Ш.Батхүү нарын шүүх хуралдаан дахин хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Ш.Батхүү нарын шүүх хуралдаан дахин хойшлов

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2021.10.06/  10:00 цагт хийхээр товлосон. Гэвч шүүгдэгч Г.Алтан эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэж байгаа, шүүгдэгч Ч.Ганзоригийн өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт  гаргасныг шүүх хүлээн авчээ.

Улмаар шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг аравдугаар сарын 28-ны 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Есдүгээр сарын 8-нд дээрх хурал товлогдсон ч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ж.Батзоригт хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан учраас хойшилсон юм.  Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүх энэ оны долдугаар сарын 20-нд хэлэлцээд, "Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна" гэж үзээд анхан шатны шүүх рүү  буцаах шийдвэрийг гаргасан юм. 

Өмнөх шатны шүүхүүдээс гарсан шийдвэрүүдийг харвал:

  • Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос Г.Алтан, Э.Сүрэн нарт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан. 
  • Мөн прокуророос Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг, Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тус, тус хэрэгсэхгүй болгосон байна.

Харин Ш.Батхүүг албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн, тусгай зөвшөөрөл олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,  бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсон.  Улмаар найман  жил хорих ял оногдуулж байв. Мөн Ш.Батхүүгээс биет хөрөнгүүдийг гаргуулж улсын орлого болгох, гэм хорын хохиролд нийт 140 гаруй тэрбум төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч болох нэр бүхий компаниудад олгуулахаар шийдвэрлэсэн. 

Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож,  хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эдгээр шүүгдэгчдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Үүнийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ш.Батхүүд холбогдох зарим хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш.Батхүүд оногдуулсан ялыг долоон  жил хорих болгон өөрчилж шийдвэрлээд байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж