Мэргэжлийн холимог тулааны UFC холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов, өрсөлдөгч нь тодорхой болжээ. “Талын шуурга” хочит түүний хувьд аравдугаар сарын 16-ны өдөр америк тулаанч Брэндон Дэвистэй тулалдах аж.
Д.Батгэрэл саяхан Монтел Жексонтой тулалдах байсан ч визний асуудал үүсч, тулалдаж чадаагүй юм.
“Алуурчин Би” хочит Брэндон Дэвис нь энэ жил 31 настай, тамирчны замналдаа 14 ялж, найм ялагдсан үзүүлэлттэй. Тэрбээр GCMMA холбоонд хийсэн сүүлийн дөрвөн тулаандаа дараалан ялаад байгаа боловч UFC-д хийсэн хоёр тулаандаа дараалан ялагджээ.
Манай тамирчны хувьд UFC холбоонд хийсэн хоёр тулаандаа дараалан ялаад байгаа бөгөөд хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард Кевин Нативидадтай тулалдаж ялсан билээ.
Д.Батгэрэл UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна.