"Халдвар аваагүй хүмүүст нэмэлт тун хийхийг зорьж байна"

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

COVID-19

"Халдвар аваагүй хүмүүст нэмэлт тун хийхийг зорьж байна"

Иргэд цар тахлын эсрэг вакцины нэг, хоёр, гурав дахь тунг хийлгэсэн ч халдвар авч буй тухайгаа хэлж байна. Монгол эрдэмтдийн хийсэн судалгаагаар вакцины нэмэлт тун нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлсэн талаар танилцуулсан юм. 

Өнөөдрийн байдлаар нийт хүн амын есхөн хувь нь гурав дахь тунд хамрагдаад байна. Энэ тоог 30-50 хувьд хүргэвэл тархалт хоёр дахин буурах боломжтойг албаныхан онцлов. Тиймээс цар тахлын эсрэг дархлаажуулалтын үр нөлөө, нэмэлт тунг тойрсон асуудлаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.


"COVID-19-ИЙН ВИРУС ХҮНИЙ ГАРААР БҮТСЭН Ч БАЙЖ БОЛЗОШГҮЙ"

МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.ОДГЭРЭЛ:

-Эрүүл мэндийн яам цар тахлын бүх судалгаа, мэдээллийг зангидаж байгаагийн хувьд эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, хэвлүүлж, олон нийтэд түгээх ёстой. Гэтэл энэ чиглэлийн ажлыг хийж буй эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Судалгаа шинжилгээгээр дамжуулан вакцины үр нөлөөг гаргаж ирнэ шүү дээ. Дэлхий нийтэд цар тахлын эсрэг вакцинууд үр нөлөөтэй байгаа нь судалгаанаас харагдаж буй. Вакцин цар тахлын хүндрэлээс хамгаалж байна. Монголын хувьд нас баралт 0.5 хувьтай байгаа нь вакцины үр нөлөө. Ер нь цаашид цар тахлын эсрэг вакциныг үргэлжлүүлэн үйлдвэрлэнэ гэж бодож байна.

Covid-19-ийн вирус дэлхий даяар асар олон хүнд тархлаа. Тэгэхээр шинээр мутацид орох магадлал нь нэмэгдэнэ гэсэн үг. Цар тахлын эсрэг вакцин гарсан учраас тархалт нь харьцангуй тогтворжиж байна. Гэхдээ энийг баттай хэлэх ямар ч боломжгүй. Covid-19 маш сонин вирус. Өдийг хүртэл байгаль дээр байгаа эх үүсвэр нь олдсонгүй. Тэгэхээр энэ вирус нь хүний гараар бүтсэн ч байж болзошгүй. Энэ тохиолдолд бусад өвчний вирустэй харьцуулах ямар ч боломжгүй.

"ДЭМБ НЭМЭЛТ ТУНГИЙН ЗӨВШӨӨРӨЛ ӨГДӨГ БАЙГУУЛЛАГА БИШ"

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.МӨНХСАЙХАН:

-Дэлхий нийтэд цар тахлын эсрэг вакцин үр нөлөөтэй байгаа учраас Монгол Улс иргэдээ дархлаажуулсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэмэлт тунгийн вакцин хийж болно, болохгүй гэдэгт зөвшөөрөл өгдөг байгууллага биш. Тухайн улсын цар тахлын нөхцөл байдал, халдварын тархалт хэр байгаагаас шалтгаалан нэмэлт тунг хийх эсэхээ шийдвэрлэдэг. Халдварын тархалттай холбоотойгоор эрдэмтэн судлаачид  байнгын судалгаа хийж байна. Жишээлбэл, цар тахлын вирусийн онцлог, дархлаажуулалт хэр үр нөлөөтэй байна, вакцины нэмэлт тун үр дүнтэй байна уу гэх мэт. Монголд энэ чиглэлийн судалгаа шинжилгээ хийж байгаа ч дутмаг байгаа нь үнэн. Ганц эрүүл мэндийн салбар гэлтгүй аль ч салбарт энэ байдал ажиглагддаг. Цаашид ч цар тахлын эсрэг дархлаажуулалтыг төлбөртэй хийхгүй.

"НЭМЭЛТ ТУН ХИЙЛГЭСЭН ИРГЭДИЙН 0.1 ХУВИАС ХАЛДВАР ИЛЭРСЭН"

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичиг О.БАТБАЯР:

-Цар тахлын эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдаж буй иргэдийн идэвх сул буюу есөн хувьтай байна. Дельта вирусийн давалгаа эхэлж, иргэдэд халдварлах чадвар нэмэгдсэн. Жишээлбэл, Израиль, АНУ, Их Британи зэрэг дэлхийн улс орон одоо нэмэлт тунд ач холбогдол өгч буй. Нэмэлт тун үр дүнтэй эсэхийг тогтоохын тулд гадаадын эрдэмтдийн судалгаа болон өөрсдийн эрдэмтэн судлаачийн судалгааг гаргах ёстой. ХӨСҮТ-ээс гаргаж буй судалгаанаас харахад, нэмэлт тунгаа хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэдэд халдвар илэрсэн тохиолдол 0.1 хувь байна. Өөрөөр хэлбэл, 99.9 хувь нь өвдөөгүй гэсэн үг. Тэгэхээр вакцины нэмэлт тун иргэдийг дельта хувилбараас хамгаалж байна. Өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо өндөр байгаа учраас хүн амын 30-50 хувийг дархлаажуулбал халдвар хоёр дахин буурна. Тиймээс иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалъя. Мөн амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Одоогийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 300 гаруй мянга бий. Бидний зүгээс өвдөж байгаа хүмүүсээс гадна өвчлөх эрсдэлтэй хүмүүст анхааруулж хэлж байгаа юм.

Дэлхийн хөгжил буурай улс орнуудад цар тахлын эсрэг вакцины эхний тунд хүн амаа хамруулаагүй байна. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бусад орнуудыг вакцины нэмэлт тунг түр хойшлуулахыг уиалсан. Монгол Улсын хувьд энэ уриалга гарахаас өмнө вакцинаа зээл тусламжаар худалдаж авч, иргэдээ нэмэлт тунд хамруулж байгаа.

"ХАЛДВАР АВЧ, ЭДГЭСЭН ИРГЭД ОГТ НЭМЭЛТ ТУН ХИЙЛГЭХГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ"

ХӨСҮТ-ийн тархвар судлаач, доктор Э.ТЭМҮҮЛЭН:

-Бид ямар хэмжээний хүмүүс нийт хүн амыг төлөөлөх чадвартай байгааг тооцоолж, 35 мянга гаруй хүнд судалгаа хийж байна. Дархлаажуулалтын үр нөлөөний талаарх судалгааны эцсийн үр дүн гараагүй байна. Дунд шатны үр дүнгээс харахад, цар тахлын эсрэг вакцины үр нөлөө байгаа нь тогтоогдсон. Нэмэлт буюу сэргээх тунгийн талаар "Файзер" үйлдвэрлэгч компанийн хийсэн судалгаагаар 5-6 сарын дараа халдвараас хамгаалах чадвар нь буурсан үр дүн харагдсан. Үүнд дэлхийн олон эрдэмтэн санал зөрж буй.

Вакцины хоёр тунд хамрагдсан иргэд халдвар авч, эдгэсэн ч нэмэлт тун огт хийлгэхгүй гэсэн үг биш. Тэр хүн өвдсөн учраас биед нь эсрэг биет үүссэн гэсэн үг. Тиймээс хоёр дахь тундаа хамрагдаж, огт халдвар аваагүй хүмүүст нэмэлт тун хийхийг зорьж байна. Нэн ялангуяа архаг хууч өвчтэй, ахмад настан хүмүүс вакцинд хамрагдах шаардлагатай. Монгол эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны өгүүлэл хэвлэгдэж, нийтлэх ажил удаашралтай байгаа нь үнэн. Гэхдээ судалгаа, шинжилгээний ажил хэвлэгдтэлээ цаг хугацаа их шаарддаг. Хамгийн багадаа 1-2 жил болдог. Цаг тутамд цар тахлын шинэ мэдээлэл, статистик тоо шинэчлэгдэж байгаа учраас хэвлүүлэхээр дата нь хоцрогдох гэх мэт асуудал гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж