Кабул хотын сүмийн гадаа халдлага болж, дор хаяж хоёр хүн нас барж, гурван хүн шархаджээ. Сүмд талиб эрх баригчдын нэгнийх нь ээжийн оршуулах ёслол болж байжээ. Хэрэг болсноос хойш удалгүй гурван сэжигтнийг олж баривчилсан байна.
Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахидийн мэдээлснээр, Кабулын хоёр дахь том сүм Эйд Гахын гадна хүмүүс цугларсан үед халдлага болсон аж. Тэрбээр “Сүмийн үүдэнд цугларсан олны дунд гэнэт бөмбөг дэлбэрсэн. Улмаар хэд хэдэн хүн нас барлаа” гэж цахим орчинд бичжээ.
Сүмд Мужахидийн өнгөрсөн долоо хоногт өөд болсон ээжийн оршуулгын ёслол болж байжээ. Тэрбээр бүх таньдаг хүмүүсээ ёслолд урьсан байв.
Албаны эх сурвалжууд халдлагын улмаас дор хаяж хоёр хүн нас барж, гурван хүн шархадсан гэж мэдээлсэн юм. Гэвч нэрээ нууцалсан өөр нэгэн албан тушаалтан дээрх үйл явдлаас болж дор хаяж 12 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан гэж мэдээлжээ.
Эх сурвалж: RT