Эмчийн магадалгаа буюу лист авах гэсэн иргэдийн дараалал өрхийн эмнэлэг дээр нэмэгджээ. Оочер өдөр бүр нэмэгдэх болсон шалтгаан нь Covid-19-өөр өвдсөн иргэдтэй холбоотой аж. Есдүгээр сарын 15-наас хойш өвчний магадалгаа бичих хуудас тасарч, иргэд бухимдаж байгааг албаныхан хэлэв.
Харьяа дүүргийн хяналтын эмчээс авах ёстой энэхүү бичгийг иргэд авахад хэдхэн минутын ажил байсан бол одоо 5-7 хоног оочерлож, сураглаж байж авдаг болжээ. Тодруулбал, Нийгмийн даатгал төлдөг иргэд жирэмсэн болон хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд лист авдаг. Гэтэл эмнэлгийн албан бичгээр баталгаажуулдаг тус маягтын цаас өрхийн эмнэлгүүдэд хүрэлцээгүй байна. Үүнээс болж халдвараар өвдсөн иргэд листний мөнгөө авч чадахгүй хугацаа алдаж байгаа юм. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулахад:
-Даатгуулагчдад эмнэлгийн хуудас олгох журам бий. Тэрхүү журмын дагуу хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсэн, амаржсан иргэдэд лист олгодог. НДЕГ цахимжих бодлогын дагуу албан бичиг, бусад төрлийн маягт, эмнэлгийн хуудас зэргийг цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Өнгөрсөн сард ачаалал ихэссэн учир лист олгоход хүндрэл гарсан. Учир нь эмнэлгийн хуудсыг тусгай заалтын дагуу олгодог.
Covid-19-өөр өвдсөн иргэд нэмэгдсэнээс сард дүүргүүдэд олгох, эмнэлгүүдэд хуваарилах хуудасны тоонд өөрчлөлт орсон байж болно. Түүнээс нийгмийн даатгалын газраас эмнэлгийн хуудсыг олгохгүй байх, цөөн тоогоор өгсөн зүйл байхгүй.
Даатгуулагчид харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвд хандан эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдсан бичиг баримтад үндэслэн лист бичүүлж авдаг. Энэ заалт хэвийн үргэлжилж байгаа. Өрх, дүүргийн эмнэлэг дээр лист өгөхгүй байна гэсэн гомдол, санал ирээгүй.
ЛИСТ БИЧИХ ХУУДСЫГ НДЕГ-ААС ДҮҮРГҮҮДЭД ХУВААРИЛЖ, ХҮРГЭСЭН
Есдүгээр сард зарим эмнэлэгт лист олгох боломжгүй байсан. Харин одоо бол тийм асуудал гарахгүй. Бид дүүргийн хэлтсүүд рүү явуулсан. Covid-19-өөр өвдсөн иргэдийн нэр программд ороогүй, мөн эмчийн үзлэг оношилгоонд орсон карт байхгүй зэрэг шалтгаанаар лист олгохгүй буцаах тохиолдол гардаг. Түүнийг нийгмийн даатгалын газар мэдэхгүй.
Ямар ч байсан энэ сард лист хангалттай олгогдоно гэсэн үг. Одоогоор зарим өрхийн эмнэлгүүдэд тараалт очоогүй байж болно. Бидний хувьд бүрэн татан авалт хийсэн. Тодорхой хэмжээгээр тоотой хэвлэж, дүүргүүдэд тараадаг. Дүүргийн хүн ам их, бага гээд ялгаатай.
Тухайн дүүрэгт аль нэг сард эмнэлгийн хуудас авах хүн их ч байж болох ч ирэх сард нь буурсан үзүүлэлттэй гарч магадгүй. Үүнийг бид тооцоолох боломжгүй. Лист олгох хуудсыг өдөр бүр хэвлэх боломжгүй гэдгийг иргэд ойлгож, хүлээцтэй хандах хэрэгтэй. Албан бичгийн хуудас учир сард тусгайлан хэвлэдэг. Тэгэхлээр нэг дүүрэгт дууслаа гээд тухайн хэсэгт тусгайлан хэвлэж өгөхгүйгээр бусад дүүргийг ч мөн хүлээнэ. Үүнээс болоод зарим эмнэлэгт лист олгохгүй байна гэсэн асуудал үүссэн байх гэдэг тайлбарыг өглөө.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүдээс тодруулсан боловч сард хэчнээн лист бичих хуудас хэвлэдэг талаар мэдээлэл өгсөнгүй. Зарим хүн лист бичих хуудас тусгай албан хуудас дээр бичигддэг учир тоо ширхгийг дарж, дамнан ашиглаж байж магадгүй гэж хардаж байгаа юм. Нэг өдөрт өрхийн эрүүл мэндийн төвд хандаж буй 50 гаруй хүн лист бичүүлэхээр сураглаж орж ирж байгааг эмч нар хэлсэн.
Гэсэн ч НДЕГ-ын мэргэжилтнүүд энэ онд Covid-19-өөр өвдсөн хэчнээн даатгуулагч лист бичүүлсэн тоог хэлэхээс ч татгалзлаа. Цахим хэлбэрт шилжиж, шинэчлэлт хийж байгаа. Бүх мэдээлэл шилэн болно гэдэг ч өрх, дүүргийн эмнэлгүүдийн ачааллыг нэмж буй асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаад иргэд бухимдаж байгаа юм. Листийг өвчний түүхэд үндэслэж олгох боломжтой болсон юм бол яагаад иргэд цахимаар авч болохгүй байгааг гайхаж байна.
Холбоотой мэдээ