Украины агаарын тээврийн “SkyUp Airlines” компани онгоцны үйлчлэгч нарын дүрэмт хувцасны загварт өөрчлөлт хийжээ. Онгоцны үйлчлэгч эмэгтэйчүүд шулуун банзал, өндөр өсгийтөөр жигдэрдэг нь хүн бүрийн нүдэнд танил болсон үзэгдэл юм.
Тэгвэл “SkyUp Airlines” компани багийн гишүүддээ өмд, пүүз өмсөх сонголтыг өгснөөрөө онгоцны үйлчлэгчийн хувцас загварт "хувьсгал" хийж, уламжлалт ёсыг халж буй.
Онгоцны үйлчлэгчид энэ намраас эхлэн уг шинэ дүрэмт хувцастайгаар үйлчлүүлэгчдийг хүлээн авах юм. Тус агаарын тээврийн компанийн албан ёсны вэбсайтад дурдсанаар дүрэмт хувцас нь цагаан, улбар шар өнгийн костюмны хослол байхаас гадна хувцастайгаа төгс зохицох цагаан пүүз байх аж.
Агаарын тээврийн компаниас хэлж байгаагаар “Nike Air Max 720” загварын пүүз онгоцны үйлчлэгчдэд бүтэн өдрийн турш дээд зэргийн тохь тухыг мэдрүүлэх гэнэ. Мөн онгоцны үйлчлэгчид мөрөн дээгүүрээ цайвар цэнхэр өнгийн торгон ороолт тохохоор болсон нь дүрэмт хувцсыг улам донжтой болгож өгчээ.
Онгоцны үйлчлэгч нарын нүүр будалтад ч мөн өөрчлөлт орох юм. Тодруулбал, тэнгэрийн өнгийг санагдуулам улбар шар, цэнхэр өнгийн будалт хийхээр болжээ. Ийнхүү үйлчлэгч бүр тод улбар шар өнгийн чемодан барихаар болсон нь хамгийн загварлаг өөрчлөлт болсон байна.
ЭХ СУРВАЛЖ: REPUBLICWORLD.COM
Холбоотой мэдээ