Багш нарын баярын өдөрт зориулж мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

Багш нарын баярын өдөрт зориулж мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Багш нарын баярын өдөрт зориулж мэндчилгээ дэвшүүлэв

Эрдэмт багш, эрхэм сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ Багш нарын баярын өдрийн халуун мэндийг дэвшүүлье!

Манай улс 1966 оноос Багш нарын баярыг тэмдэглэж ирсэн бөгөөд 2014 оноос жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэдэг болсон билээ. Өнөөдөр бид Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдөртэй золгож байна.

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ  жил тохиож байна. Цар тахлын улмаас хоёр жилийн турш танхимын сургалт хумигдаж, хичээл сургууль доголдсон энэ үед 100 дахь хичээлийн шинэ жилийн хонхоо сурагч багачуудынхаа инээд хөөртэй хамт цохилоо.

Багш нар маань гурав дахь хичээлийн жилээ цар тахлын хүнд нөхцөлд үргэлжлүүлж, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуусыг эрдэм боловсролд тасралтгүй хөтөллөө. Ингэхдээ та бүхэн алхам тутамдаа сургалтын шинэ сорилтуудыг даван туулсныг бид мэдэрч байна. Ялангуяа энэ жил хичээлийн жилийн эхний өдрөөс танхимын болон цахим хэлбэр хосолсон сургалтыг эхлүүлж байгаа нь багш нараас маань асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа, тэвчээр шаардаж байгаа. Бэрхшээлийн өмнө сөхрөөгүй соён гэгээрүүлэгч Багш танаар эрхгүй бахархаж байна. Багш танд баярлалаа.

Манай ард түмэн эрдэм ном эрхэм баян хэмээж, эрдмийн эх багшийг хүндэлж, багш шавийн барилдлагыг дээдэлдэг нандин уламжлалтай. Ардын аман өвөөс эрдэм ном, багшийн ачийг илэрхийлсэн үгсийг тоочоод баршгүй. Энэ бол Багш таныг нийгмийг хөдөлгөгч гол хүчнүүдийн нэг болохыг баталж байгаа хэрэг гэж би ойлгодог.

Цар тахал дэлхий нийтийн уламжлалт боловсролын системд сорилт тулгаж, боловсролын зорилгодоо хүрэх шинэ арга барил, удирдлага, төлөвлөлт шаардаж байна. Тийм ч учраас ЮНЕСКО энэ жилийн багш нарын баярыг “Багш нар: Хямралт үед манлайлж, ирээдүйг шинээр тодорхойлох нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ эгзэгтэй үетэй зэрэгцэн улс орны хөгжилд оруулах боловсролын хувь нэмрийг эргэж харах, боловсролын бодлого, хөтөлбөрийг шинээр тодорхойлох нийгмийн захиалгыг шийдвэрлэх зорилгоор боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийх Боловсролын багц хуулийг Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцэнэ. Багц хуулиар боловсролын салбарын системийн шинжилгээ, тогтолцооны хөгжлийн загвар, багш бэлтгэх болон үнэлгээний тогтолцоо, сургуулийн өмнөх, бага, дунд болон дээд боловсролын бодлогын шинэчлэл, насан туршийн боловсрол, боловсролын санхүүжилт зэрэг асуудал цогц байдлаар шийдэгдэнэ гэж найдаж байна.

Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос. Шавь нараа эрдэм боловсролд хөтлөх нь багш хүний үндсэн үүрэг юм. Түүнээс ч дутуугүй сурган хүмүүжүүлэгч хэмээх эрхэм алдрыг үеийн үед тээж, ирээдүй хойч үеэ нийгэмд зөв хүн болгон төлөвшүүлэх чухал үүргийг багш нар маань хүлээсээр ирсэн. Багшийн ачийг дурсаж, алдрыг дуулдгийн учир энэ буюу.

Нээлттэй мэдээллийн эрин зуун, орчин цагийн дэлхий ертөнцөд ирээдүй болсон хүүхэд залуусыг эх оронч, үндэсний үзэл ухамсартай хүн болгон төлөвшүүлэх онцгой хариуцлага багш нарын маань журамт үүрэг юм. Дэлхийн энд хүрч, хөгжил дэвшлийг бүтээх хүч нь эрдэм боловсролд, монгол хүнийг монгол хүн байлгаж, эх орондоо хэрэгтэй хүн болох ухамсар дархлаа суулгахын үндэс нь сурган хүмүүжүүлэх ухаанд шингэсэн байх учиртай. Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай алдарт “Багш” найраглалдаа

Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм хэмээн багш таны тухай шүлэглэсэн нь бий.

Багш хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа Монголын нийт багш нартаа ард түмнийхээ нэрийн өмнөөс болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар хүндэтгэл, талархлаа илэрхийлж, эрдмийн гэгээн үйлсэд нь их амжилт хүсэн ерөөе.

Номын цагаан лавай мөнхөд эгшиглэж

Номт хүний мөр мөнхөд тодорч байх болтугай, Бидний эх оронд!

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш нарын баярт зориулж мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,
Боловсролын салбарын үе үеийн нийт ажилтнууд аа,
Багшийн эрдмээр мэдлэг оюунд тэмүүлж яваа сурагч, багачууд, оюутан залуус аа,

Монголын ирээдүй үеийг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх хүндтэй үйлсэд зүтгэж байгаа Та бүхэндээ багш нарын баярын мэндийг дэвшүүлж, баяр  хүргэе.

Энэ жилийн багш нарын баяр Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн түүхэн ойн жилтэй давхцан тохиож байна.

Нэгэн зууны түүхэн ойн жил Монгол Улсын боловсролын салбар өмнөх зууны түүхээ дүгнэж, ирэх зууны дэлхийн хөгжилд хөл нийлүүлэх цогц шинэчлэлийн зорилгоо тодорхойлоод байна.

Та бид дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учирсан хамгийн том сорилт болох цар тахалтай тулгараад хоёрдахь жилдээ ажиллаж, амьдарч байна. Цар тахлын нэн хүнд үед цахим сургалтаар боловсролын салбарын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, ачааны хүндийг үүрсэн нийт багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэн энэ цаг үеийн баатрууд билээ. Монгол Улсын 840 мянга гаруй суралцагч, оюутан, эцэг эхчүүд Та бүхнээр бахархаж, бас гүн талархаж байна.

Ковид-19-ын эсрэг вакцины бүрэн тунд Монгол Улсын нийт хүн амын 65.5 хувь хамрагдаж, 12-17 насны хүүхдийн вакцинжуулалт 80 хувьд хүрснээр танхимын сургалтыг эхлүүлэх боломжийг бүрдүүлж чадлаа.

Боловсрол бол бидний ирээдүй мөн. Монгол Улсын Засгийн газраас монгол хүний дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуусыг суралцах тэгш боломжоор хангах, чанартай боловсролыг идэвхжүүлэх зорилгоор боловсролын салбарын эрх зүйн цогц шинэчлэлийн багц хуулийг Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлж эхлээд байна.

Боловсролын цогц шинэчлэл хэрэгжсэнээр цахим боловсрол болон үр дүнд суурилсан үнэлэмжийн тогтолцоог бий болгож, багш суралцагчдын ажиллах, суралцах орчныг сайжруулан, их, дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон дэвшил гарах болно.

Мөн өнөөдөр Монголын оюутны өдөр тохиож байна. Их, дээд сургууль, коллежид суралцаж буй 150 мянга гаруй оюутан залуучууд Та бүхэндээ оюутны өдрийн мэндийг дэвшүүлье.

Монголчууд эртнээс “Эрдэм ном эрхэм баян” хэмээн эрдэм мэдлэгийг дээдэлж ирсэн уламжлалтай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Шинэ Монголын залуу үе Та бүхэн сонгосон мэргэжилдээ хичээнгүйлэн суралцаж, хүсэл тэмүүллийнхээ эзэн болж, хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй.

Эрдэмт багш нарын мятрашгүй зүтгэл, ирээдүй үеийн мэдлэг оюуны шавхагдашгүй хүчээр эх орон минь хөгжин мандах болтугай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазар

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд соён гэгээрүүлэгчид ээ!

Та бүхэндээ эрдэм номын эрхэм чухаг үйл хэргийг түүчээлэн манлайлж, оюун мэдлэгийн охь ундарга болсон эрдэм боловсролыг түгээн дэлгэрүүлж, сурган хүмүүжүүлэх их үйлсийг хүн чанар, хүнлэг сэтгэлээр өвлүүлэн үлдээж буй хүндэтгэл өндөр, хүндлэл өргөн үйл хэрэгт тань талархал илэрхийлж, дэлхийн багш нарын өдрийн баярын мэндийг хүргэе.

НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос 1994 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨР болгон зарласан бөгөөд хүн төрөлхтний соён гэгээрэл, эрдэм боловсрол, өсөн дэвжих ур чадвар, оюун мэдлэг, итгэл найдвар, хөгжил дэвшил, ололт амжилтад оруулж буй багш ТАНЫ алдар гавьяанд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Та бүхний өмнө тулгарч буй саад бэрхшээл, хүнд хэцүүг эцэслэн шийдвэрлэхийг дэлхий нийтэд уриалдгаараа энэ өдрийн утга учир оршдог гэдэгт итгэлтэй байна.

Тиймээс ч дэлхий нийтийг хамарсан цар тахал “Ковид-19”-ийн хүнд хэцүү цаг үед Монгол Улсын боловсролын салбарын хатуу хөтүү бүхнийг нуруундаа үүрч, халдварын эрсдэлийн үнэн байдалтай нүүр тулж, сургуулийн өмнөх насны нялх балчир үрсээс эхлээд сурч мэдэхийг хүссэн нас насны мянга мянган шавийнхаа итгэл найдвар, түшиг тулгуур, хүсэл мөрөөдлийнх нь хөтөч байж, цахим шинэчлэлийн түүчээлэгч байж чадсан Та бүхэндээ дахин талархал илэрхийлж, сайн цагийн ерөөл өргөе.

Мөн эрт эдүгээ цагийн хэлхээнд мөнхөрч үлдсэн бичгийн их өв соёл хийгээд сурган хүмүүжүүлэгч их мэргэдийн алдар гавьяаг хүндэтгэн алдаршуулахын зэрэгцээ дэлхийн орчин цагийн боловсролын шинэчлэл өөрчлөлтийг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэн нутагшуулах эрдмийг дээдэлж, багшийг хүндэтгэдэг ШИНЭ УЛААНБААТАР ХОТЫН соён гэгээрлийн бодлогод Та бүхнийг урин залж, хамтдаа хэлэлцэж, хамтдаа хэрэгжүүлэхийг урьж байна.

Та бидний хамтдаа боловсруулсан бодлогын үг, өгүүлбэр, зорилго, зорилт, үр дүн, хэрэгжилт бүр Улаанбаатар хотын боловсролын салбарыг хөгжүүлж, боловсролын хоцрогдлыг арилгаж, боловсролын тэгш бус орчныг илааршуулж, боловсролын салбарын багш, ажилтан, ажиллагсад нэг бүрийн амьдралын чанар, нийгмийн баталгааг хангахын төлөө зориулагдана гэдэгт итгэлтэй байна.

Мянган боломжийн түлхүүрийг атгуулж, мянган сайхны үүдийг нээгч багш Танд дахин баярын мэнд хүргэж, сурган хүмүүжүүлж, соён гэгээрүүлэх их үйлсэд тань өрнүүн дэлгэр амжилтыг ерөөе.

Эрдэм мэдлэг өнөд чухаг

Эрдэмтэн багш нар минь хүндтэй эрхэм байг ээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж