Одоогоос 23 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Гэсэн хэдий ч эл хэргийн үнэн мөнөн тогтоогдоогүй өнөөдрийг хүрээд буй. Улстөрчид уг хэргийг сонгуулийн шоу болгож, ялалт байгуулах гол хэрэгсэл болгосоор ирсэн. Улмаар аравдугаар сарын 1-ны өдөр буюу С.Зоригийн амиа алдсан өдрийн өмнөх өдөр тус хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсон нь олон хүний эгдүүцлийг хүргэжээ. Ийнхүү С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн дуулиан дахин нийгэмд дэгдэж улстөрчид “үзэлцэж” эхэлжээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.
Б.Энхбаяр
УИХ-ын гишүүн:
-С.Зоригийг хөнөөсөн хэргийг захиалагчдын хэрэгтэй нэгтгэн шалгана гэж Хууль зүйн сайд мэдэгдсэн. Энэ бол илэрсэн алуурчдыг “илрээгүй” захиалагчаар бамбайлж хэргийг юу ч биш болгох, алуурчдын хэргийг шүүх рүү явуулахгүй байх “тогтоон барих” технологи мөн. Яллагдагч нар өнөөдөр ч гэм буруутай нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, алуурчин биш, мөн ч гэж үзээгүй байгаа. Улсын нууцын статусаа хадгалж байгаа хэрэг дээр яллагдагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэх нь хязгаарлагддаг. Улстөрчид энэ гэмт хэрэг рүү ордгоо болих хэрэгтэй. Ямар ч гэмт хэрэг дээр. Жижиг, том, нууц, нууц биш байх нь хамаагүй. Улстөрчид гэмт хэргийг шүүдэггүй, шийдвэр гаргадаггүй. Бид шүүхийн реформ хийсэн. Шүүхээс гэм буруутай нь нотлогдвол гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Энэ зарчмаа улстөрчид өөрсдөө үлгэрлэж барих хэрэгтэй, сайдаасаа эхлээд. Битгий гэмт хэрэг рүү орж яриад, өмнөөс нь шийдвэр гаргаад бай. Т.Чимгээ яллагдагч учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан нь хууль зөрчсөн үйлдэл. Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулиар хязгаарласан. Үүнийг хэн зөвшөөрөөд яриад байгаа юм. Хэн давруулж, хамгаалаад байгаа юм.
Х.Нямбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайд:
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүнд ял оноосон. Ялтнуудын өмгөөлөгчдөөс эрүүдэн шүүсэн гэх гомдол гарч, гомдлын дагуу шалгаад эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон тул өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Үүний дагуу тухайн хүмүүс эрх чөлөөтэй байгаа. Шинээр үүссэн хэрэг дээр шинэ ажлын хэсэг ажиллаж байна. С.Зоригийн гэх эрүүгийн гурван хэрэг Тагнуулын Ерөнхий газар дээр мөрдөгдөж байна. Тодруулбал, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, С.Зоригийг хөнөөсөн хэргээс тусгаарласан захиалагчтай холбогдох хэрэг, үндсэн хэрэг буюу буцаасан хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд болох хүсэлтэй байж болно. Гэхдээ ингэж гүтгэж дайрч болохгүй. Хууль зүй, дотоод хэргийн яам мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй. Эцэс сүүлдээ дээрх хэргийг миний бие илрүүлэхгүй тогтоон барьж байгаа мэтээр нийгэмд буруу мэдээлэл өгч байна. Шүүхээс гэм буруугүйд тооцогдсон хүмүүсийг алуурчин гэж зарлах нь Их хурлын гишүүний бүрэн эрхэд байхгүй гэдгийг хэлье.
Холбоотой мэдээ