Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Үүний дагуу өнөөдөр (2021.10.04) 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдахаар болжээ. Бүлгүүд ээлжит хуралдаанаараа тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд болон цаг үеийн асуудлуудыг хэлэлцдэг.
УИХ энэ долоо хоногт дараах тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариу,
- Ажлын хэсэг байгуулах тухай /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий/,
- Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан,
- Цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл,
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн тайлан,
- Хууль зүйн байнгын хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний есдүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн явцын танилцуулга,
- Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал,
- Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүн 2021 оны зургаадугаар сарын 21-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх),
- УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хандан тавьсан Улаанбаатар-Дархан чиглэлийн замын их засвар, шинэчлэлт болон шинээр баригдах хоёр эгнээ авто замын төслийн хэрэгжилтийн талаарх асуултын хариу сонсох,
- Covid-19-ийн лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлэл сонсох,
- УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсох.