Сурвалжлага: Халдварын хамгийн том голомт АВТОБУС

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Халдварын хамгийн том голомт АВТОБУС

Сурвалжлага: Халдварын хамгийн том голомт АВТОБУС

-Хөөе, картаа дар, битгий бэлэн мөнгөөр зорчоод бай!

-Картгүй бол буу, буу!

-Битгий хойд хаалгаар ороод бай!

-Маскаа зүүгээч, ганцаараа яваа аятай!

-Картаа дараач ээ, муусайн юмнууд дандаа ингэж туулайчлах юм" гэх хянагч нар автобусны хаалгаар багтаж ядах хүмүүсийг зохицуулна. Гэвч, ар араасаа чихэлдэн орох хүмүүс юун хянагчийн үг манатай.  Хүн хоорондын зай барих цаашаа, хөл дээрээ гишгэчих нь холгүй автобусанд уралдан орцгоох.

ЭМЯ зөрөөд өнгөрөх төдийд л халдвар авч байгааг сануулах ч автобусанд түүнийг тоож байгаа хүн ч алга. Цаашаа зогсооч гэж шаардлага тавих бүсгүйн өөдөөс чангаар найтааж, ханиаснаа зай алга гэж хэнэггүйтэх залуу.  Өөрөөсөө том цүнх үүрээд томчуудын дунд арай ядан амьсгалан зогсох жаал хүү. Автобусанд яваа тэдний хэд нь Covid-19-өөр өвчилж, хэд нь эерэг гарсныг хэлэхэд хэцүү.  Улирлын томуу туссан уу, харшил нь хөдөлсөн үү, Covid-19-өөр өвчилсөн үү, бүү мэд. Ханиасан, найтаасан хүн цөөнгүй.

Оройн 19:40 минутын үед  Монгол Улсын боловсролын их сургуулийн урд талын буудал дээр ирэв. Ч:59 ХМК-Офицеруудын ордон чиглэлийн дүүрэн хүнтэй автобуснаас гурван хүн бууж зөрөөд, 10-аад хүн суулаа. Огцом тормоз гишгэхэд уначихгүйг хичээдэг цаг ард хоцорчээ. Олон хүнтэй автобусанд маск, бээлийгээ л олигтой өмсөөд, зүүчихвэл болох нь тэр гэцгээнэ.

Өнгөрсөн хавар автобусанд хүн хоорондын зай барьж, нэг суудал өнжөөд нэг хүн суух зохицуулалт хийсэн. Харамсалтай нь, сандал дээр наасан тэр бичгийг хүмүүс тоогоогүй. Холын замд хоосон суудал байхаар хэн ч суухыг бодно. Улаанбаатар смарт карт, нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийслэлийн тээврийн албанаас үүнийг тооцоолоогүй гэж хэлж болно. Түүний нотолгоо нь одоо ч автобусны сандал дээр урагдаж, тасарсан хэлтэрхий нь үлдсэн “Суухыг хориглоно” гэсэн бичиг. Ямартаа ч хэрэгжээд байсан хүн хоорондын зай барих зохицуулалт долоо хоног хүрэхтэй үгүйтэй хугацаанд үйлчилсэн.

Мөн нийтийн тээврийн тоог нэмэгдүүлнэ. Автобусанд сууж байгаа бүх хүн масктай байна. Орохдоо халуунаа үзүүлж, гараа ариутгана гэж байв. Энэ мөн л бодит амьдрал дээр хэрэгжээгүй. Суухдаа алалцдаг хүмүүс нэгнийхээ гар ариутгах хугацааг хүлээж тэсээгүй. Эдгээр зохицуулалтаас хойш нийтийн тээврийн ариун цэвэр, зорчигчдын зай барих асуудал хөсөр хаягдсан.

ӨӨРИЙГӨӨ АМНЫ ХААЛТААР, ХҮҮХДЭЭ ОРООЛТООР ХАМГААЛСАН ЭЦЭГ ЭХЧҮҮД

Амны хаалт халдвараас хамгаалж, тодорхой хувиар эрсдэлээс сэргийлнэ гэдгийг иргэдийн дийлэнх нь андахгүй. Харин үүнийг мэдэхгүй байгаа бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд болон өндөр настнуудад энэ талаар зөвлөмж мэдээллийг нэмэлтээр хүргэх шаардлагатай байна. Тухайлбал, нэг автобусанд 30-40 хүн суусан байлаа гэж тооцоход тэдний 20 орчим хувь нь бага насныхан байгаа юм. Хүүхдүүд халдварт өвчний талаар хангалттай ойлголтгүй болохоор амны хаалтаа зөв зүүхгүй байгаа харагдлаа. Мөн эцэг, эхчүүд нь дагуулж яваа хэрнээ амны хаалт зүүлгэлгүй, ороолтоор халхавчилсан харагдав.

Тээр хойно нэг хүн ханиалгаж, суудал тавьж өгсөнгүй хэмээн уурсаж, утсаар чанга ярьж, өөр хоорондоо инээлдэн ярих охид, шилэн хүзүүн дээр амьсгалах эгч гээд автобусны амьдрал яг л цар тахалгүй үеийнх шиг.  “Багшийн дээдээс нэг юм суулаа. Одоо түгжрээ бага байвал гялс дамжаад суучихъя. Нарангийн гол руу очих гэсээр байтал 9, 10 цаг боллоо. Чадвал Батаагийн хүүг аваад очно. Цаадах чинь олон хоног ханиалгаад байгаа. Унтчихсан байвал өглөө л очиж аваад, шинжилгээ өгөхөөс” хэмээн 50 гаруй насны эмэгтэй чанга гэгч нь утсаар ярих. Цар тахлаас айдаг, нуугддаг, сав саваар нь гурил будаа нөөцөлдөг үе ард хоцорчээ. Иргэд хэдийнэ цар тахалтай "дасан зохицсон" байна.

Нокиагийн танил дуу хадаж, ТҮК-ийн хувцастай залуу мөн түүний хойно ярина. “Байна, байна. Ах нь цалин буухаар дээр зээлсэн 30 мянган төгрөгөө өгнө өө. Эгээгийнх нь бие базаахгүй, уржигдар эмнэлэгт хэвтсэн. Covid-19 гэдэг чинь айхтар өвчин байна. Мань мэт чинь гадаа, дотор байсаар сурчихсан юм уу. Тэр шинжилгээг нь байгууллагаараа өгсөн зүгээр гарсан. Харин эгч нь хаашаа ч гараагүй байж хүндэрчихсэн. Удахгүй зээ төрөх гээд ах нь мунгинаад л явж байна. Гэрээ дулаалчхаад түлээ, нүүрсээ базаачихвал шинэ хүнээ тосох бэлтгэл боллоо. Цалин буухаар өрөө төлнө өө” гээд утсаа таслав. Хүн бүр өөр өөрийн гэсэн амьдралтай. Мөн тэрхүү амьдрал нь адармаатай ч гэмээр өрнөлтэй. Гэхдээ л амьд хүн аргыг олно гэдэг. Автобусанд сонсогддог байсан чих дэлдийлгэм сонин хачин яриа үгүй болж Covid-19-ийн эсрэг вакцин, шинжилгээ, гурав дахь тунгаа хийлгэнэ гэсэн яриагаар солигджээ.

ШИНЭЧЛЭЛТ ХИЙХИЙН ТУЙЛЫН ХҮСЛЭН БОЛСОН ЗОХИЦУУЛАЛТГҮЙ НИЙТИЙН ТЭЭВЭР

Нийтийн тээврээр нэг өдөрт дунджаар 90-120 мянга хүртэл хүн зорчдог гэх статистик бий. Хувийн автомашиныг аль болох хязгаарлаж, түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг нэмэхийг зорьдог. Харамсалтай нь, даац нь аль хэдийнэ хэтэрсэн нийслэлд энэ менежментийг хэрэгжүүлэх боломж байдаггүйг иргэд хэлж байв. Улаанбаатарт өнөөдрийн байдлаар 100 орчим чиглэлд 900 гаруй автобус явдаг. Тэдгээрээс холын чиглэлд зорчдог автобусны тоо хүрэлцдэггүйг иргэд байнга хэлж шүүмжилдэг боловч хэн ч үүнийг нь тоож авч хэлэлцдэггүй. Шөнийн нийтийн тээвэр явуулж байгаа гэдэг ч тэр нь зөвхөн төвийн замаар явдаг гээд дурдаад байвал асуудал олон. Олон жил дуншсан түгжрэлийн асуудлыг цэгцэлж, нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх төлөвлөгөө жил бүрийн хавар, намар яригддаг. Гэсэн ч өнөөдөр биеллээ олсон зүйл алга. Харин ч эсрэгээрээ хүмүүс чихэлдсэн, зай талбайгүй, бохир, халдвар тархах эрсдэл өндөр орчин ажиглагдаж байна.

Төвийн чиглэлдээ цэвэрхэн, үзэмжтэй автобусаа сойж, алсын чиглэлд насжилт дууссанаа хуваарилдаг болохыг ч жолоочид хэлсэн юм. Тийм учраас нийтийн тээврийн асуудалд бодит анхаарал хандуулах хэрэгтэй болжээ.

УЛААН УЯА, А4-ИЙН ЦААСАН ДЭЭРХ ХҮН СУУХЫГ ХОРИГЛОСОН БИЧИГ УЛИГ БОЛООД УДЖЭЭ

Автобусны урд хаалганы хажуугийн эхний суудалд хүн суухыг хориглож, цаас нааж, улаан уяа татжээ. Халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа бариарай гэх бичиг урсах самбар дээр гарна. Хэн ч тэрхүү улиг болсон бичиг, чанга яригчийн хоолойг харахгүй, бас сонсохгүй байгаа нь илт. "Автобусанд өрнөдөг байсан амьд харилцаа 10 жилийн өмнө байхгүй болсон" хэмээн голын хаалганы ар талын суудалд зэрэгцэж суусан настнууд ярилцана. Одооны хүүхдүүд хүнд суудал тавьж өгөхгүй. Тэгээд бүгд чихэвч зүүчихсэн болохоор хажууд нь ярьж буйг сонсож байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй. Хоорондоо ярьж байж утсаараа оролдоно. Бидний үед ахмад настай хүний үгийг их сайн сонсож бай гэж захидаг байсан. Цаг үе ч хурдан өөрчлөгдөх юм даа хэмээв. Гэтэл хажууд нь зогсож явсан охин өвөө та маскаа зүүгээч. Олон нийтийн газар явж байж, өөрөө соёлтой байгаа ч гэлээ. Халдвар хамгаалалтын дэглэмээ дор бүрнээ сахих ёстой энэ үед охины шаардлагыг олон хүн зөв гэж дэмжиж байв.

АМНЫ ХААЛТАА ЗҮҮСЭН БОЛЖ, ОЛНЫ ЭГДҮҮЦЭЛ ТӨРҮҮЛЭГЧИД

Тэр хүн маскаа зүүсэн ч түүнтэй ижил амны хаалтаа "халтуурдаж" зүүсэн хүн цөөнгүй. Зарим нь маскаа амаа дарах төдий зүүж, хамраа ил гаргажээ. Амны хаалт эрсдэлээс тодорхой хувиар хамгаална гэдгийг Эрүүл мэндийн яамнаас удаа дараа сануулж буй. Гэлээ ч зарим хүнд энэ сануулга чухал биш аж.

Халдвар хамгаалын дэглэм хаана хамгийн их алдагдаж байгааг хүмүүс өөрсдөө л тунгаах хэрэгтэй гэсэн эрдэмтдийн багийн үг оргүй биш бололтой. Иргэд хэрэв хариуцлагатай байвал эрсдэл холуур байна. Харин цар тахлыг жирийн ханиад мэтээр бодож, хувийн ариун цэвэр болоод хамгаалах хэрэгслийг тогтмол зүүхгүй бол богино хугацаанд хүндэрч байгаа юм. Автобуснаас хамааралтай Covid-19-ийн тохиолдол хэр их байдаг бол? Тоймлож гаргасан статистик байхгүй ч бага тоо биш байх. Хэрэв нэг халдвартай хүн нийтийн тээврээр зорчвол тухайн битүү орчинд агаар сэлгэлт муу учраас эрсдэл өндөр байна хэмээн ЭМЯ-наас мэдээлж байв. Одоогоос 8-9 сарын өмнө хийж байсан энэхүү мэдэгдлээ тэд бараг мартсан биз.

Автобусыг долоо хоногтоо нэг ариутгаж, өдөрт чийгтэй цэвэрлэгээ хийхээс өөр халдвар хамгааллын дорвитой хамгаалалт хийхгүй байгааг автобусны жолоочид учирлаж байв. Энэ нь жолоочдын буруу биш. Баазууд тодорхой төсөв гаргаж, ариутгал хийлгэдэг ч энэ нь төдийлөн хангалттай биш байдаг аж.

Анх халдвар дотоодод бүртгэгдэхэд барих, хорих, хязгаарлах бодлого баримталж байсан бол өнөөдөр дасан зохицох шийдвэрийг Монгол Улс дэмжиж буй. Дэлхийн жишгийг дагаж болох ч нийтийн тээвэрт халдвар тархах эрсдэлийг тооцоолж, автобусны тоогоо нэмдэгсэн үү, ариун цэвэр, орчин нөхцөлийг нь сайжруулдагсан уу ямартаа ч найдвартай арга олж зохицуулах шаардлагатай болжээ.

Дарга нар автобусны буудал, нийтийн тээврээр зорчиж буй хүмүүсийн тоог автомашины цонхоороо хараад ч болтугай нар нэгэн байдлаар зохицуулалт хийх нь зүйтэй. Бүх иргэнээ Covid-19-өөр өвдсөн тохиолдолд халдварын дэглэм баримтлах нь зүйтэй байсныг ухаарах гээгүй нь лавтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж