Монгол улсын гавьяат жүжигчин Ламжавын Цэндсүрэн /1926-2021/
Бидний хайрт ээж, эмээ МУГЖ Ламжавын Цэндсүрэн 2021 оны 10дугаар сарын 6-ны өдөр таалал төгсөж, бурхны оронд заларч, үр хүүхэд бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
“Хүргэн хүү” киноны Жамц баяныэхнэр Аюуш, “Тунгалаг Тамир” киноны Итгэлт баяны эхнэр Должингийн дүрүүдээрээ мөнхөрсөн тэрээр урлагийн салбарт тасралтгүй 45 жил ажиллахдаа монголын ард түмэндээ хайрлагдсан жүжигчин байсан билээ.
Ээж минь 1926 оны 1 сарын 13-ны өдөр Засагт хан аймаг, одоогийн Говь Алтай аймгийн Цээл сумын нутаг “Ар завсар” гэдэг газарт мэндэлсэн. Улсын Бага Хуралын тэргүүлэгч гишүүн, Шүүх яамны сайд Д. Ламжавын бага охин нь болж өсөн торнисон.
1936 онд Улаанбаатар хотын бага сургуульд, 1939-1941 онд Урлагийн хүрээлэнгийн дэргэд “Уран сайхны” сургууль, одоогийн “Монгол Улсын Консерватори”-д суралцан жүжигчний мэргэжил эзэмшсэн. 1941-1945 онд Улсын хөгжмийн драмын “Бөмбөгөр” театр, 1953 оноос МХЗЭ-ийн нэрэмжит Хүүхэд Залуучуудын Театрт жүжигчнээр 45 гаруй жил тасралтгүй ажиллаж, 1986 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.
Ажиллаж байх хугацаандаа Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, БНМАУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Төрийн бус байгууллагын Ард түмний гавьяат, Гэгээн Муза наадмын “Хүндэт Муза” алтан цом, МАН-ын 90 жилийн ойн медаль болон бусад медалиудаар удаа дараа шагнагдаж байсан. Тэрээр жүжигчнээр ажиллах хугацаандаа театр, радио, телевизийн дэлгэцнээ 300-аад гол ба туслах дүрүүдэд тоглосон ба, гадаадын 30 гаруй дүрд дуу оруулжээ. Түүний бүтээсэн дүрүүдээс дурдвал: “Хүргэн хүү”, Жамц баяныэхнэр Аюуш, “Тунгалаг Тамир” Итгэлт баяны эхнэр Должин, “Газрын жигүүр” хөрш авгай, “Бид мартахгүй” барга эмгэн, “Хэцүү даалгавар” Долгор, “Дээвэр дээр суудаг Карлсон” жүжгийн Карлсон зэрэг олон бүтээлүүдэд дүр бүтээсэн билээ.
Ээж, эмээ та минь тэнгэрийн орондоо тайван нойрсдоо. Үр хүүхэд бид таныгаа үүрд хүндлэн санан дурсах болно. Ум ма ни бад мэ хум.
Гэр бүл, үр хүүхэд, ач, гуч, дөч, төрөл төрөгсөд