Арабын Нэгдсэн Эмират улсын (АНЭУ) Дубай хотноо “Экспо Дубай 2020” дэлхийн үзэсгэлэн болж байна. Эл арга хэмжээнд Монгол Улс оролцож, аялал жуулчлал, байгаль орчин, байгаль цаг уурын өвөрмөц онцлог, зан заншил, уламжлалт ёс, түүх дурсгалыг танилцуулж байгаа юм. Мөн Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба боломжуудыг сурталчилан, үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний дээжийг дэлгэжээ.
Үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг манай улсаас Гадаад харилцааны яам болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж буй. Мөн Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний музей, Монголын үндэсний номын сан, Зэв дижитал нүүдлийн музей зэрэг байгууллага дэмжин ажиллаж буй.
Үзэсгэлэнгийн үеэр 2021 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Монголын үндэсний өдөрлөг” болон бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хот байгуулалт, төлөвлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа бий болгох, харилцан туршлага солилцох боломжийг нээх юм. “Экспо Дубай 2020” дэлхийн үзэсгэлэн зургаан сар /2021.10.01-2022.03.31/үргэлжлэх бөгөөд “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” сэдвийн хүрээнд болж байгаа юм.
Холбоотой мэдээ