Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг "visaapnews.asia" сайтад өгсөн ярилцлагадаа ирээдүйнхээ талаар ярьжээ. Сэтгүүлч түүнээс “Та дараагийн төлөвлөгөө, зорилгоосоо бидэнтэй хуваалцаач” хэмээн асуухад тэрбээр “Ойрын хугацаанд би UFC-д өрсөлдөж магадгүй. Мөн их спортоос гарсны дараа хувийн бизнесээ өргөжүүлэх, дараагийн үеийн шилдэг залуу тамирчдыг бэлтгэхэд туслах мэргэжлийн түвшний төрөлжсөн спортын сургууль байгуулах төлөвлөгөөтэй байна” гэж хариулав.
Бид бүхний сайн мэдэх холимог тулааны супер од асан Ронда Роузи мөн жүдогоос UFC руу орж, аварга болж байсан түүхтэй. Өдгөө 34 настай америк бүсгүйн хувьд 2008 оны Бээжингийн олимпийн -70 кг-ын жингээс хүрэл медаль хүртэж байв.
Мөнхбаярын Уранцэцэг нь 2012, 2016, 2020 онуудад гурван олимпын наадамд оролцсон, мөн Жүдо бөхийн дэлхийн аваргаас алт, мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин юм. Тэрбээр 2017 онд жүдо бөхийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртсэн бөгөөд 2010, 2014 онд самбо бөхийн дэлхийн хошой аваргаар шалгарч байлаа. Уранцэцэг нь 2019 оны арванхоёрдугаар сард Монголоос "Team Visa"-д сонгогдсон анхны тамирчин болсон бөгөөд ТОКИО-2020 наадмаас хүрэл медаль хүртээд байна.
Дээр дурдсан бахдам амжилтуудаас гадна МУГТ Уранцэцэг нь 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2021 оны гуравдугаар сарын 26-ны хооронд буюу 11 жилийн хугацаанд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны World Tour тэмцээнээс -48 кг, -52 кг-ын жингүүдэд 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртсэнээр "Гиннесийн дээд амжилт" эзэмшиж байна.
Холбоотой мэдээ