Өнөөдөр олон улсын багш нарын баярын өдөр. ЮНЕСКО-гоос жил бүрийн аравдугаар сарын 5-ныг ийнхүү зарласнаас хойш 27 дахь жилээ угтаж байна. Энэ өдрийг тэмдэглэх болсон нь дэлхийн өнцөг булан бүрт багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэ хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах зорилготой. Бас багш нарын өмнө тулгарч буй асуудал бэрхшээлийг шийдэхийг хичээж буй чухал мөч. Харин Монголд боловсролын салбарт амьдралаа холбосон мянга мянган багш энэ өдрийг цэцэг, шоколад тэргүүтэй урмын үгсээр “шагнуулж” баярладаг “уламжлал” аль хэдийн тогтжээ. Харин эцэг эхчүүдийн дунд талархсан сэтгэлээ илэрхийлэх нэг хэсэг байхад багшийн гарыг “цайлгах”-аас өөр аргагүй гэж боддог нь ч бий.
Энэ хандлага сүүлийн жилүүдэд улам ч газар авч, боловсролын салбарт авлига их бага хэмжээгээр үүрлэсний нэг тод илрэл. Нөгөө талд, цалин багатай, цаг наргүй гэж үргэлж гомдоллодог багш нарын мэргэжлийн онцлог, нийгмийн асуудлыг үгүйсгэх аргагүй ч эцэг эх, сурагчдаасаа гар “хардаг” нь ч бичигдээгүй хууль болжээ.
Гэвч эцэг эхгүй, амьдралын боломж тааруу хүүхдүүдэд ялгаатай байдлыг үүсгэж улмаар бусдад гадуурхагдах, насан туршдаа сэтгэл зүйн хувьд арилахгүй хар толбыг үлдээдэг нь нууц биш. Ялангуяа бага ангийн хүүхдүүдийн хувьд гол үлгэр дууриал авдаг хүн нь багш. Хэрэв багш нь хэн нэгнийг ялгаварлан гадуурхвал сурагчид даган дуурайдаг.
Сурлагын ялгаатай байдал, амьдралын боломж нөхцөлөөс нь шалтгаалан хүүхдийг алагчлах үзэл даамжирсаар хүүхдүүдэд тусгалаа олж сургуулийн орчин дахь хүчирхийлэл газар авах нь. Харамсалтай нь үүнийг хайхардаг нь ховор. Судалгаанаас харахад, хүүхдүүд сургуулийн орчинд багш болон тэнгийнхний дарамт шахалтад их өртдөг тухай ярьсан байдаг.
Нэн ялангуяа хүртээмжтэй боловсролын тухай ихээхэн шүүмжлэлтэй ханддаг байна. Тухайлбал, сургуулийн дэргэдэх дугуйлан, дамжаанд мөнгөтэй эсвэл онц сурлагатай хүүхдүүд л явдаг гэх хандлага 6-8 дугаар ангийн хүүхдүүдийн дунд түгээмэл байгаа юм. Ганцхан судалгаанаас л багш нар хүүхдэд бие махбодийн хүчирхийллээс гадна сэтгэл зүйн хувьд, сурлага, амьдралын боломжоор нь ялгаатай хандах нь хүүхдийн сэтгэл зүйд ямар хүнд тусч байгааг л харж болохоор.
Өнөөдөр бид хэчнээн ардчилсан нийгэм эрх чөлөө, Кембрижийн боловсрол, технологийн дэвшил ярилаа ч багш нарын хандлагыг өөрчлөхгүй бол ямар ч үр дүнгүй.
Монголын ирээдүй багш нарын гарт байдаг гэх. Гэтэл багш нар сахилгагүй хүүхэд бол муу сурагч, онц сурагч бол сайн гэх зэргээр бие махбод, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж байгаагаа ч “ухамсарладаг”-гүй социализмын үеийн хандлагаа өөрчлөхгүй бол ирээдүй сайхан байх тухай яриад ч хэрэггүй биз ээ.
Угтаа бол сургуулийн орчин нь хүүхэд бүр сурч хөгжихөд таатай, аюулгүй хүүхдэд ээлтэй хүчирхийлэлгүй орчин байх ёстой. Эсрэгээрээ багш нарын ёс зүйгүй үйлдэл нийгмийн “хорт хавдар” болжээ. Иймд багш нарын харилцаа хандлагыг үндсээр нь өөрчлөх учиртай.
Боловсрол, сэтгэл судлалын академийн захирал Н.Оюундалай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай академи нийслэл болон Дорнод, Хэнтий аймгийн 2000 хүүхэд, 700 гаруй эцэг эхийн дунд нийгмийн сэтгэл зүйн талаар судалгаа явуулсан. Судалгаагаар багш нар сэтгэл зүйн боловсролд хамрахгүй байгаа нь хүүхдийн хөгжил, хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс насанд хүрэгчдийн сэтгэл зүйн боловсролыг хөгжүүлэх сургалтыг дөрвөн жил зохион байгууллаа. Харамсалтай нь нэг ч багш хамрагдаагүй. Цаашдаа иргэдийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэхэд төр засаг анхаарах шаардлагатай байна” гэж байв.
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Боловсролын багц хуулийн төсөлд хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэх гол зорилгыг тусгажээ. Ийм атал сурагчдын сурлагын дүнгээр багшийг урамшуулна гэх. Энэ нь боловсролын салбарт хийх хамгийн гол шинэчлэлт болохыг ч УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням хэлсэн.
Тэрбээр өнгөрсөн Пүрэв гаригт төрийн ордонд “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг боловсрол” хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг танилцуулахдаа ийнхүү онцолсон билээ. Сурлагын дүнгээр багш нарын амжилтыг тодорхойлж, урамшуулах нь цалинг нэмэгдүүлж буй нэг хэлбэр мөн. Хэдийгээр Засгийн газар багш нарын цалинг нэмж, хуулиар хариуцлагыг нь чангатгасан ч ёс зүйгүй үйлдлийг нь хязгаарлаж чадаагүйг өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. Иймд боловсролын салбарт хүний нөөц, ур чадварын бодлогоор өөрчлөхгүй бол багш нарыг урамшуулсан ч соц хандлага өөрчлөгдөхгүй бол хүчирхийлэл улам гаарах нь.
Холбоотой мэдээ