"Газрын тосны үйлдвэр зөвхөн АИ-95 шатахуун үйлдвэрлэнэ"

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

"Газрын тосны үйлдвэр зөвхөн АИ-95 шатахуун үйлдвэрлэнэ"

"Газрын тосны үйлдвэр зөвхөн АИ-95 шатахуун үйлдвэрлэнэ"

 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ болж байна. Хуралдаанаар: 

  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонсоно.
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Хуралдааны эхэнд  Шадар сайд С.Амарсайхан:

-Дамжуулах хоолойн төсөлд Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг танилцуулж шийдвэрлүүлсэн. Төслийн ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниудын бараа ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлын хүрээнд Сангийн сайдын тушаалаар чөлөөлөх шийдвэр гарсан. Дээрх ажлын хэрэгжилт нь хангагдаад явж байна. Үүн дотроо хамгийн хүндрэлтэй нь тээвэрлэлтийн асуудал.

 Энэтхэгээс Тяньжин боомт руу хүргэх ачааны үнэ нэмэгдсэн. Тээвэрлэх байгууллага хүртэл олдохгүй байна.

Тяньжин боомтод бөөгнөрсөн ачаа бараатай холбоотойгоор Гадаад харилцааны болон Зам тээврийн сайд нарт тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгөгдсөн. Гэсэн ч энэ чиглэлийн ажил удаашралтай байна.

"ДОТООДООС  ЭНЭ ҮЙЛДВЭРТ НИЙЛҮҮЛЧИХ БАРАА МАТЕРИАЛ, ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ  АЛГА"

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг:

-Газрын тос боловсруулах үйлдвэр анх техник эдийн засгийн үндэслэл боловсруулж уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулахад 2018 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох байсан. Түүнээс хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр үндсэн 12 технологийн байгууламжтай. Энэ нь тус бүрдээ нэг үйлдвэр гэсэн үг. 2018 оны сүүлчээр 2023-2024 онд барилгын ажлыг дуусгана гэж тооцоолж байсан.

Тус үйлдвэр нь монголын хувьд анхных. Гэсэн ч Монгол Улсаас энэ үйлдвэрт нийлүүлчих бараа материал, техник тоног төхөөрөмж  алга. Бетоноос бусад гол бүх материалыг гаднаас авч байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2025 онд дуусгахаар ажиллаж байна. Цар тахлын хүнд цаг  үед энэхүү бүтээн байгуулалт явагдаж байна. Маш чухал ажил болох инженерийн ажил гурван жил үргэлжилсний эцэст дуусах шатандаа орсон. Лиценз технологийн ажлаас бусад нь дууссан. Инженерийн ажлыг хийхэд оролцсон АНУ-ын 13 компани, Энэтхэгийн найман компани бий. 

2020 оны хавраас эхлэн Монгол Улс  хөл хорио тогтоосон. Инженерийн зураг төслийн ажил  хойшилсон. Жишээ нь лизенз эзэмшигчдийн тендерийг 2020 оны дөрөвдүгээр сард багтааж авах төлөвлөгөөтэй байсан бол есдүгээр сард ирсэн. Бид үйлдвэрийн бүтээгдэхүүний гарцыг тодорхойлохдоо 2016-2019 оны хоорондох зах зээлийн судалгаанд тулгуурласан. Ингэхдээ 60 хувь нь дизель бүтээгдэхүүн. Бусад төрлийн шатахуун дундаас зөвхөн АИ-95 шатахуун үйлдвэрлэнэ. АИ-92, АИ-98  шатахуунаас татгалзсан.  АИ-98 зах зээлийн нэг хүрэхгүй хувийг эзэлдэг мөртлөө үйлдвэрлэхэд ажиллагаа ихтэй байсан. 

Газрын тосны үйлдвэрийн бүх зардлын 85-90 хувь нь түүхий тос эзэлдэг. Түүхий тосыг бид өнөө маргаашдаа гаргаж чадахгүй ч гэсэн монголын төрийн өмчит компани өөрөө түүхий тос хайх, үйлдвэрлэх эрхтэй болсон гэдэг нь нааштай зүйл.

Үйлдвэр шингэрүүлсэн шатдаг хий, авто бензин, онгоцны түлш, дизель, зуухны түлш үйлдвэрлэнэ. Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн зах зээлийн үнээс хамаагүй хямдхан байна. Борлуулалтын орлогоо бид гаалийн үнээр тооцож боддог. Гаалиар нефть импортлогч компаниуд нэг литр түлш, бензинийг ямар үнэээр оруулж ирж байгаа үнээр борлуулна. Эдийн засгийн тооцооллоор шатахуун түгээх станцуудын 15-20 хувийн ашиг үйл ажиллагааны зардлыг оруулж тооцоход одоо зарагдаж байгаа жижиглэнгийн үнээс хамгийн багадаа 25 хувиар бууруулах боломжтой.

Газрын тосны тухай хууль болоод бүтээгдэхүүн хуваах гэрээний салшгүй нэг хэсэг болох хурлын тэмдэглэлд “Монгол Улс өөрийн гэсэн үйлдвэртэй болвол Монгол Улсын газар нутагт олборлож байгаа түүхий тосыг тэргүүн ээлжид нийлүүлнэ” гэж заасан. 1.5 сая тонн газрын тос үйлдвэрлэнэ гэдэг тооцооллыг 2012 онд “Петрочайна дачин тамсаг “ компанийн орд ашиглалтын төлөвлөгөө гэдэг тоонд суурилж гаргасан. Тус компани 2017-2045 он хүртэл тасралтгүй 1.6 сая тонн тос олборлох төлөвлөгөөтэй. Энэ үүргээ уг нь гүйцэтгэх ёстой ч эрчим хүч, орон нутгийн иргэдийн эсэргүүцэл гэх зүйл яриад байдаг. Манай компани газрын тосны хайгуулын ажлыг эрчимтэй хийж байна.

Шадар сайд С.Амарсайхан:

-Дорнод аймгийн Давст-32 талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар ажиллаж байна. Энэ талбайд хайгуул хийнэ. БОАЖЯ, УУХҮЯ энэ ажлыг харилцан санал солилцоод эцэслэнэ. Бид жилд хоёр сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Цаашид энэ тоо өснө. Энэ төсөл харьцангуй хурдтай урагшилж байна. 30 мянган куб метр усан сангийн суурийг тавьсан. Усан сангийн 82 метр урт хоолой барих ажил эхэлсэн. Түүхий тос дамжуулах хоолойн тендерийг олон улсын хэмжээнд нэг сарын хугацаатайгаар УУХҮЯ зарласан. Энэ бол усны хоолой биш. Нэг сарын хугацаа хангалтгүй тул бид үүнд анхаарна. Бид энэ төслийг анх удаа хэрэгжүүлж буй тул туршлага дутсан, хүний нөөц хүрэлцээгүй гэх мэт асуудлууд тулгарсан. Гэхдээ ажлын хэсэг, төслийн баг, ерөнхий гүйцэтгэгч компани бүх нөөцөө дайчлан ажиллаж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэгийн компани ажилладаг. Бидний нэн тэргүүний зорилго дотоодын хэрэгцээг хангах, хоёрдугаарт экспортлох юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж