“МоЭнКо ХХК” нь Хөшөөтийн уурхайн нүүрс тээвэрлэлтийн ажлыг эхлүүлэхээс өмнө улсын хэмжээнд хамгийн урт 311 км хатуу хучилттай замыг өөрийн хөрөнгөөр тавьсан анхдагч компаниар нэрлэгддэг. Зам тавих ажилд тухайн үед 250 сая орчим ам.доллар зарцуулсан байдаг. Хөшөөтийн уурхайг Булган боомттой холбосон зам нь Ховд аймгийн 5 сумаар дайран өнгөрдөг. Энэ утгаараа нутгийн ард иргэд үнэ төлбөргүй зорчин үр ашгийг нь давхар хүртсээр ирсэн байна. Арав гаруй жил ашиглагдсан энэхүү хатуу хучилттай замд эвдрэл гардаг учир “МоЭнКо” компаний зүгээс жолооч, тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол зөрчлөөс сэргийлэх үүднээс зам засвар, үйлчилгээний ажилд жилд дунджаар 2 тэрбум төгрөгийг зарцуулж зам засварын ажлыг тогтмол хийсээр иржээ. Замын засвар, арчлалтыг “Алтайн зам” компани хариуцан ажилладаг бөгөөд энэ жилийн урсгал засварын ажлыг 9-р сарын 08-ний өдрөөс эхлүүлснээр зам засварын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай хийгдээд байна.