоотойгоор энэ асуудлыг улстөржүүлж байгаа нь үнэн. Өнөөдрийн хуралдаанаар тодорхой албан тушаалтанд арга хэмжээ ав гэж ярьсангүй" гэв. Түүний ярьснаас харвал хэн нэгэнтэй хариуцлага тооцох ч юм шиг тооцохгүй ч юм шиг. Ямар ч байсан Ц.Нямдорж түлш тараагч болж хувирлаа.
Холбоотой мэдээ