Сөрөг хүчин чангарч, эрх баригчид “тэмцэлдэх” намрын чуулган

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчин чангарч, эрх баригчид “тэмцэлдэх” намрын чуулган

Сөрөг хүчин чангарч, эрх баригчид “тэмцэлдэх” намрын чуулган

УИХ-ын намрын чуулган өнгөрсөн Баасан гаригт нээлтээ хийлээ. Энэ удаагийн намрын чуулган сөрөг хүчний акцтай эхлэв. Сүүлийн хоёр ч сонгуульд эрх баригчид олонхын суудал авч, УИХ-д тэр дундаа Ардчилсан намын сөрөг хүчин хүчгүй байж ирсэн. УИХ-д дөнгөж бүлэг байгуулах хэмжээнд байж, сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй ирсэнд олон нийт шүүмжлэлтэй хандаж ирсэн. Энэ хугацаанд Ардчилсан намын удирдлага хоёр хуваагдаж, тамга, даргын хэрүүлтэй байсаар өдийг хүрсэн. Гэвч зуны хугацаанд Ардчилсан нам нэг талдаа гарч, нөхөн сонгуулиас өмнө нэгдэж, Их хурлаа хийхээр болсон. АН нэгдэж, нийлсний илэрхийлэл нь намрын чуулган нээлтэнд дээр барьсан сөрөг хүчний акц, Сүхбаатарын талбайн жагсаал байлаа.

Covid-19-ийн халдвар гарснаас хойш хоёр жилийн хугацаанд эрх баригчид хөл хорио тогтоох, аж ахуй нэгжүүд хаалгаа барьж, хүний эрх зөрчигдөж, олон эрдэнэт хүний амь нас эрсдэсэн. Энэ хугацаанд Монгол Улсын эрх баригчдын санаачлан, гаргаж буй цар тахлын онцгой нөхцөлд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хөрсөн дээрээ бууж чадахгүй байна гэж иргэд хэлж байна. Тиймээс Засгийн газар огцрохыг шаардаж, Nodoublestandart-ыг эсэргүүцсэн юм. Тэд намрын чуулганы нээлтийн өдөр чуулганы танхимд ч Сүхбаатарын талбайд ч эсэргүүцлээ илэрхийлж, сөрөг хүчин хүчирхэгжиж эхэллээ хэмээн мэдэгдэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индер дээрээс Засгийн газрыг тууштай, тогтвортой ажиллах шаардлагатайг мэдэгдсэн. Гэхдээ Засгийн газрын тогтвортой байх асуудал нь цар тахлыг хорио, хязгаарлалтаар бус иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал буюу хамтын хүчээр даван туулах ёстой бөгөөд сайн нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллана гэдгээ ч УИХ-ын дарга онцолсон.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Цар тахлыг хорио, хязгаарлалтаар бус иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал буюу хамтын хүчээр даван туулна. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар хариуцлагаа умартаж огт болохгүй. Чадахгүй байгаа бол үнэнээ хэл.

Саяхан шатахууны хомсдол үүсч, нийгэмд бухимдал үүсгэлээ. Үүнд хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ажил хариуцсан хүмүүс ажлаа хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Дээрх алдаа илүү том эрсдэлд хүргэж болзошгүй тул сайд нар өөрийн салбарт ямар эрсдэл, хүндрэл байгаа шалтгааныг бодитой тодорхойлж, шуурхай зохицуулах шаардлагатай гэв.

Өөрөөр хэлбэл, сайд нар ажлаа хийхгүй бол хариуцлага нэхнээ гэсэн санаа. Түүнийгээ ч тодотгож, ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарын нэр цохон, ажлаа хийж чадахгүй бол үнэнээ хэлээд “явцгаа” гэсэн санааг ч чулуудав. Мэдээж эрх баригч нам дотор дараагийн ээлжнийхэн хоолонд орох, бялуу хуваалтад оролцоогүй олон хүн бий. Тиймээс ч тэдний санаа, үйлдлийг УИХ-ын дарга тодотгож хэлсэн ч байж болох.

Намрын чуулган сөрөг хүчний хүчтэй эсэргүүцэл, УИХ-ын даргын хариуцлага нэхэх хатуухан үгтэй эхлэв. Цаашид 2022 оны төсөв, түүний дагасан хуулиуд, covid-19-ийн цар тахал гээд олон хүчин зүйл Засгийн газар тогтвортой байх, сөрөг хүчин хүчтэй байх, эрх баригч тэмцэлдээнтэй байх эсэхээс олон зүйл шалтгаална.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж