Германы алдарт "Pfizer" компанитай хамтран цар тахлын эсрэг өндөр үр дүнтэй вакцин бүтээсэн "BioNTech" компанийн гүйцэтгэх захирал Угур Сахины хэлснээр цар тахлын вирус хувьссаар вакцины үйлчилгээ болон биеийн дархлааг үр дүнгүй болгож болзошгүй аюул ойрхон байгаа гэнэ.
Дээрх хоёр компанийн хамтран бүтээсэн "мРНХ" технологи бүхий вакциныг өнөөгийн байдлаар 130 гаруй оронд нийт 1.5 тэрбум тун тарааж цар тахалтай тэмцэж байна. Хэдийгээр тэдний бүтээсэн вакцин одоохондоо гоц халдварт дельта хувилбарын эсрэг хангалттай үр дүнтэй байгаа ч энэ байдал удахгүй байж магадгүй аж.
Угур Сахин энэ талаар “Вирусийн дараагийн хувилбарууд хүний дархлааны тогтолцоог эсэргүүцэх чадвар одоогийнхоосоо суларна гэсэн яг таг баталгаа үгүй. Тиймээс вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс хамрагдаж, хамрагдсан нь дараагийн тунгаа хийлгэх шаардлагатай байна” гэж ярьжээ.
Өнгөрсөн долоо хоногт "Merck" компанийн бүтээсэн “Молнупиравир” эм цар тахлын вирусийн гамма, бельта, мю хувилбаруудын эмчилгээнд өндөр үр дүнтэй, өвчин хүндрэх, нас барахаас 50 хувь сэргийлдэг гэдгээ гуравдугаар шатны клиник туршилтынхаа үр дүнд баталсан билээ.
Гэхдээ эрдэмтэд цар тахлын эмчилгээнд ашиглах өндөр үр дүнтэй эм гарсан нь вакцин тариулахгүй байх шалтгаан болохгүй гэдгийг анхааруулсаар байна.
Эх сурвалж: MARKETWATCH