"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр, аравдугаар сарын 5-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш тогтворжиж байсан ч бензиний хомсдолтой холбоотойгоор, мөн махны ил задгай худалдааг хориглосноор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13000-15000 төгрөг, хонь болон ямааны мах 9500-11500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ нь наймдугаар сараас хойш 1000-1500 төгрөгөөр өссөн ханш юм. Махны худалдаачид малчдаас үхрийн махыг килограммыг нь 7000 төгрөгөөр авдаг байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна.
Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 70-90 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа аж. Харин ямааны арьс өлөнтэйгөө 5000 төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 6000 төгрөг, хонины ноос кг нь 2000-2500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 8000-18000 төгрөг, бухын шир 25-30 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 10000-12000 төгрөгийн үнэ ханштай байна.
"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн ястай мах кг 10500-13000 төгрөг, цул нь 12500-15000 төгрөг,
- Ямааны ястай мах кг 8000-15000 төгрөг, цул нь 10000-11000 төгрөг,
- Хонины ястай мах кг нь 9500-11000 төгрөг, цул мах нь 10000-11000 төгрөг,
- Адууны мах 9500-11500 төгрөгийн ханштай байна.