Үрэлгэн төсвөөс 100 хувь хэмнэх боломжтой зардлууд

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Үрэлгэн төсвөөс 100 хувь хэмнэх боломжтой зардлууд

Үрэлгэн төсвөөс 100 хувь хэмнэх боломжтой зардлууд

Цар тахлын нөхцөл байдал улсын эдийн засагт хүнд цохилт болж буй. Энэ үед Засгийн газар ирэх 2022 оны төсвийн төсөлдөө “хэмнэлтийн бодлого”-ыг онцгойлон анхаарч тусгасан нь сайшаалтай. Засгийн газар төсвийн хэмнэлтийн хүрээнд нийт 12.1 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргажээ.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУД АВТОМАШИН ХЭРЭГЛЭХГҮЙ

Төсвийн хэмнэлтийн хүрээнд 2022 онд төрийн үйл ажиллагааны зардал хэмнэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, 100 хувь нэмэх боломтой зардлуудад тавилга, зочин төлөөлөгч хүлээн авах, гадаад томилолт, ном хэвлэл, тээвэр шатахуун, сургалт семинар, уралдааны тэмцээн зохион байгуулах зардлууд багтжээ. Харин дотоод томилолт, бичиг хэрэг гэх мэт бусад зардлуудыг 50 хувь танах бодлого хэрэгжүүлэхээр 2022 оны төсвийн төсөлд тусгасан байна. Гэхдээ үүнд эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд хамаарахгүй аж.

Ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар, яамдын сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх бол дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байх нь.

Төрийн захиргааны байгууллагууд автомашин хэрэглэхгүй, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хувийн хэвшлээс түрээсээр авч ашиглахаар төлөвлөжээ.

Мөн тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг албан хаагч шинээр ажилд авах, төрийн захиргааны байгууллагын албан хаагчийг ажлын нэг өдөрт нь гэрээсээ цахимаар ажиллуулах горимд шилжүүлэхээр тусгасан байна. Цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, дулаан хангамж, хоол үйлдвэрлэлийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх нь.

Засгийн газар ирэх онд албан контор шинээр барихгүй, тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага автомашин шинээр худалдан авахгүй байх аж. Бүх шатны төрийн байгуулагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар тооцож, зардлыг хэмнэхээр тооцжээ.

Төсвийн хөрөнгөөр кино хийхгүй, ой тэмдэглэхгүй, ном хэвлүүлэхгүй, шагнал урамшуулал өгөхгүй нь. Засгийн газрын агентлаг нэгээс илүү дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй байх боломжтой гэж үзжээ. Мөн цахим гарын үсэг нэвтрүүлж, банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглахаар төлөвлөсөн байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН САНГ 1.7 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА 

Төсвийн шинэчлэлийн хүрээнд Засгийн газар ирэх 2022 онд цэвэрлэгээ, байр ашиглалт, харуул хамгаалалт, эрүүл мэнд, боловсролын салбарт хоол үйлдвэрлэл зэрэг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой ажил үйлчилгээг төр өөрөө эрхлэхгүй. Үйлчилгээ тус бүрээр өртөг, зардлыг тооцож, хувийн хэвшлийн сонирхлыг татахуйц хэмжээний тариф тогтоохоор төлөвлөжээ. Улмаар тогтоосон тарифын дагуу үйлчилгээг гэрээний дагуу хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, үйлчилгээг нь худалдан авах нь. Гэрээний дагуу төр чанартай үйлчилгээ авах бөгөөд зарцуулалтын үр ашиг нэмэгдэнэ гэж үзжээ.

Автомашины хэрэглээний хувьд төр зөвхөн албан ажилдаа автомашин ашиглах, зогсоол бөглөж сул зогсолт хийхгүй, түгжрэлийг бууруулах юм байна. Өөрөөр хэлбэл, хяналттай, үр ашигтай зарцуулалт хийхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар төсвөөс цалинждаг нийт 198 мянган төрийн албан хаагч 2.8 их наяд төгрөгийн цалинтай ажиллаж буй. Төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр төсвөөс цалинждаг нийт төрийн албан хаагчийн орон тоог 73.6 мянга хүртэл бууруулж, цалингийн санг 1.1 их наяд төгрөгт хүргэснээр 1.7 их наяд төгрөг хэмнэх боломжтой гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж