Түлш тасалдсанд Б.Тавинбэх сайд "буруутай"

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

Түлш тасалдсанд Б.Тавинбэх сайд "буруутай"

Гэр хорооллынхон хөлдөх нь ээ, Н.Тавинбэх сайд аа!

Түлш тасалдсанд Б.Тавинбэх сайд "буруутай"

Covid-19-ийн цар тахалтай зэрэгцэн монголчууд шинжилгээ өгөх гэж, эмнэлэгт үзүүлэх гэж,  шатахуунтай залгах гэж, хөлдөж үхэхгүйн тулд сайжруулсан түлшинд картын барааны үедээ эргэн очсон мэт урт дараалалд дугаарлаж байна, 21-р зуунд. Үндсэндээ бид “оочерын” эх оронд амьдарч байна гэх хошин яриа ч гарах болж, ирэх сард юунд дугаарлахаа эртхэн зарлаач, төр засаг, дарга нар минь хэмээн ёожилж сууна, монголчууд.

Есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр хүйтэрч, хөрсөн дээрээ цочир хүйтэрнэ гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдэж байв.

Гэтэл сайжруулсан нүүрс үйлдвэрлэдэг компани нь өнөөдөр нөөц байхгүй, иргэд мөн л ихээр нөөцөлж, хомсдол үүсгэж байна гэж Эрчим хүчний сайд нь “загнав”. Угтаа бол иргэд сэрүү орж, хүйтэрсэн учраас түлэх түлшээ, дулаан хонохын тулд л түлшээ авахаар эрэл сурал болж, урт дараалалд оочерлон хонож байна.

ТҮЛШ ХОМСДСОН ШАЛТГААН ЮУ БАЙВ!

2021 хоёрдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Таван толгой түлш” компанийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж, энэ ажлыг гардаж хийх хүнээр Н.Тавинбэх сайдыг томилжээ.

Ингэхдээ долдугаар сарын 10-ны дотор шилжүүлж, барилгыг нь  аравдугаар сарын 1-ний дотор угсарч дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.

Баруун бүсийн үйлдвэр нь аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн дунд байрладаг. Түлшний үндсэн түүхий эд /мидлинг/ болох нүүрсний ил овоолго, нунтаг нүүрсний тоосжилтоос болж орчны болон хөрсний бохирдол үүссэн байна. Бохирдолтой бүсэд 639 айл өрх, 27 аж ахуйн нэгж, байгууллага байдаг гэсэн судалгаа гарчээ. Үйлдвэрийг нүүлгэн шилжүүлсний дараа нөхөн сэргээлт хийж бохирдлыг арилган барилга, байгууламжийг нь түлшний нөөцийн агуулах хэлбэрээр ашиглах Засгийн газрын шийдвэр гарсан.

Өөрөөр хэлбэл, “Таван толгой түлш” компанийн нүүлгэн шилжүүлэх, аравдугаар сарын 1-ээс өмнө барилгын ажлыг дуусгаж, иргэдийг түлшээр хангах үүрэг өгөгдсөн ч өнөөдрийн хүртэл тодорхой шийдвэр гараагүй бөгөөд Н.Тавинбэх сайд нь түлшний цэгийг сайжруулчихна хэмээн ярьж сууна.

Түүгээр зогсохгүй “Таван толгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, НИТХ-ын дарга Ж.Баятбаясгалан “Өнөөдрийн үүсээд байгаа хомсдол нь хэрэглэгчийн тоо нэмэгдсэнтэй холбоотой” хэмээн тайлбарлаж сууна.

Засгийн газрын шийдвэрийн дагуу  нүүлгэн шилжүүлэлт хийх хөрөнгө, цаг хугацааны хувьд боломжгүй учраас баруун бүсийн 2 дугаар үйлдвэрийг шилжүүлэх арга хэмжээг авахаар Эрчим хүчний яам төлөвлөжээ. Түүгээр зогсохгүй Налайх дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах боломжгүй болсноо ч Хотын дарга Д.Сумъяабазарт мэдэгдсэн байна.

Ийн Эрчим хүчний яам, Хотын дарга, Засгийн газрын шийдвэрүүд хөрсөн дээрээ хэрэгжих боломжгүй болж, өнөөдрийн түлшинд дугаарлах, түлшний эрэлд орох нөхцөл үүджээ.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгоор 2021 оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан ч нүүлгэн шилжүүлэлт талаар болж, өнгөрсөн наймдугаар сараас эхлэн шахмал түлшний үйлдвэрлэлийг эхлүүлжээ.  Гэвч төлөвлөсөн, цаг хугацаандаа эхлээгүй учраас өнгөрсөн есдүгээр сард түлшний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 56 хувь /32800 тонн/-иар бага байгааг Хотын дарга Эрчим хүчний яаманд сануулж байжээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 100кВт-аас дээш хүчин чадалтай 463 усан халаалтын зуух нь жилд дунджаар 212-216 тонн, Налайх дүүргийн 8 хорооны 7226 айл өрх 26 мянган тонн орчим сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоолол гаргажээ.

Гэвч өнөөдөр нийслэл 2021-2020 оны халаалтын улирлыг даван туулахад хүндрэл учрах нөхцөл үүсч болохыг ч албаныхан сануулж, бие биедээ бичиг цаас шидэлцэж байжээ. Үүнтэй зэрэгцэн “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчид ажил хаяж, даргаа огцруулах улс төр хийж, иргэд нь дулаан хонохын тулд түлшиндээ дугаарлаж байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг шиг иргэдээ түлшээр хангах үйлдвэрийнхэн нь ажил хаяж, сайд, дарга нар нь түлш хомсдсон буруугаа бие биерүүгээ түлхэлцэж сууна.

  • Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр түлшний асуудлаар албаныхантай уулзаж, "Зүүн бүсийн үйлдвэрийг Баруун бүсийн үйлдвэртэй нийлүүлэх нь бодлогын том алдаа байсан. Ийм бүтэлгүй зүйл санаачилсан улсууд, Улаанбаатар хотын айл өрхүүдийг дулаан хангамжаар нь тасалдуулж байгаа нь санаатай юм уу, санамсаргүй юм уу” хэмээн Н.Тавинбэх сайдад үг дайсан юм.
  • Харин үүнийх нь хариуд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайд “Баруун бүсийн үйлдвэрийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажил хангагдаж байна. Үйлдвэртэй холбоотойгоор түлш тасалдсан асуудал огт гараагүй. Хэрэглээнд үндэслэж, түлш борлуулах цэгүүдийн тоог нэмдэг. Тиймээс 100 цэг нэмэхээр болсон. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч иргэдийн худалдан авалт өөр өөр байдаг. Хуучин нэг өрхөд зургаан шуудай сайжруулсан шахмал түлш олгодог байсан. Шаардлагатай бол өрхөд олгох тоог нэмэх боломжтой. Өнгөрсөн жил өдийд 50 мянган тонн сайжруулсан түлшний нөөцтэй байсан. Энэ жил нөөцийг 20 мянган тонноор нэмэгдүүлсэн. Үйлдвэрлэл хомсдол үүсэхэд нөлөөлөөгүй” гэсэн арьсаа хамгаалсан тайлбарыг хийв.

Нийслэлийн иргэдийн амьдрал хүссэн хүсээгүй Д.Сумъяабазар сайдад, Эрчим хүчний асуудал нь Н.Тавинбэх сайдад хамаарна. Тэгэхээр түлш цаашид хомсдох, нийслэл хөлдөх эрсдэл үүссэнд ч тэд ижилхэн хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ өнөөдөр шатахууны хомсдол үүсгэсэн буруутан олдохгүй шиг түлшний хомсдол үүсгэсэн буруутан ч бас олдохгүй өнгөрөх вий дээ, Ерөнхий сайд аа!

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж