Ардчилсан намын гишүүн Д.Монголхүү, “Зон олны нам”-ын дарга Э.Одбаяр нарын хүмүүс “No Naadam” хөдөлгөөний хамтаар, Засгийн газарт огцрох шаардлага хүргүүлж байв. Тэд энэ удаа "NoDoubleStandard" эсэргүүцлийн жагсаалыг Сүхбаатарын талбайд 18 хоног хийж буй. Цар тахлын улмаас иргэдийн үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хаан боогдуулж байгааг эсэргүүцэж, дуу хоолой болж яваа иргэн Д.Монголхүүтэй ярилцлаа.
–"NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөн 10 гаруй хоног Төв талбай дээр жагсч байна. Та нар шаардлагын хариуг эрх баригчид өгсөн үү?
–Бидний жагсаал өдөр болгон үргэлжилж байгаа. Гэвч эрх баригчдын зүгээс шаардлагын дагуу ямар нэгэн хариу өгөөгүй байна. Жагсаалд эмнэлгийн ажилчдын төлөөлөл болон цар тахлын улмаас хайртай хүмүүсээ алдсан иргэд нэгдэж байна. Тэд хэдийгээр жагсаалд бүтэн өдөржингөө сууж чадахгүй ч тодорхой хугацаанд хамт байж, санал бодлоо солилцон, өөрсдийнхөө оролцоог илэрхийлж байгаа.
-Иргэд МАН-д л итгэж саналаа өгсөн. Тиймээс өөрсдийнх нь сонголтын алдаа гэх хүмүүс байдаг. Та энэ талаар юу хэлмээр байна?
-Нийгмийнхээ зарчмын хувьд цор ганц буруутан нь Засгийн газар. Эрх чөлөөний үзэл талаасаа яривал сонгогчдын буруу биш. Учир нь Ардчилсан нийгэмд хувь хүний сонголтыг хэзээ ч буруутгаж болохгүй. Миний хувьд либериал үзэлтэй хүн учраас хэзээ ч бусдын сонголтыг буруутгахгүй.
Иргэдийнхээ сонголтыг авч, “Бид чадна, бидэнд итгээрэй” гэж том амлалт өгсөн эрх баригчид ажлаа хийж чадаж байна уу гэвэл үгүй. Өнөөдрийн нийгмийн хямралд шууд Засгийн газрын буруутай.
–Cүүлд цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авахаар саатуулсан. Таныг ямар үндэслэлээр түр саатуулав?
-Цагдаагийн алба хаагчийг иргэд ямар үед эсэргүүцдэг вэ гэхээр эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль ёсны бус шаардлага тавихад эсэргүүцдэг. Хуулийн дор иргэн бүр тэгш эрхтэй гэдэг биз дээ. Хэрвээ цагдаа надад хууль ёсны шаардлага тавьсан бол би ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэн оргон зайлах гэж оролдсон эсвэл эсэргүүцэл үзүүлсэн нөхцөлд бусдад хүч хэрэглэх эрх нь үүсдэг. Гэтэл би цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй.
Би хайрцаг доторхыг шалгаж, зөрчлийн чанартай хорт хий, тэсэрч дэлбэрдэг бодис байвал хурааж аваарай. Хэрэв ямар нэгэн зөрчилгүй бол биднийг талбай руу чөлөөтэй нэвтрүүлэхийг хүссэн. Гэтэл цагдаа нар Төв талбай руу нэвтрүүлэлгүй, хайрцагтай гутлыг хурааж авахад нь би хайрцагтай гутлаа өгч явуулахгүй гээд гүйтэл цагдаа нар хүч хэрэглэж баривчилсан.
Намайг баривчилсаны дараа мэдүүлэг авна гэхэд нь би өгөхгүй гэдгээ хэлсэн. Миний гар мэдээ алдаад байхаар нь “Хуучин бэртэл сэдэрчихлээ” гээд түргэн тусламж дуудахыг хүссэн. Түргэний эмч ирж, үзээд “Гэмтлийн эмнэлэгт гарныхаа зургийг авахуулах шаардлагатай” гэдэг зөвлөгөө өгсөн. Тэгээд удаан хүлээсний эцэст даргатай нь уулзаж, дараа нь эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмч зөвлөхдөө “Хуучин бэртлээ сэдрээсэн учраас хэд хоног гараа сойж явах хэрэгтэй” гэсэн юм.
-Ер нь жагсаал цуглаан хийх зөвшөөрөл авсан юм уу?
-Ардчилсан улсад иргэд хэзээ ч хэн нэгнээс зөвшөөрөл авч эрх чөлөөгөө эдэлдэггүй юм. Хоёрт, Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй” гэж заасан байдаг. Эрхтэй гэж заагаагүй шүү. Эрх чөлөөтэй гэдэг нь халдашгүй дархан баталгаатай эдлэх эрхийг хэлдэг.
Манай цагдаа нар жагсаал хийж байгаа хүмүүсийг юу гэж дээрэлхдэг вэ гэхээр “Та нар зөвшөөрлөө аваагүй байна” гэдэг. Уучлаарай, бид зөвшөөрөл авах шаардлагагүй. Хуулиар жагсаал цуглаан зохион байгуулахдаа мэдэгдэнэ гэж үг бий. Мэдэгдэх, зөвшөөрөл авна гэдэг хоёр үг тэс өөр утгатай. Цагдаа нар хуулийг буруу хэрэглэдэг гэсэн үг.
-“No naadam” жагсаал зохион байгуулсан төрийн бус байгууллагыг Хятадаас санхүүжилт авсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдсан. Үүнд тайлбар өгөөч?
-Хятадын эрх баригч коммунист нам бидэнд гурван тэрбум төгрөг өгсөн гэхээр гоё л сонсогдож байна. Тэр их мөнгийг нь авчихмаар байна. Таван цаас нь ч хаа юм бэ. Тийм зүйл байхгүй.
–"NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөний ард хэн нэгэн эрх мэдэлтэн, улс төрийн нам байна уу?
-Хардах эрх иргэн бүрт нээлттэй. Хэн ч хэнийг ч хардаж болно. Гагцхүү гүжирдэж л болохгүй. Би бол Ардчилсан намын гишүүн хүн. Би энэ намын гишүүн гэдгээ хэнээс ч нуудаггүй. Манай Э.Одбаяр Зон олны намын дарга. н.Баярмагнай Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн гэх мэт улс төрийн намын харъяалалтай иргэд ч байна. Улс төрийн намтай огт хамааралгүй иргэн ч бий. Бид сая төв талбай дээрх зохион байгуулалттай, жагсаалыг харлаа шүү дээ. Ардчилсан нам улс төрийн намынхаа хувиар зохион байгуулалтад орж, талбай дээр үгээ хэллээ. МАН ч гэсэн жагсаал хийхдээ бөөнөөрөө жагсаад л явдаг.
Гэтэл өнгөрсөн 18 хоногийн хугацаанд бидний жагсаалыг анзаарсан бол иргэний байр сууриас үгээ хэлж, иргэд олноороо цуглахгүй байгаа биз дээ. Мэдээж, хүн өөрийнх нь хувийн амьдралд асуудалгүй бол жагсаал хийгээд байх шаардлагагүй. Хувийн амьдралд нь асуудал үүссэн хүмүүс гарч ирж, яагаад ийм байдалд хүрэх болов гэдэг шалтгаан, гарц гаргалгаагаа хэлж байна. Ер нь санхүүжиллтэй жагсаал уу гэдгийг өрнөж буй үйл явцаас нь харж болно.
-Таны хувьд хэзээ Ардчилсан намын гишүүнээр элссэн юм бэ?
-Намайг 1999 онд 16 нас хүрэхэд ээж минь Ардчилсан намын гишүүнээр бүртгүүлчихсэн байсан. Би Ардчилсан намын гишүүн болсноо өөрөө ч мэдээгүй. Би улс төрөөс тэс хөндлөн тулааны спортоор хичээллэж, найз нөхөдтэйгөө урлаг уран сайхан гэж явсаар байгаад 2017 онд нийгмийн амьдралд идэвхтэй орж ирсэн. Учир нь 2016 онд миний хоёр настай охиныг нохой хазаж, улмаар би хууль шүүхийн байгууллагад хандсан юм. Гэтэл хуулийн байгууллагынхан хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Учрыг нь асуухад, танай охин хашаанд уяатай байсан нохойнд өөрөө очиж уруулсан байна гэсэн. Тухайн үед би прокурорынх нь ширээг өшиглөөд гарч байсан. Тэндээс би хууль ингэж иргэн хүндээ хоёр өөр ялгаатай байдлаар хэрэгждэг гэдгийг ойлгосон. Тиймээ би нийгэмд хуулийг тэгш хэрэгжүүлэхийн төлөө өөрийн дуу хоолойгоо хүргэж, шударга бус байдлыг эсэргүүцэж явна.
-Та ингэхэд юу хийдэг хүн бэ?
– Би санхүүч мэргэжилтэй хүн л дээ. Одоо Монгол Улсын их сургуулийн хуулийн магистрын ангийн оюутан. Энэ өвөл төгсөнө. Ажил гэвэл 2019 оны төгсгөл хүртэл Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.
Мөн 2012-2016 онд нийслэлийн Аялал жуулчлалын газар ажиллаж байсан. Бас Монголын таэквондогийн холбооны шүүгч хийдэг. Хажуугаар нь нэмэлт орлого гэвэл кино, реклам сурталчилгаанд тоглочихно.
–Хонхэрээдийн Б.Энхбат “No naadam” жагсаал зохион байгуулсан хүмүүсийг заналхийлсэн. Түүнд ямар нэгэн хариуцлага тооцсон болов уу?
-Б.Энхбатад хариуцлага тооцсон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Миний гомдлын хариу одоо хүртэл ирээгүй. Тэр хүний талаар Улсын ерөнхий прокурор дээр гомдол гаргаж өгсөн. Ерөнхий прокуророос зохих харьяаллын газар руу шилжүүлсэн гэсэн. Шилжүүлсэн газраас нь ямар нэг хариу өгөөгүй.
-Ер нь улс төрд орох сонирхол байна уу?
-Би өөрийгөө аль хэдийн улс төрд орчихсон явж байна гэж боддог. Өнөөдөр иргэдийн эрх ашиг хог дээр үсэрч байна. Төр засаг нь иргэдээ үнсэнд хаясан шалз шиг байдалд хүргэсэн. Тэгэхээр одоо иргэд нь өөрсдөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг, төр засагтаа хяналтаа тавьдаг соёлыг суулгах хэрэгтэй. Би үүний төлөө л өдөр бүр талбай дээр гарч ирж байна. Эрх мэдлийн бүх төвлөрөл нэг талдаа гарчихаад байна. Иргэдээ хамгаалах сөрөг хүчний нөмөр нөөлөг ямар байдалд хүрээд байгаа билээ. Тэгэхээр биднийг хамгаалдаг нийгмийн байгууллага нэг талд гарч байгаа юм чинь иргэд нь өөрсдөө хяналтаа тавья, ийм соёлд суралцая.
Миний хувьд ирэх 2024 оны сонгууль нэр дэвших эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би Ардчилсан намын гишүүн. Хэрвээ сонгуульд нэр дэвшихээр болбол намас дэвшиж таарах болов уу. Гэтэл нам нь намайг дэвшүүлэх ч юм уу.
Холбоотой мэдээ