Засгийн газрын өнөөдрийн /2021.10.06/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ:
-Хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгуулж, миний бие ахлан ажиллахаар болсон. Энэхүү ажил нь салбар дундын зохицуулалт шаардах учраас ажлын бүрэлдэхүүнд холбогдох сайд, хотын удирдлагууд багтсан. Энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Шатахуун, түлшний хомсдолын асуудал ч тэр улс төрийн хурцадмал үед таарлаа. ОХУ-ын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шатахуун нийлүүлэхгүй гэдгийг мэдэгдсэн. Шатахууны хомсдолтой холбоотойгоор алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцно. Өнөөдрийн байдлаар тийм асуудал яригдаагүй. Цаашид ажлын явцыг сайжруулна. Covid-19 халдварыг урд өмнө нь туулж байгаагүй учраас ажил хийж байгаа хүмүүс самгардаж, сандрах асуудал гарах л юм.
Covid-19 халдварын нөхцөл байдал хүнд байна. Засгийн газар болон бусад байгууллагууд холбогдох арга хэмжээг авч байна. Covid-19 халдварын дараах эдийн засгийн байдал хэцүүхэн байна. Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. Би 1990 оноос хойш улс төрд явж байна. Монголд ийм олон хүндрэл, бэрхшээл хавсарч байсныг өмнө нь харж байсангүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
-Шатахууны хомсдол үүсээгүй. Зохиомол хомсдол бий болгохыг оролдсон. Шатахуун импортлогч зарим компани газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалт хийж, АИ-92 автобензиний хомстол үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн мэт ташаа мэдээлэл өчигдөр /2021.10.05/ цахим хуудаснаа цацагдсан. Үүний улмаас шатахуун түгээх станцуудад зохиомол хомсдол үүсч, иргэдийг бухимдуулж байна.
Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ:
-Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 71.4 тонн байна. Энэ хэмжээ нь оргил ачааллын үед хагас сар, бага ачааллын үед нэг сарын хэрэглээ гэсэн үг. Өнгөрсөн оны мөн үед 58 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэж өвлийг давж байсан. Үүнтэй харьцуулахад 25 мянган орчим тонноор илүүг бэлтгэсэн. Засгийн газрын тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлтийг 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн талаарх мэдээлэл иргэдийн дунд муу байна. Шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд явдаг. Тиймээс шахмал түлшний хомсдолд орсон гэж огт ярьж болохгүй. Үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор иргэд шахмал түлшийг их хэмжээгээр нөөцөлж байна. Тиймээс бид шуурхай арга хэмжээ авч сайжруулсан шахмал түлш борлуулах борлуулалтын цэгийн тоог 280 байсныг өнөөдрийн байдлаар 420 болгож нэмсэн. 300 хэрэглэгчдэд нэг борлуулалтын цэг байхаар тооцож өнгөрсөн 2020 онд 600 цэгээр түлшээ борлуулсан. Ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд борлуулалтын цэгийн тоог 600 болгоно. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр 180 мянган хэрэглэгч картаар худалдан авалт хийсэн. Картаа бүртгүүлээгүй бол түлш олгодоггүй. Энэ нь зарим иргэдийг бухимдуулжээ. Картаа заавал бүртгүүлсний дараа шахмал түлшийг зарж байгаа. “Нэг айлд-Нэг карт” зарчмаар буюу илүү хэрэглээг бий болгохгүй байх ач холбогдолтой. Зургаан дүүргийн 57 агуулахад нөөц байна. Хоёр үйлдвэр хэвийн ажиллаж байна. Шахмал түлшний борлуулалтыг "Таван толгой түлш" компани хариуцдаг. Тэд алдаа гаргасны улмаас дараалал үүссэн. Үүний хариуцлагыг яам болон тус компани үүрнэ. Ер нь Covid-19 халдварын улмаас тооцоолоогүй зүйлс өдөр бүр гарч байна.
"Таван толгой түлш" компанийн ажилчид ажил хаяагүй. Харин урамшуулалтай холбоотой шаардлага тавьсан. Энэ үйлдвэрийн ажилчдын цалин гурван бүтэцтэй. Үндсэн цалин нь 1 сая төгрөг байдаг. Урамшууллыг үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээгээр олгодог. Манай яам ажлын хэсэг гарган, энэ салбарын үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажилласан. Энэ үеэр хуримтлагдсан өр байгаа нь ч ил болсон.
Оргил цагуудад Монгол Улсын цахилгааны хэрэглээ өссөөр байна. Өнгөрсөн оны мөн үеэс манай хүчин чадал 70 мегаваттаар өссөн. ОХУ-аас импортоор авдаг чадлын хэмжээг 100 мегаваттаар өсгөхөөр ажиллаж байна. ОХУ зөвшөөрсөн. Энэ ажил арванхоёрдугаар сард дуусна.
Холбоотой мэдээ