Covid-19-өөр өвдсөн хүүхдүүдийн 43.6 хувь нь 5-11 насныхан

Хуучирсан мэдээ: 2021.10.06-нд нийтлэгдсэн

Covid-19-өөр өвдсөн хүүхдүүдийн 43.6 хувь нь 5-11 насныхан

Covid-19-өөр өвдсөн хүүхдүүдийн 43.6 хувь нь 5-11 насныхан

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 314 мянга 601 тохиолдол батлагдаж, 1289 нас баралт бүртгэгдээд буй. Халдварын тархалт нэмэгдэхийн хэрээр хүүхдийн өвчлөл өсч, орны нөөцийн асуудал тулгамдаж байгааг эмч нар хэлж байгаа юм. Тиймээс бид Эрүүл мэндийн яам болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүүхдийн өвчлөл өнгөрсөн саруудаас хэр өссөн, эмнэлгийн ачаалал ямар байгаа талаар тодрууллаа.

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬД ЯВАХАД НЬ ХҮҮХДИЙНХЭЭ ДАРХЛААГ САЙН ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ

ЭМЯ-наас өгсөн мэдээллээр нийт тохиолдлууд дунд эзлэх хүүхдүүдийн өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монгол Улсад 18 нас хүртэлх насны 1.3 сая гаруй хүүхэд байгаа. 12-оос доош насны вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн дунд долдугаар сараас хойш Covid-19-ийн халдвар нэмэгдэх хандлага ажиглагдсан.

Халдвараар өвдсөн нийт хүүхдийг насны бүлгээр нь авч үзвэл 0-4 нас 22.6, 5-11 нас 43.6, 12-15 нас 24.1, 16-17 нас 9.7 хувийг тус тус эзэлж байна. Дийлэнх хувийг 5-11 насныхан эзэлж байгаа учир цэцэрлэг, сургуульд явахад нь эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг маш сайн дэмжих шаардлагатай.

Томуугийн вакцинд хамрагдсан хүүхдүүд ханиад, томуу болон Covid-19 халдвараас тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлж байгаа. Гэлээ ч бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр. Учир нь халдвар авсан хүүхдүүдэд үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдах зэрэг онцлох шинж тэмдгүүд ихэнхдээ илэрдэггүй.

Хүмүүс хүүхдийг хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэрчихдэг гэж буруу ойлгоод байгаа. Хэдий тийм ч хөгжлийн бэрхшээлтэй, архаг хууч өвчтэй хүүхдүүд олон байгаа гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

Хүүхдүүд өвчилж хүндрэхэд орны нөөцийн асуудал мөн л яригдаж байна. ЭМЯ-наас орны нөөцийг аль болох боломжит хэлбэрээр дэлгэж байгаа ч хангалтгүй хэвээр байна. Тиймээс хүүхдүүдээ халдвараар өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна гэлээ.

ЭХЭМҮТ-Д COVID-19-ТЭЙ ХОЛБООТОЙГООР ТАСГИЙН АЧААЛАЛ НЭМЭГДСЭН

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тасгийн ачаалал эрс нэмэгдэж, өвчтнүүдийг хүлээж авахгүй байгаа гэсэн мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар тодруулахад

“Манай төвийн ачаалал нэмэгдсэн. 30 хүний тасагт 50-60 хүнийг хэвтүүлж байгаа гэдэг ташаа мэдээлэл. Covid-19 халдвараар өвдсөн болон жирэмсэн эхчүүд тодорхой хэмжээнд байгаа. Бид халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж ажилласаар ирсэн. Цаашид ч шаардлагатай арга хэмжээг тухайн нөхцөл байдалд нь тохируулан авч хэрэгжүүлнэ” гэсэн тайлбар мэдээлэл өгсөн юм.

Одоо хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байгаа, Covid-19-өөс шалтгаалж хэдэн тасагт хүмүүс тусгаарласан, халдвараас шалтгаалж эндсэн эхийн статистик мэдээг өгөх боломжгүй гэлээ. Тиймээс хүүхдийн өвчлөл буурсан гэж эцэг эхчүүд тайвширч болохгүй юм. Учир нь улсын хэмжээнд бүртгэгдэх гурван тохиолдлын нэг нь хүүхэд байгааг салбар яамнаас анхааруулж буй. Иймд шинж тэмдэггүй өвчлөл илэрч байгаа хүүхдийн өвчлөлийг онцгой анхаарах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж