С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгт холбогдож шүүхээс ял авсан ч батлан даалтад гараад буй Т.Чимгээ хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар сошиалаар маргасан билээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор та байр сууриа илэрхийлсэн байсан. Харин таныг Хууль зүй, дотоод хэргийн сайд болох сонирхлоо илэрхийлсэн гэж Х.Нямбаатар сайд хэлсэн байсан?
-Яагаад аргал хөдөлгөөд байгааг ойлгохгүй байна. Хэн аргал хөдөлгөөд юунаас айгаад байгаа юм бэ. Яллагдагч нар өнөөдөр ч гэм буруутай нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, алуурчин биш, мөн ч гэж үзээгүй байгаа.
-Т.Чимгээгийн нэвтрүүлгийг үзсэн байх. Шүүхээр гэм буруутай эсэхийг нь эцэслээгүй байхад яллагдагч ингэж нэвтрүүлэгт орох нь хууль зөрчиж байгаа үйлдэл үү?
-Улсын нууцын статусаа хадгалж байгаа хэрэг дээр яллагдагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэх нь хязгаарлагддаг. Улстөрчид энэ гэмт хэрэг рүү ордгоо болих хэрэгтэй. Ямар ч гэмт хэрэг дээр. Жижиг, том, нууц, нууц биш байх нь хамаагүй. Улстөрчид гэмт хэргийг шүүдэггүй, шийдвэр гаргадаггүй. Бид шүүхийн реформ хийсэн. Шүүхээс гэм буруутай нь нотлогдвол гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Энэ зарчмаа улстөрчид өөрсдөө үлгэрлэж барих хэрэгтэй, сайдаасаа эхлээд. Битгий гэмт хэрэг рүү орж яриад, өмнөөс нь шийдвэр гаргаад бай.
-Т.Чимгээ яллагдагч учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан нь хууль зөрчсөн үйлдэл үү?
-Ойлгомжтой шүү дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулиар хязгаарласан. Үүнийг хэн зөвшөөрөөд яриад байгаа юм. Хэн давруулж, хамгаалаад байгаа юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