Германчуудыг ардчиллын төлөө тэмцсээр байхыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

Германчуудыг ардчиллын төлөө тэмцсээр байхыг уриаллаа

Германчуудыг ардчиллын төлөө тэмцсээр байхыг уриаллаа

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель өчигдөр (2021.10.02) хамгийн сүүлийн том илтгэлүүдийнхээ нэгийг тавихдаа баруун, зүүнийг нэгтгэсний 31 жил болж буй энэ үед германчуудыг ардчиллын төлөө тууштай тэмцсээр байхыг уриалсан байна.

Суудлаасаа бууж буй канцлерын үгийг ажиглагчид ихэд чухалчлан үзжээ. Тэрбээр Зүүн Германд эрхээ эдлэхийн төлөө, эрх чөлөөний төлөө, өөр нийгмийн төлөө буй бүхнээ золиослосон маш олон хүн байсны хүчинд хоёр Герман нэгдсэн гэж онцолсон байна.

Түүний үзэж байгаагаар өнөөдөр ч гэсэн ардчиллын үнэ цэнийг хэн ч мартаж, үл ойшоох учиргүй юм.

Тэрбээр Халле хотод үг хэлэхдээ, өдгөө олон нийтийн дунд яригдаж буй худал мэдээлэл, буруу талцлын хор уршгийг сануулж “Ардчилал тийм ч амархан ирээгүй. Зүгээр л байж байдаг юм биш. Эргэлзэхийн оронд бид түүний төлөө өдөр бүр улам илүү хүчээр хамтран ажиллах шаардлагатай” гэжээ.

Тэгэхдээ Меркель сүүлийн үед намынх нь нэгэн улс төрч аллагын хэргийн золиос болсон, Халле хотын сүмд халдлага болсон, үйлчлүүлэгчээсээ амны хаалт зүүхийг шаардсан шатахуун түгээгч буудуулсан зэрэг харамсалтай үйл явдлуудыг Германд болж буй радикалчлалын жишээ болгон дурджээ.

Мөн тэрбээр Германыг нэгтгэх ажил дуусаагүй байгааг онцолж, өөр шиг нь олон зуун герман одоо хэр нь эх орныхоо нэг хэсгийнхээ хувьд хүртэх ёстойгоо хүртэж чадахгүй байгааг сануулсан аж.

Түүний хэлснээр хоёр Герман нэгдсэнээс хойш 30 жил өнгөрсөн ч улс төр, эдийн засаг, үзэл санааны хувьд зарим талаар иргэд салангид хэвээр байгаа бололтой. Үүнийг өнгөрсөн сард болсон сонгууль ч батлан харуулсан юм. Тухайлбал, хэт барууны үзэлтэй, Алтернатив намын нийт санал бага байсан ч зүүн нутгуудаас 16 тойрогт ялалт байгуулсан аж.

Барууны үзэлт хэт даврагч этгээд улс төрчийн аминд хүрсэн нь

Энэ оны эхэнд барууны үзэлт хэт даврагч этгээд дүрвэгчдэд ээлтэй хандсан нутгийнхаа улс төрчийн аминд хүрч, бүх насаараа хоригдох ял сонсов.

Хэргийг Франкфурт мужийн уугуул 47 настай Ытефан Эрнст гэгч эр үйлджээ. Мужийн шүүгч түүний үйлдсэн хэргийг ноцтойд тооцсон учир Германы хуулиар дор хаяж 15 жилийн дотор ямар нэг нөхцлөөр суллагдах ямар ч боломжгүй юм.

Шүүх хурлын үеэр Эрнст 2019 оны зургадугаар сарын 1-нд канцлер Ангела Меркелийн намын гишүүн Уолтер Любекег буудан хороосноо хүлээсэн юм. Түүний мэдүүлснээр, Любеке дүрвэгчдэд ээлтэй бодлого барих тухай байр сууриа илэрхийлсэн нь хэрэг үйлдэх сэдэл болжээ. Яллагч нарын үзэж байгаагаар Эрнст түүний 2015 онд хэдэн зуун мянган дүрвэгч хүлээн авах засгийн газрын шийдвэрийг дэмжин оролцсон арга хэмжээг үзсэнээсээ хойш өс санасан байж магадгүй аж.

Ём Киппур үеэр болсон халдлага

Еврейчүүдийн шашны хамгийн ариун өдрүүд, Еврей шинэ жилийн эхлэл буюу Ём Киппур мацаг барих арван өдрийг эхлүүлж, дэлхий даяар еврейчүүд цугларч, залбирал үйлддэг. Гэтэл 2019 онд болсон энэ ёслолын үеэр Халле хотын сүмд халдлага болсон юм.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч цагаан арьст этгээд хэд хэдэн галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэйгөөр сүмд нэвтэрсэн аж. Тухайн үед мөргөл үйлдэж байсан 52 хүний чухам хэд нь нас барсан тухай мэдээлээгүй юм. Тэгээд ч зогсохгүй халдагч гадаа гудамжинд гарч, ойрхон явсан олон хүний аминд хүрчээ.

Эл үйл явдал сүүлийн үед семитизмийн эсрэг үзэл гаарч байгаагийн нэг баталгаа болж, еврейчүүдийн шашны байгууллагуудын хараа хяналт, харуул хамгаалалтыг улам чангатгажээ.

Тухайн үед халдлага үйлдэгч 28 настай Стефан Баллиет гэх эр цахим орчинд шууд дамжуулангаа сүмийн хаалгыг буудаж, тэсрэх бөмбөгөөр дэлбэлэн онгойлгож, гэмт хэргээ үйлдсэн билээ. Тэрбээр “Еврейчүүд бол цагаан арьстуудыг соёлын устгалд оруулж байгаа гол шалтгаан. Тиймээс би шинэ нийгмийг бүтээхийг хүссэн юм” гэж мэдүүлсэн байна.

Амны хаалтаас болж хүний аминд хүрсэн хэрэг

Энэ оны есдүгээр сард 49 настай герман эр Идар-Аберстейн тосгонд өөрийг нь амны хаалт зүүхийг шаардсан шатахуун түгээгчийг буудаж хороосон хэрэг гарсан юм. Эл үйл явдлаас болж зарим иргэд Эрүүл мэндийн сайд Йенс Спаны тогтоосон дүрэм, журмуудыг шүүмжлэх болсон байна.

Гэмт хэрэгтэн шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байхдаа ажилтны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, гэртээ харьсан аж. Тэгээд удалгүй эргэн ирж, шаардлага тавьсан ажилтны толгойд буудаж, амийг нь хөнөөжээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж