Вирусийн гаралтай шинэ халдварт өвчин Японд бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Вирусийн гаралтай шинэ халдварт өвчин Японд бүртгэгдлээ

Вирусийн гаралтай шинэ халдварт өвчин Японд бүртгэгдлээ

Өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй вирус хүмүүсийг өвчлүүлж, халдвар тарааж байж болзошгүй хэмээн Японы эрдэмтэд үзэж байна. Тэдний мэдээлж байгаагаар шинэ вирусийг Езо вирус гэж нэрлэх агаад Конго, Крымын цусархаг чичрэг, Найробигийн хонины өвчинтэй төстэй өвчлөл үүсгэх аюултай гэнэ.

Уг вирусийн халдварын анхны тохиолдол 2019 онд Японд бүртгэгджээ. Тус өвчтөн нь Хоккайдо арлын ойд аялж яваад хачигт хазуулснаасаа хойш хөл нь өвдөж, халуурсан учир эмнэлэгт хандсан 41 настай эрэгтэй байв.

Тэрбээр хоёр долоо хоног эмчлүүлсний эцэст эдгэн эмнэлгээс гарсан  ба түүнийг хачгаар халдварладаг өдгөө шинжлэх ухаанд бүртгэлтэй бүх вирусийн шинжилгээнд оруулахад үргэлж сөрөг хариу гарсан гэдэг. Тиймд Хоккайдогийн их сургуулийн Олон улсын зоонозын хяналтын хүрээлэнгийн вирус судлаач доктор Кейта Мацуно нар өвчтөний цуснаас дээж авч шинжлэн шинэ вирус илрүүлсэн байна.

Судалгааны багийн эрдэмтэд тайлангаа өнгөрсөн сарын сүүлээр шинжлэх ухааны “Nature Communications” сэтгүүлд хэвлүүлжээ. Шинэ вирус нь 15 орчим зүйл бүхий Найровирус нэртэй бүлэгт хамаарах юм байна. Тус бүлэг вирусийн нийт дөрвөн зүйл хүнд халдварлан өвчин үүсгэдэг.

Жишээлбэл, Найровирусийн нэгэн зүйл Крым, Конгогийн цусархаг чичрэг гэх өвчин үүсгэдэг юм. Цусархаг чичрэг өвчин булчин өвдөх, гүйлгэх, цус алдах зэрэг шинж тэмдэгтэй бөгөөд хүндэрвэл элэгний дутагдал, үхэлд ч хүргэдэг аюултай өвчин. Харин шинэ зүйл вирусийн хувьд Румын, Узбекистанд байдаг Сулина, Тамди зэрэг вирустай хамгийн ойр төрлийнх бололтой. 2020 онд хэвлэгдсэн судалгааны тайлангаас харвал, Тамди вирус сүүлийн жилүүдэд Хятадад дэлгэрч, цочмог халуурдаг халдварт өвчин үүсгэж байжээ.

Харин шинээр илрүүлсэн Езо вирус 39 хэм хүртэл халууруулж, цусны ялтас эсийг багасгадаг хөнөөлт чанартай гэнэ. Түүнчлэн судлаач нар 2014 оноос эхлэн дээрхтэй ижил төстэй шинж тэмдэг үзүүлсэн хэд хэдэн өвчтөний цусны дээжийг шинжилж үзжээ. Эцэст нь 2014 оноос хойш дээрх өвчнөөр дор хаяж долоон хүн өвчилсөн ч нэг ч хүн нас бараагүйг тогтоожээ.

Мөн вирусийн эх үүсвэрийг олох зорилгоор судалгаа хийхэд Японы хойд нутгуудаар тархсан гурван зүйл хачигт Езо вирусийн РНХ бийг тогтоосон байна. Түүгээр зогсохгүй тус нутгуудад амьдардаг буга, элбэнх зэрэг амьтдаас Езо вирусийн эсрэг биет илэрчээ. Түүнчлэн эрдэмтдийн анхааруулж байгаагаар тус өвчин Хоккайдогоос гадна ч тархсан байж болзошгүй тул олон улс анхаарал хандуулах нь зүйтэй юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж