Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн бодлогыг У.Хүрэлсүх үргэлжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн бодлогыг У.Хүрэлсүх үргэлжлүүлэв

Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн бодлогыг У.Хүрэлсүх үргэлжлүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы индэр дээрээс “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байгаа”-гаа зарласан. Үүнээс өмнө Ц.Элбэгдорж цаазын ялгүй Монгол Улс болсноо дэлхий нийтэд зарлаж байв.

Мод тарих нь монголчуудын хувьд шинэ сэдэв биш. Үүнээс өмнө буюу 2010 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  зарлиг гаргаж “Мод тарих үндэсний өдөр”-тэй болсон.

Уг  зарлигт “Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 1, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласугай.

2.Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалсугай” гэсэн бий. Ийнхүү Монгол Улс мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь орноор бүртгэгдсэн байдаг.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу монголчууд жил бүрийн хавар намар мод тарьдаг уламжлалтай болсон агаад өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгжүүд 13 сая мод тарьжээ. Хүний зохисгүй үйл ажиллагаа, хөнөөлт шавж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан 2016 оны байдлаар Монгол орны газар нутагт ойн эзлэх талбай 1950 оныхоос бараг хоёр дахин буурсан гэх харамсалтай статистик бий.

Ийнхүү Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гаргасан зарлигийн дагуу монголчууд мод тарьдаг болсон. Өдгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарьж, ургуулахаа дэлхий нийтэд зарлалаа. Төрийн бодлого залгамж халаатай явах ёстойг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө хэлсэн. Үндсэндээ Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн бодлогыг У.Хүрэлсүх үргэлжлүүлж байна гэсэн үг.

Харин монголчууд үнэхээр тэрбум мод тарьж ургуулж чадвал ирээдүйдээ хийсэн маш том хөрөнгө оруулалт болох юм. Эдийн засаг, эколого талаасаа.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж