Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас дэлхийн эрх мэдэлтнүүдийн хилийн чанад дахь хөрөнгийн мэдээллийг цацсан нь “нартай өдөр аянга цахих” мэт мэдээ байв. Ийнхүү Пандорагын баримт бичигт нэр нь дурдагдаж, нууц хөрөнгө нь илчлэгдсэн дэлхийн удирдагчид хариу мэдэгдэл хийж эхэллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төлөөлөгч: Бид уг тайлангаас Путины ойр тойрныхонтой холбоотой нууц хөрөнгийн тухай мэдээллийг олж үзээгүй.
Пандорагын баримтаар үйл ажиллагаа нь идэвхгүй нэгэн компани 2003 онд Светлана Кривоногих гэх эмэгтэйн нэрийн өмнөөс Монте Карлод 4.1 сая долларын үнэтэй орон сууц худалдаж авсан нь ил болсон. Кривоногих нь Путинтэй амрагийн харилцаатай байсан эмэгтэй болохыг “WaPo" суваг мэдээлжээ. Түүнчлэн сайхь эмэгтэйн Луиза Розова нэртэй охин Путины залуугийн төрхийг санагдуулам төрхтэй аж.
Чехийн ерөнхий сайд Андрей Бабиш: Нэрээ нууцалсан хүмүүс Чехийн сонгуульд нөлөөлөх гэж оролдож байна.
Пандорагын баримт авлигатай тэмцэх амлалтыг өгөн Чехийн ерөнхий сайдаар сонгогдсон Андрей Бабишыг мөн онилов. Тэрбээр Францын өмнөд хэсэгт хувийн сууцтай болох нь илчлэгдсэн юм. Хөрөнгө орлогынх нь мэдүүлэгт дурдагдалгүй өнгөрсөн уг сууцыг нэгэн оффшор хөрөнгө оруулалтын пүүсээс түүний нэрэн дээр худалдаж авчээ.
Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев: Түүний гэр бүл, ойр дотны хүмүүс Их Британид дор хаяж 540 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө наймаалцсан нь Пандорагын баримтаар ил болов. Тэрбээр эх орноо тонон дээрэмдсэн гэх олны шүүмжлэлд цаг ямагт өртдөг байна.
Иорданийн хаан II Абдуллагын өмгөөлөгчид: Баримтад дурдагдсан сууцнууд түүний хувийн баялагаараа худалдаж авсан хөрөнгө.
Тэрбээр өөрийн засаглалын үед оффшор бүс дэх хөрөнгөөрөө дамжуулан наад зах нь 15 орон сууц худалдаж авсан байна. Тэдгээр сууц нийт 100 сая ам.доллараар үнэлэгджээ.
Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениата: “Пандора баримт бичиг” нь ил тод байдлыг хангахад нэн тустай. Гадаадад хийж буй аяллаасаа буцаж ирээд бүрэн тайлбар хийнэ.
Ухура Кениатагын гэр бүл хэдэн арван сая ам.долларын хөрөнгө эзэмшдэгээс гадна наад зах нь 11 оффшор компанийн эзэд болохыг нь Пандора илчлэв. Тэрбээр өмнө нь төрийн албан хаагчдыг хөрөнгөө үнэн зөвөөр мэдүүлэхийг шаардаж байжээ.
Пакистаны Ерөнхий сайд Имран Хан: Мэдээллийг талархан хүлээн авч, нэр нь дурдагдсан хүмүүсийг шалгахаар болсон.
Пакистаны ерөнхий сайдын холбоотнууд болох тус улсын сангийн сайд болон бусад өндөр албан тушаалтнуудын мэдээлэл Пандорагын баримт бичигт дурдагдсан юм. Тэрбээр 2016 онд үүнтэй төстэй “Панамын баримт бичиг” нийтэд ил болох үед авлигад идэгдсэн элитүүдтэй тэмцэх болно гэж мэдэгдэж байв.
ЭХ СУРВАЛЖ: AXIOS
Холбоотой мэдээ