АНУ нь цэргээ Афганистанаас гаргаж, Талибан бүлэглэл төрийн эрхийг авснаар бүс нутгийн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж эхэллээ. Афганистаныг талибанчууд захирах болсон нь хөрш орнууд төдийгүй Төв Азийн бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна. Тухайлбал, Афганистан-Тажикистаны хил дээр үүссэн зөрчилд ОХУ-ын гадаад хэргийн яамнаас онцгой анхаарал хандуулж байгааг мэдээлсэн. Мөн Пакистаны ерөнхий сайд Имран Ханы зүгээс Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмонд хандан Талибантай зөрчлөө намжаахыг уриалсан байна. Хөрш Узбекистантай харьцуулбал Тажикистан нь талибан бүлэглэлтэй шууд харилцаж үзээгүй. Тажикистаны ерөнхийлөгч өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд хэлсэн үгэндээ Талибан бол Аюулгүй байдлын зөвлөлөөс нэрлэсэн террорист бүлэглэл хэмээгээд, Афганистаны нөхцөл байдал геополитикийн ээдрээтэй үйл явцыг улам түвэгтэй болгож байгааг онцолжээ. Мөн тэрбээр “Афганистан дахин олон улсын терроризмын гол цөм болох замдаа орлоо” гэж мэдэгдсэн юм. Үүний хариуд Талибаны ерөнхий сайдын орлогч Муллах Абдул Гани Барадар гэгч нь хөрш орны зүгээс Афганистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан. Тажикистантай зөрчил үүссэнээр Талибан бүлэглэл амиа золиологчдын тусгай батальоныг байгуулж, хилийн бүсүүдэд байршуулж эхэлснээ өнгөрсөн амралтын өдрөөр мэдэгдсэн. Хятад, Тажикистан улстай залгаа хилээ хамгаалах зорилгоор талибанчууд нутгийн хойд хэсгээр хилийн манаанд тэсрэх бөмбөг дэлбэлж амиа золиослогчдын тусгай батальоныг байршуулсан аж.
“Афганистан нь Евразийн геополтикийн чухал хөзөр байсаар ирсэн бол өдгөө их гүрнүүдийн шинэ “том тоглоом”-д жинхэнээсээ орж ирлээ” хэмээн “Strategic Intelligentia” компанийн захирал Барак Сийнер тодорхойлжээ. Түүний үзсэнээр Хятад, ОХУ нь олон улсын харилцаанд АНУ-ын эсрэг стратегийн түншлэлээ нэмэгдүүлж, Төв Азид нөлөөгөө бэхжүүлэх тус тусын ашиг сонирхолтой.
Эх газрын “зүрхэнд” оршдогоороо Төв Ази нь Евразийн стратегийн чухал бүс нутаг болж байна. Дорно зүгт Хятад болон Ази Номхон далайн бүс нутаг, өмнө зүгт Афганистан, Ойрхи Дорнодын улс болон исламын шашинт бусад улс, баруун болон умард зүгт Кавказ, Турк, Европ тив, ОХУ оршино.
Хятадын талаас Төв Азийн орнуудад хөрөнгө оруулалтыг хийж, ОХУ-аас улс төрийн ойлголцол, шийдлийг зохицуулах зарчмаар хамтын ажиллагааны шинэ төвшинд хүрсэн. ОХУ нь хуучин Зөвлөлт засгийн үед байсан дэд бүтэц, эдийн засгийн хамаарлаа ашиглан Төв Азийн стан орнуудад нөлөөгөө дахин сэргээхийг хичээж байна. Харин бүс-зам санаачилгын хүрээнд Хятад улс нь Төв Ази даяар хөрөнгө оруулалтыг цацаж, эдийн засгийн хараат байдал үүсгэх замаар нөлөөгөө нэмэгдүүлж эхэлсэн. Ингэснээр Төв Ази дахь өрсөлдөөнд АНУ шахагдаж эхлээд байв.
Харин АНУ нь Афганистаныг орхисноор Төв Ази дахь ОХУ, Хятадын нөлөөгөө тэлэхэд саад учруулна гэж тооцжээ. АНУ нь цэргээ татсанаар Афганистаны нөхцөл байдлыг хүссэн хүсээгүй ОХУ, Хятад улсууд зохицуулах шаардлага тулгарч байна.
Афганистаны зөрчил хөрш орнууд руу хальснаар хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний стан орнууд, цаашлаад ОХУ-ын аюулгүй байдал, Төв Азийн тогтвортой байдалд заналхийлж эхлэх юм. Хятадын хувьд Афганистантай 74 км газраар хиллэдэг. Афганистан нь Хятад-Пакистаны эдийн засгийн корридор болон Хятадын баруун, баруун өмнөд хэсгийн худалдааны гол зам дагуу оршдог. Түүнчлэн талибанчууд Хятадын алс баруун хязгаарын Шинжаан-Уйгурт нөлөөлөх, цаашлаад Ази-Европыг холбох бүс-зам дэд бүтцийн санаачилгад Афганистан хамгийн том саад болно. Тажикистан, Туркменистан нь Хятадын хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Тодруулбал, Талибан бүлэглэл хөрш Тажикистан, Туркменистаны дэд бүтцэд халдвал энэ нь Хятад руу дамжуулах эрчим хүч, байгалийн баялгийн нийлүүлэлтэд саад учруулна. Түүнчлэн Казахстан, Узбекистанд зөрчил үүсвэл Хятадын худалдааны маршрут хаагдана.
АНУ нь өнгөрсөн оны хоёрдугаар сард “Талибан” бүлэглэлийн босогчидтой энхийн хэлэлцээр байгуулснаар 20 шахам жил үргэлжилсэн дайныг дуусгах эхний алхмыг хийсэн. Улмаар АНУ-аас Афганистан дах цэргүүдээ шат дараатай гаргаж эхэлсэн юм. АНУ-ын цэргүүд гарсны дараа Афганистаны засгийн газар Талибан босогчдод эзлэгдэн, Ерөнхийлөгч нь хөрш орон руу зугтсан. Талибан бүлэглэл богино хугацаанд Афганистаныг бүхэлд нь эзэлж, хяналтаа тогтоосон билээ.
Холбоотой мэдээ