Өрийн дэвтэр зузаарч иргэдийн амьдрал уруудсаар. Мах, сүү, өндөг тансаг хэрэглээ болж талх, элэгний нухшаар олон өрх хоногийн хоолоо аргацаах болжээ. Гэр хороололд иргэдийн дийлэнх нь ядруухан амьдарч байгааг хэрэглээнээс нь харж болохоор. Төмс, лууван, байцаа зэргийг граммаар авна. Граммын махны оронд таван цулын таташ, элэгний нухаш хамгийн гүйлгээтэй. Хотын баруун хэсэг Толгойт, Алтан-Овоонд амьдарч буй иргэдийн бодит байдал нь энэ. Айл айлын амьдрал адилгүй ч ажил төрөлтэй нь ч, гэрийн мухар сахисан халамжийнхан ч ялгаагүй бүгд дэлгүүрт өрийн данстай. Худалдагчийн хар жагсаалт бүхий балаар эрээчсэн алаг цоохор дэвтэр дор хаяж гурав, дөрвөөрөө. Бүгд саяхан л нээсэн гэх дэвтрээ харуулах атал дуусч байв.
Өрийн дэвтэр гэж нэрлэсэн иргэдийн хүнсний зээлийн жагсаалт бүхий дэвтэргүй дэлгүүр гэж алга. Автобусны буудалд байрлах супермаркетуудаас авхуулаад сүлжилдсэн гудамжны булан тохой бүрт байрлах дэлгүүр, мухлаг бүрт их бага хэмжээний өрийн жагсаалт бий. Иргэдийн хувьд хамгийн багадаа л 30 мянган төгрөгийн өртэй. Үүнээс дээш 600 хүртэл мянган төгрөг өр хуримтлагджээ. Дэлгүүрийн худалдагч нарын хэлснээр хүмүүсийн орлого, худалдан авалт 60 хувь буурч, хүнсний хэрэглээ грамм руу шилжиж өрнөөс өрний хооронд амьдарч байгааг хэлж байв. Зээлтэй иргэд өрөө барагдуулахын тулд багадаа л нэг сар. Гэвч эргээд дахин зээл үүсдэг аж.
УСНЫ КАРТАА БАРЬЦААЛСАН ИРГЭДИЙН ХОНОГИЙН ХООЛНЫ ӨРТӨГ 5000 ТӨГРӨГ
Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтод амьдардаг Б.Чимгээ “Ойрхон” нэрийн дэлгүүр ажиллуулаад 10 жил болж буй. Түүний хэлснээр есөн жилийн өмнө 650 төгрөгөөр зардаг байсан “Атар” талх өнөөдөр 1500 төгрөг болсон аж. Засгийн газар цахилгаан, дулааныг хөнгөлсөн ч дотоодод үйлдвэрлэж буй өргөн хэрэглээний гурил, талх, боорцогны үнэ нэмэгдсээр байгаа нь худалдан авах чадвар буурах шалтгааны нэг болжээ. Худалдан авагчид дэлгүүрт нь орлого оруулахаас зээл тавих нь их гэнэ. Эндэхийн амьдралын түвшин тааруу болохыг тэрбээр хэлж байв
-Манай дэлгүүрт зээлгүй хүн гэж байхгүй. Саяхан нээсэн дэвтэр маань одоо дуусч байна. Багадаа 60 мянган төгрөгийн өртэй. Хамгийн их нь 130 мянган төгрөгийн өр бий. Зээлээ хоёр, гурван сарын дараа төлөх нь энүүхэнд. Уг нь “тэтгэвэр буухаар өгье” гэж хэлдэг ч боломжгүй байдаг бололтой. Итгэж хүлээхээс өөр аргагүй. Хүмүүсийн амьдрал хүндхэн, нэлээн доройтож байх шиг байна.
Манай дэлгүүрээс сүү, өндөг, хиам, кг-ийн бууз авах хүн ховор доо. Ажилтай орлоготой нь цалингаа буусан, амралтын өдрөө авч байна. Ер нь тансаг хэрэглээ болсон гэхэд хилсдэхгүй. Дийлэнх нь л худалдан авахаасаа илүү “зээлье”, “тэтгэвэр буухаар өгье”, “хүүхдийн мөнгө буухаар өгье” гэж гуйдаг. Нэг хэсэг нь өрөө төлөхгүй удаана, дэлгүүр хооронд өр тавина, сүлжиж үйлчлүүлнэ. Зарим нь алга болдог.
