Шатахууны хомсдлыг зохиомлоор үүсгэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Шатахууны хомсдлыг зохиомлоор үүсгэсэн үү?

Шатахууны хомсдлыг зохиомлоор үүсгэсэн үү?

Шатахууны хомсдолд орж, өнгөрсөн есдүгээр сард гал алдсан монголчууд дахиад л шатахуундаа дугаарлаж, хонов. Монгол Улс тав хоногийн нөөцтэй боловч импортлогчид болон иргэд зохиомол хомсдол үүсгэсэн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдэгдэв. Тэрчлэн Г.Ёндон сайд энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аар шалгуулна гэдгээ мэдэгдсэн нь анхаарал татаж байна.

Өөрөөр хэлбэл, шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэхэд ТЕГ-аас шалгуулах болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу гэх асуулт тавигдаж буй юм.

Аж ахуй нэгжүүдээс хамгийн түрүүнд "Сод Монгол" группээс гаргасан мэдэгдэл сошиал хуудсаар тарсан нь шатахуунд  очерлох нөхцөл бүрдүүлсэн юм. Тус компанийн мэдэгдэлд, 2021 оны аравдугаар сарын 5-аас ОХУ-ын "Роснефть" компаниас АИ-92 автобензиний ачилтууд хязгаарлагдаж багасч, АИ-92 нөөц хангалтгүй болж байгаатай холбоотойгоор ШТС-уудад хязгаарлалттай олгох ёстой гэх утгатай байсан. Гэвч шатахууны очер нэмэгдэж, олон нийтийн анхаарлын төвд орсны дараа "Сод Монгол" группээс дараах мэдэгдлийг сошиал хуудсаараа дамжуулан гаргасан юм. Мэдэгдэлд,

"2021 оны 10-р сарын 5-ны өдрийн орой нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний хязгаарлалт хийж эхэлж байгаа тухай худал мэдээлэл явж, үйлчлүүлэгч олныг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсгээд байна. Тус компанид бензин шатахууны нөөц хэвийн хэмжээнд, хүрэлцээтэй байгаа бөгөөд бензин шатахууны түгээлтэндээ ямар нэгэн хэмжээ тогтоогоогүй, хэвийн горимоор түгээн борлуулж байгаа болохыг үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ үүгээр мэдэгдэж байна" гэсэн юм.

Гэвч шатахуунд дугаарласан иргэдийн хөл тасрахгүй, урт дараалал үүсгэж, шөнөжин ачаалал үүсгэсэн юм.

Яг үүнтэй зэрэгцэн улс төрийн хүрээнд нэгэн анхаарал татсан яриа гаргах болсон нь “Эрчис Ойл” компанийн зүгээс "Роснефть" компанитай хамтран Хөшигийн хөндийд онгоцны шатахуун нийлүүлэх хүсэлтийг ОХУ-ын талаас тавьсан гэх мэдээлэл байна. "Эрчис ойл" нь төрийн өмчит компани бөгөөд Засгийн газрын 2020 оны 14 болон 114 дүгээр тогтоолуудыг тус тус хэрэгжүүлэх үүднээс "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн ТӨХХК-ий дэргэд (I) шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагааг эрхлэх (II) санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан газрын тосны бүтээгдэхүүн үнийг бууруулах зорилгоор " Эрчис ойл " ХХК-ийг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулжээ.

Үүнтэй холбоотойгоор дотоодын импортлогчид Засгийн газарт улс төрийн шахалт үзүүлж, ийн зохиомол хомсдол үүсгэсэн гэх албан бус мэдээлэл байна. Ялангуяа энэ асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд гар бие оролцож, саяхан ОХУ-ыг зорьж,  “Реснефть” компанийхантай уулзсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнээс сонсогдож байна.  З.Энхболдыг "Сод Монгол" групптэй холбоотой гэх хардлага байдаг. Тэгэхээр энэхүү зохиомол хомсдлыг зарим импортлогчид, улстөрчид үүсгэсэн гэж Засгийн газрынхан хардаж буй нь Г.Ёндон сайдын мэдэгдлээс илэрхий харагдаж байна.

Түүнээс гадна шатахуун импортлогч томоохон компаниуд “Чайна ойл”-оос нийлүүлж буй шатахууны нийлүүлэлтийг оруулж ирж буй компаниуд нь бусад компанидаа түгээх үйлчилгээгээ хангалтгүй хийж, хоорондоо өрсөлдөөн үүсгэж байгаа нь ч шатахууны хомсдол үүсгэсэн гэж улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ.

Ямартай ч шатахууны хомсдол, нөөц багасч, иргэдээ очерлуулж байгаа нь импортлогч орны зовлон гэхээс илүү дотоодын улстөр, импортлогч компаниудын хоорондын зөрчлөөс үүссэн байж болзошгүй гэсэн хардлага улс төрийн хүрээнд өрнөж байна. Г.Ёндон сайдын хэлснээр импортлогчид, улстөрчид оролцоотой эсэхийг Тагнуулын ерөнхий газар шалгаж тогтоох, хариуцлагын асуудал ч хөндөгдөнө.

Эцэст нь, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хариуцлагаас мултрах гэсэн,  ажлынхаа хариуцлагагүйн асуудлыг улстөржүүлэх гэж оролдоогүй байгаасай, үнэхээр улстөржөөгүй хомсдол, нөөцийг зохиомлоор үүсгэсэн бол хариуцлага тооцох асуудал хөндөгдөнө. Тиймээс асуудлын үнэн зөвийг тогтоож, ард түмэндээ нээлттэй мэдээлэх ёстой.

Төр, импортлогчид хоёрын дунд иргэдийг хохироох, иргэд хохирох ёсгүй шүү, Г.Ёндон сайд аа!

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж