Гаалийн байгууллагын зүгээс эхний есөн сарын хугацаанд илрүүлсэн зөрчлийн талаар өнөөдөр /2021.10.05/ мэдээлэл хийлээ.
ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ХЭРЭГ БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА Б.СҮХБААТАР:
-Гаалийн байгууллага хуулийг хэрэгжүүлэгч байгууллага. Гаалийн ерөнхий газар он гарснаас хойш 776 зөрчил илрүүлж, 30 зөрчилд хэрэг бүртгэл нээн ажиллаж байна. Ердийн үед жилд 2000 гаруй зөрчил илэрч 10 гаруй тэрбум төгрөгийн торгууль тавьдаг байсан. Энэ онд Covid-19-тэй холбоотойгоор хил, гаалиар нэвтрэх бараа, бүтээгдэхүүн, хүнээс хамааралтай илрэх зөрчил, үйлдэл буурсан.
Монгол Улсын иргэн Х улсын хилээр гарах чиглэлд 133 мянга 700 юань буюу 58.9 сая төгрөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн. Мөн Монгол Улсын иргэн наймдугаар сарын 9-ний өдөр Өмнөд Африкаас 989.2 грамм буюу их хэмжээний мөс бодисыг улсын хилээр нэвтрүүлсэнийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн шалгаж, торгууль ногдуулсан. Дээрх гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүргийн иргэн Э нарыг холбогдуулан шалгасан. Тухайн хүн өмнө нь Хонконг улсад хар тамхи мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдлээд суллагдсан. Улмаар 2020 онд Монгол Улсад ирсэн ч ийнхүү дахин гэмт хэрэгт холбогдсон байна. Эдгээр зөрчил, хууль бус үйлдэлд зохих торгууль, шийтгэлийг оноосон.
Харин хилийн боомтуудтай холбоотой зөрчлийг хянан, шалгах ажил үргэлжилж байгаа. Гаалийн байгууллага цаашид зөрчлийг илрүүлэх, хяналтыг сайжруулах тал дээр илүү боловсронгуй болгох боломжтой.
Гаалийн байгууллагын хяналт шалгалтаар импортын бараа бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчил цөөнгүй гарчээ. Тодруулбал, БНСУ-аас 5.9 кг алт хилээр нэвтрүүлэх гэж байсан зөрчил гаргасан 18 этгээдийг шалгаж байгаа аж. Мөн "Монголд үйлдвэрлэсэн" гэх тодотголтой "Hulan-21" гар утсыг хилээр импортлохдоо гар утасны сэлбэг, хэрэгсэл гэж худал мэдүүлсэн зөрчлийг илрүүлжээ. Хэрэв зөрчил гаргасан иргэн торгуулиа төлбөл хураагдсан бараа бүтээгдэхүүнийг эргүүлэн олгохыг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Тухайн зөрчил гаргасан этгээдийн торгууль өндөр, эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөлд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх аж.
Холбоотой мэдээ