"Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл"-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа боллоо. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд дэд бүтцийн хөгжил төсөл 2019 оноос эхлэн хэрэгжсэн билээ. Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 6800 ширхэг гэрэлтүүлгийн угсралтын ажил гүйцэтгэхээс одоогийн байдлаар 10 хорооны 2826 ширхэг гэрэлтүүлгийн ажил дуусч, Улсын комисс ажиллан байнгын ашиглалтад хүлээж авлаа.
Ёслолын ажиллагаанд, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Сонгинохайрхан дүүргийн IX хорооны Засаг дарга Л.Бямбадорж, Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд болон 9 дүгээр хорооны иргэд оролцов.
Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 13200 ширхэг гэрэлтүүлэг ашиглагдаж байна. Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газрын дэмжлэгээр 6800, Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1500 ширхэг гэрэлтүүлгийг энэ онд бүрэн суурилуулах ажил үргэлжилж байна. Энэхүү ажил бүрэн хэрэгжиж дууссанаар дүүргийн гэр хорооллын бүсийн 90 гаруй хувь бүрэн гэрэлтүүлэгтэй болох боломж бүрдэх юм. Энэхүү гэрэлтүүлгийн ажилд гүйцэтгэгч компаниудаас эхлээд маш олон хүний хөдөлмөр шингэсэн тиймээс хамтран ажиллаж буй та бүхэндээ талархаж байна. Сонгинохайрхан дүүргийг 2021 онд иргэдэд ээлтэй ногоон дүүрэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилтот орчны гэрэлтүүлэг хамгийн чухал юм” хэмээн хэллээ.
Сонгинохайрхан дүүргийн 3, 7, 9, 10, 11, 21, 23, 30, 31, 32 дугаар хороодод суурилуулсан Австри улсад үйлдвэрлэгдсэн гэрэлтүүлгийн шонгууд нь тусгайлан Монгол Улсад зориулагдсан бөгөөд гэрэлтүүлэгчүүд нь эрчим хүчний хэмнэлттэй, илүү тод, зуун мянган цагийн ашиглах хугацаатай, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зэврэлт, доргилтод тэсвэртэй дээд зэргийн хайлшаар хийсэн юм.
Холбоотой мэдээ