Шуудай нүүрсээ ч авч дийлэхгүй л харагдах юм. Хоногийн хоолоо гурван мянган төгрөгөөр аргацааж буй айл зөндөө байдаг. Элэгний нухаш 1500, атар талх 1500 төгрөгөөр хүмүүс амьдардаг боллоо. Толгойн махан таташ, гурилын үнэ нийлээд 5000 төгрөг хүрэхгүй. Халамж, тэтгэврээр амьдардаг, аль эсвэл ажилгүй хүмүүс ихэнх нь үйлчлүүлдэг. Гэхдээ зээлээр. Ажилтай, мөнгөтэй болох үедээ өрөө төлдөг л юм. Өрөө төлөхгүй алга болсон заримыг нь олохгүй болохоор надад алдагдалтай. Манай дэлгүүр худгийн хажууд байрладаг болохоор өрөө төлөхгүй удаасан, дэлгүүрээр харагдахаа больсон хүмүүстэй ус авч байхад нь таарч уулзана. Аргаа барахдаа л усны картыг нь барьцаалах юм. Зарим нь ч “ус авах хэрэгтэй байна, картаа авчихъя эгчээ, өрөө удахгүй төлнө” гэж гуйна. Нөгөө хэсэг нь усны картаа барьцаалчихаад алга болдог хэрнээ таван литрийн усаар хоногоо аргацаагаад байна. Ер нь зээл авах болохоороо цалин, тэтгэвэр буусныхаа дараа долоо хоног дэлгүүрээс бараа авдаг. Танил болж итгэл хүлээснийхээ дараа гэнэтхэн л “эгчээ зээл авъя” гэнэ. Зарим нь алга болдог гэлээ.
Зарим дэлгүүрийнхэн өрийн дэвтэртэй ч найдвартай гэсэн хүмүүстээ зээл өгдөг болжээ. Гэхдээ тогтвор суурьшилтай амьдардаг, тогтмол орлоготой тохиолдолд итгэлцлээр зээл өгнө. Тогтмол ажилтай ч дэлгүүрт 600 мянган төгрөгийн өртэй, олон хүүхэдтэй айл цөөнгүй болохыг худалдагчид хэлж байсан юм. Өрийн дэвтрүүдийг харвал мянга, хоёр мянга, арван мянга зэрэг нэмэгдсээр 100 мянган төгрөг давдаг байна. Иргэдийн өдөр бүрийн зээл 2000 төгрөгөөс эхэлдэг аж.
АМЬДРАЛД ЦАЛИН ХҮРЭЛЦЭХГҮЙ, ЗЭЭЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ
Толгойтын Алтан-Овоонд уул өөд өгсөх зам дагуу байрлах булангийн “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрээр орлоо. Зээгээ дагуулсан өвөө, бага насны хүүхэд, залуухан охин, хижээл насны эрчүүд худалдан авагчид цөөнгүй. Гэхдээ бүгд зээл авахаар орж иржээ. Худалдагч бүгдтэй нь танил бололтой, нэрэлхэж зогсох нэгэн байхад хамт яриа дэлгэх нь ч байна. Зарим нь өөрийнхөө дэлгүүрээс бараа авч байгаа аятай хөргөгчнөөс сүү, лангуунаас архи авахдаа “Өмнөх тооцоо 14 мянган төгрөгөө өглөө. Нэмээд сүү, архи авлаа шүү биччихээрэй, эхнэрийн үлдэгдэл өртэй хамт өгнө” гэж хэлээд гарч явахтай таарав. Нөгөө хэсэг нь “Миний тооцоо хэд болсон бэ, бүр тоогоо алдлаа, за яах вэ мөнгөтэй болохоороо л бөөгнүүлж өгье, нэмээд бичүүлье” гэнэ. Зээлээр авч буй зүйлийн ихэнх нь л өдөр тутмын хэрэглээ. Граммын махнаас авхуулаад талх, сүү, өндөг, ургамлын тос, гурил. Бусад нойлын цаас, хүүхдийн памперс, вок зэрэг ахуйн хэрэглээ ч багтна.
Тус дэлгүүрт 300 мянган төгрөгийн өртэй Н.Оюунтуяа хоёр нялх хүүхэдтэй. Нөхөр нь ажилтай. Өөрөө ажил хийе гэхэд хүүхдийг нь харах хүнгүй тул нөхрийн цалин, хүүхдийн мөнгөөр амьжиргаа залгуулна. Түүний гэр бүлийн сарын орлого халамжийн мөнгөтэй нийлээд 800 гаруйн мянган төгрөг аж. Гэвч гар дээр тоолох мөнгөний дийлэнхийг дэлгүүрт өрөндөө өгдөг ч нэмж зээлэхээс өөр аргагүй байдаг тухай ярилаа. Тэрбээр “Хүүхдүүдээ хоосон хонуулж чадахгүй. Амьдралд 800 мянган төгрөг хаана ч хүрэлцдэггүй. Өөрсдөдөө шинэ хувцас авч чадахгүй атал хүнс, ахуйн зардал, өрөнд л орлого дуусдаг. Дэлгүүрт цалин буух хүртэл 15 хоногийн хугацаанд хэчнээн ч удаа орж ирдгээ мэдэхгүй, Нэг, хоёр өнжөөд нэмээд зээл тавихад хүрдэг. Ойр зуурын хүнсээ автал багадаа 20 мянган төгрөг болно. Заримдаа ойрхон зээл авахдаа санаа зовдог нүүрээ ширлэнэ дээ” гэлээ.
Мөн тус дэлгүүрт өртэй гэх иргэн Н.Түвшинсайхан ам бүл зургуулаа. Гэвч ажил хийдэг нь хоёр. Бусад нь гэртээ байдаг аж. Тэрбээр “Бэлтэй бол дэлгүүрт хэн ч зээл тавихгүй. Цалин буух хүртэл мөнгөггүй болохоор зээлээр ойр зуурын хүнсээ аргацааж байна. Би сарын 500 мянган төгрөгийн цалинтай. Энэ мөнгө хаана ч хүрэлцэхгүй. Цалингаас цалин, өрнөөс өрөнд л амьдарч байна. Монголд өргүй хүн байхгүй биз дээ” гэв.
ИРГЭДИЙН АМЬДРАЛ ДОРОЙТОЖ, ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ ГРАММ РУУ ШИЛЖСЭН
Худалдагч Б.БЯМБАЖАВ:
-Өрийн дэвтэрч зузаараад удлаа. Шинээр дэвтэр нээхэд нэг сар ч болохгүй дуусна. Манай дэлгүүрт 30-600 мянга хүртэл төгрөгийн зээлтэй хүмүүс зөндөө бий. Эндэхийн хүмүүсээ ихэнхийг нь мэддэг болохоор итгээд зээлдэг. Ямар нэгэн зүйл барьцаалдаггүй. Их өртэй хүмүүс цалин, тэтгэвэр, халамжийн мөнгөө буух үедээ бага багаар хасуулдаг. Заримдаа цалинг нь буусан өдөр миний цалин буусан юм шиг баярладаг болсон шүү дээ. Гэхдээ цар тахал дэгдсэн цагаас хойш иргэдийн орлого, худалдан авалт 60 хувь буурсан. Худалдан авалтыг харахад хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байх шиг. Хүнсний хэрэглээ улам л граммын, жижиглэнгийн байдал руу шилжлээ.
Өнөөдөр кг мах 11000 төгрөгөөр авдаг айл ховор. Граммын мах, хамгийн жижиг савлагаатай ургамлын тос авдаг болсон. Хүнсний ногооноос төмс ахиухан кг-аар нь авдаг байсан ч одоо хоёр ширхэгээс хэтрэхгүй. Худалдан авалт хумигдаж, хүмүүс хоногийн хоолны хэрэгцээгээ л хангаж байна. Зээл тавьж буй хүмүүс ч адилхан. Мах авахад л өр нь нэмэгддэг. Хамгийн багадаа л 10 мянган төгрөгийн зээл тавина. Зарим өдөр дэлгүүрээ нээсэн цагаас хойш хүмүүс дараалан зээл асуудаг. Бүр гайхмаар. Айлуудыг харахад, нэг нь ажилтай, нөгөө нь гэртээ хүүхдээ хардаг ийм л байдалтай байна. Цалин нэмэгдэхгүй болохоор нэг хүний цалин амьдралд хүрэлцэхгүй, өр тавихаас өөр аргагүй болж байна. Гэтэл үнийн өсөлт хэрээс хэтэрч, зарж буй бараанаасаа хүртэл санаа зовдог боллоо гэлээ.
Нийслэлийн хамгийн их хүн амтай, хотын баруун захад байрлах Сонгинохайрхан дүүргийн захын нэгэн хорооллоор дэлгүүрээр ороход л амьдрал гундуу, иргэд ядруухан байгаа нь харагдаж байна. Дэлгүүрт өрийн дэвтэр зузаарч, хоногт 5000 төгрөгөөр хоногийн хоолоо залгуулж буй айл байхад хоол ч үгүй хар цайгаар ходоодоо чийглээд хонож буй хэчнээн өрх байгааг хэлж мэдэхгүй.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар, иргэдийн дундаж цалин 1.3 сая. Харин бодит амьдрал дээр иргэдийн ярьж байгаачлан 500-800 мянган төгрөг байна. Иргэдийн хувьд дэлгүүрт өр тавьж, ломбардад эд зүйлээ барьцаалж амьдарч байгаа нь нууц биш. Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн орчимд эгнэсэн ломбардаар орвол гар утсаа “тушаах”-аар дугаарласан хүн олон. Мөн барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээнд тавьсан зурагт ч нийтлэг. Ломбард ажиллуулдаг хүмүүс “Эд зүйлээ авч чадахгүй алддаг нь ховор. Сунгуулсаар байгаад л авдаг. Гэхдээ жил болдоггүй. Ихэвчлэн гар утас, зурагтаа л барьцаалдаг” гэдгийг хэлж байв. Иргэдийн хувьд халаасандаа таван төгрөггүй, аминд тулсан үед гар утасаа л барьцаалж цалин буух хүртэл хэрэглээгээ залгуулдгийг ч хэлж байлаа. Ялангуяа цар тахал, олон удаагийн хөл хорионы үед гар утас, зурагтаа барьцаалж хэчнээн айл амжиргаагаа залгуулсан бол.
Холбоотой мэдээ