Цөлжилт гэх хорт хавдар эцсийн шатандаа ороход ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

Цөлжилт гэх хорт хавдар эцсийн шатандаа ороход ойрхон байна

Цөлжилт гэх хорт хавдар эцсийн шатандаа ороход ойрхон байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарихаа зарлажээ. Олон нийтийн сүлжээнд бүтнэ бүтэхгүй, болно болохгүй гэсэн талцал хэрүүл ид өрнөж байна. Уг нь хошуу нэмэхээр хуруу нэм гэдэг.

Мод тарих нь зөвхөн монголчуудын асуудал биш болсон. Хаврын хавар Монголын тал нутгаас эхтэй шар шороон түйрэн Зүүн Азийн орнуудад “тийрэн” болоод удаж байна. Манай орны тал нутагт дэгдсэн түйрэн Хятадын ихэнх нутгийг дайрч, Солонгосын хойгоор дамжин, Япон цаашлаадНомхойн далайг гатлан Канад, Хойд Америкт хүрдэг. Тэдгээр улсын толгойны өвчин Монголын шар шороон шуурга болоод байгаа. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн хүрээнд цөлжилт, газрын доройтол, хуурайшилттай тэмцэх Зүүн хойд Азийн сүлжээг Монгол, Хятад, БНСУ хамтран санаачилсан бөгөөд сүүлд ОХУ нэгдсэн аж.

Бүс нутгийн хэмжээний санал санаачилга, механизм, хөрөнгө санхүүжилтийг ашиглах нь чухал. Тэр утгаараа НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарихаа зарласан У.Хүрэлсүхийн мэдэгдэл цагаа олсон улс төрийн нүүдэл байв. Хөрөнгө мөнгө, хүч техникээ бодсон ч монголчууд дангаараа шар шороон шуургатай тэмцэж дийлэхгүй. Тэрбум мод тарих мөнгийг, техник, технологийг Монголын шороон шуурганаас "айдаг" улсуудаад авчихвал асуудлаа шийдчихэж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Монголын түйрэнтэй тэмцэх нь ганцхан монголчуудын биш Зүүн Азийн орнуудын асуудал гэсэн үг. “Мод тарих ажил зөвхөн монголчуудын асуудал биш. Хөрш зэргэлдээ орнууд, тэдгээрийн нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг учраас дэлхий нийтийн асуудал” болсныг Ой судлалын ухааны доктор, МУИС-ийн дэд захирал, профессор Н.Батхүү хэлээд, тэрбум мод тарих бол бүтэшгүй зүйл биш болохыг онцолжээ. Мэдээж, тэрбум модыг тарих амархан байж болох ч гол зүйл нь ургуулах. Монголчууд өнгөрсөн хугацаанд өч төчнөөн мод тарьсан. Гэвч арчилж, ургуулдаг нь цөөхөн. Тэгэхээр тэрбум модыг шоу биш, жинхэнэ ажил хэрэг болгож чадвал экологи, эдийн засгийн ач холбогдлыг нь ярих юм биш. Тэр тусмаа Монгол орны хувьд цөлжилт агаарын бохирдлоос том асуудал тарьж мэдэхээр болсон. Товчхондоо, байгаль экологийн хувьд цөлжилт хорт хавдар болоод удаж байгаа, хэзээ мөдгүй эцсийн шатандаа ороход ойрхон байна.

НҮБ-ын судалгаанд Монгол Улсын бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. Үүний 76 хувь нь алт хэзээний “өвчилсөн”, энэ эрчээрээ явбал 2080 он гэхэд 2080 он гэхэд Хэнтий, Хөвсгөл аймгуудаас бусад Монгол орны бүх газар нутаг цөлжинө гэсэн тооцоолол хийсэн байна.  Улс орны хувьд энэ нь хамгийн муу мэдээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн хуралдах ёстой үндэсний аюулгүй байдлын асуудал яг мөн.

Эрдэмтдийн судалгаанаас харахад таримал ой, мод нь өсөлтийн эхний 20 жилдээ  4.5-40 гаруй тонн нүүрс хүчлийн хийг шингээдэг гэсэн тооцоо бий. Иймээс ой модоо хамгаалж, ойг хомсдол, доройтолд хүргэж буй хүчин зүйлүүдтэй тэмцэх замаар ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийх зайлшгүй шаардлагатай болсон. Гэхдээ МУИС-ийн дэд захирал, профессор Н.Батхүү ярилцлагадаа “Юун түрүүнд ойжуулалт хийх тухайн бүс нутагт дасан зохицох чадвар бүхий модлог ургамлын зүйлийг олж илрүүлэх, орчны тааламжгүй нөхцөлийг тэсвэрлэх чадвартай ургамлын суурь судалгааг хийж, орон нутгийн унаган мод, сөөгийг үржүүлэх мод үржүүлгийг газрыг байгуулах замаар тухайн орчинд ургах чадвар бүхий таримлуудыг тарьж ургуулах зайлшгүй шаардлагатай. Тухайн бүс нутгаас түүж бэлтгэсэн үр, үржлийн эрхтэний материалаар тухайн бүс нутагт нь тарьж суулгахыг хэлж байна гэсэн үг. Хэнтийд ургуулж бойжуулсан мод, сөөгийг Баян-Өлгийд тарьж болохгүй”-г анхааруулжээ. Уулын модноос дуртайгаа “суга” татаж авчраад, хаа таарсан газраа тарьж болохгүйг хэлж.

Монгол Улс өнгөрсөн онд 67.1 сая толгой мал тоолуулсан.

  • 4.1 сая адуу,
  • 4.7 сая үхэр,
  • 472.9 мянган тэмээ,
  • 30.0 сая хонь,
  • 27.7 сая ямаа.

Малын тоо толгой тэр тусмаа ямаа жилээс жилд өсөхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрч, цөлжилтөд нөлөөлөх бас нэгэн том шалтгаан болсон. Ноолуурын үнэ өсч, төр засаг ч бодлогоор “ямаа”-г цалинжуулсны сөрөг үр дагавар нь цөлжилт болчхоод байна.

Ямаа нь өвс ногоог үндэстэй нь хамт иддэгээрээ үлий цагаан оготноос дутахгүй бэлчээр сүйтгэдэг. Дээр нь Монголын өмнөд хэсэгт байдаг говь цөлийн бүс улам тэлэх болсон. Цөлжилтийг бууруулах хамгийн чухал арга нь мод тарих. Нөгөөтэйгүүр ямаанд “цалин, цавга” олгодгоо болих ёстой. Цаашлаад элс, хайрганы олборлолт, уул уурхайн ашиглалт, ойн түймэр, мод хулгай гээд цөлжилтөд нөлөөлдөг хүчин зүйлс их.

1996 онд Монгол Улсын Засгийн газар цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг зарласан бий. 2010 онд мөн үндэсний мод тарих өдрийг тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш одоогоор 16 сая гаруй мод, бут сөөг тарьж тарьжээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 27-нд БНСУ-ын Ойн агентлаг, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам цөлжилт, элс, шороон шуургатай тэмцэх чиглэлд хамтран ажиллах байгуулсан. Албан мэдээнд “Хоёр орон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгалийн гамшгийн уршгаас урьдчилан сэргийлэх, байгаль орчны бохирдлыг бууруулахад идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсон” тухай дурдаж.

БНСУ нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын ой мод тарих хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж, 2007-2017 онд 3000 га талбайг ойжуулахад тусласан байна.

Монголд нүүрлэж буй цөлжилт зөвхөн Монголын асуудал биш учраас Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачлагыг Зүүн Азийн орнууд дуртайяа дэмжих бололтой. Тэгээд ч  тэрбум модыг хүрз бариад тарих юм шиг л монголчууд сэтгээд, хэрэлдээд байх юм.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж