"Тэрбум" мод үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбарынхан нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

"Тэрбум" мод үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбарынхан нэгдлээ

"Тэрбум" мод үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбарынхан нэгдлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нэгдсэн үндэстний байгууллагын  Ерөнхий ассамблейн хуралд үг хэлэхдээ Монгол Улс нэг тэрбум мод тарих төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдэгдэж олны шүүмжлэл, магтаалыг зэрэг хүртээд амжсан. Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, ойн мэргэжилтэн эрдэмтэн судлаачидтай уулзалт зохион байгуулсан юм. Тус уулзалтаар мод тарих үндэсний хөдөлгөөнд аж ахуй нэгж, томоохон компаниуд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мөн зэвсэгт хүчнийг энэ ажилд татан оролцуулах бодолтой байгаагаа илэрхийлсэн.

Тиймээс энэ хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яамнаас санаачлан нийслэлийн шинэ хурдны зам дагуу 8 га газарт мод тарих ажил хэрэгжүүлж эхэллээ. Мод тарих газрыг бэлдэж, модыг үрслүүлж бэлдсэн ажилчид сайдтайгаа зэрэгцээд мод тарьж байгаа нь бахархууштай.

Монгол Улсын нийт газар нутгийн 74,9 хувь нь цөлжилттэй байна.  Харин 2080 он гэхэд энэ тоо 90 орчим хувьд хүрч магадгүй байгаа нь мал аж ахуй, газар тариалан голлон эрхэлдэг манай орны хувьд нэн тэргүүний шийдэх ёстой асуудал болжээ. Дан ганц мод тариад энэ асуудал шийдэгдэхгүй, харин модыг арчилж ургуулах ёстой талаар мөн энэ үеэр онцолсон.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яам 2030 он гэхэд нийт 7 мянган га талбайд 22 сая мод, сөөг, бутлаг ургамал тарьж ургуулна гэсэн зорилго тавьжээ. Ийнхүү нэг га талбайг ойжуулах ажилд 92.8  сая төгрөг зарцуулах юм.

Батлах хамгаалахын сайд Г.Сайханбаяр:

-Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөнийг Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбар дуу нэгтэйгээр дэмжинэ. Бид судалгаа хийсний үндсэн дээр арван мод үржүүлгийн газар байгуулна гэсэн зорилттой ажиллаж байна. Энэ эхний газар болж байна. Мөн энэ газар цаашид сургалт судалгааны төв болж үйл ажиллагаа явуулна.

-Модыг тарьсны дараа ургуулах арчлах үйл явц дээр төлөвлөгөө гаргасан уу?

-Мэдээж бид тарихаас гадна ургуулах үйл явцыг анхаарах хэрэгтэй. Үүний хүрээнд бид зэвсэгт хүчний анги бүрт экологийн мэргэжилтний орон тоо бий болгож байна. Үүний хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуультай хамтарч ажиллаж байна.  Мөн хугацаат цэргийн алба хааж байгаа цэргүүдээ ойчин мэргэжлээр богино болон урт хугацааны сургалтад хамруулах замаар манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн модоо арчилж тордож ажиллана.  Хэрэв ажил хэрэг маань санаснаар бүтвэл бид таван жилийн дотор үр ашгаа өгч эхэлнэ гэж үзэж байна.

Энэ газарт 15 мянган мод тарих төлөвлөгөөтэй аж. Мөн баруун, зүүн, говийн бүсэд мод үржүүлгийн ажил явуулж, тухайн газарт ургах тохиромжтой гэсэн моднуудыг үржүүлж тарих зорилготой байна хэмээн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ярьсан юм. Голдуу хайлаас, жимсний моднууд, гацуур, нарс зэрэг мод тарьж байгаа аж. Ерөнхийдөө шилмүүст төрлийн моднуудыг  манай эрдэмтдийн баг тооцоо судалгаа гаргасны үндсэн дээр тарихаар болсон хэмээн тэрбээр мэдэгдэв.

Мөн Батлан хамгаалахын сайд мод тарих үржүүлэх ажлыг байрлан хийж байгаа ажилчдадаа цалин, урамшуулалыг нэмэх, хувцас хангамжийг сайжруулах, өдрийн гурван хоолны зардлыг  шийдэж өгч, таатай орчинд ажлуулахийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Мод тарих энэ хөдөлгөөн экологийн тэнцвэрт байдлыг хангаж цөлжилтийг бууруулахыг ерөөж энэ удаагийн сурвалжлагаа өндөрлөе.

М.БАТЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж