Тойм: Намрын чуулган нээж, АН жагсав

Хуучирсан мэдээ: 2021.10.03-нд нийтлэгдсэн

Тойм: Намрын чуулган нээж, АН жагсав

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


АРДЧИЛСАН НАМААС ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРОХЫГ ШААРДАН ЖАГСАВ

Ардчилсан намаас аравдугаар сарын 1-ний өдөр төв талбайд “Одоо боллоо” жагсаалыг зохион байгууллаа. 2020-2021 оны сонгуульд үргүй зардал ихээр гаргаж эдийн засгийг хямралд оруулсан. Мөн Covid-19 цар тахлын үед төлөвлөлтгүй менежемнт хийж хүний эрх чөлөө, аж ахуй нэгжийн эрх ашгийг боомилж буйг тэд эсэргүүцэн жагсав.

Ардчилсан намын дарга М.Тулгат "Сөрөг хүчний хувьд бид өнөөдөр үгээ хэлж байна. Иргэд хоёр жилийн хугацаанд Covid-19-ийн дэглэмийг сайтар баримталж, хөл хорионд орж хохирсон. Аж ахуй нэгжүүд орлогогүй болж, туйлдахад хүрлээ. Өнгөрсөн хавар бид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өлсгөлөн зарласан.

Монгол Улсын эрх баригчдын санаачлан, гаргаж буй цар тахлын онцгой нөхцөлд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хөрсөн дээрээ бууж чадахгүй байна гэж иргэд хэлж байна. Тиймээс Засгийн газар огцрохыг шаардаж байна" гэв.

Үүний зэрэгцээ  "NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөн сүүлийн 14 хоногийн турш талбай дээр  Засгийн газрыг огцрох шаардлагыг тавьж жагсав. Цар тахлын улмаас нас барсан иргэдийн ар гэрээс Засгийн газар уулчлалт гуйж, хариуцлага хүлээхийг иргэд шаардсан юм.  Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тус иргэний  хөдөлгөөний зүгээс Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд үндсэн найман шаардлагыг хүргүүлсэн. Гэвч энэ үеэр цагдаагийн байгууллагаас АН-ын гишүүн Д.Монголхүүг баривчлан саатуулж, мэдүүлэг авсан.


УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАН НЭЭВ

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган  аравдугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагт  нээлээ. Намрын ээлжит чуулганаар нийт 72 хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн УИХ-ын чуулганы үдээс хойш 14:00 цагаас хуралдаанаар гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсов. УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээж, хэлсэн үгэндээ,

  • Засгийн газар тууштай, тогтвортой ажиллах,
  • салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар хариуцлагаа хүлээх,
  • 30 жилийн гажиг тогтолцоог засахын тулд бодлогын реформ хэрэгжүүлэх,
  • дотоодын үйлдвэрлэлийг сэргээж ажлын байр бий болгон ядуурлыг бууруулах,
  • бизнесийн таатай орчин бүрдүүлж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эрх зүйн шинэчлэлтийг хийх,
  • төрийн өмчит компаниудын ил тод байдал хариуцлага үр өгөөжийг нэмэгдүүлэх,
  • Халамжаас хөдөлмөрт шилжих,
  • авто замын түгжрэлийг бууруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх,
  • төрийн албаны бүтцийг шинэчилэх,
  • цахим шилжилт хийх, төрийн албыг чадавхжуулах, инновац шингэсэн бүтээгдэхүүн ажил үйлчилгээг дэмжих,
  • намуудын төсөв, санхүүжилт ил тод шилэн болгох,
  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах эрхзүйн хувьсгалын зорилтыг намрын чуулганаар үргэлжлүүлнэ хэмээн онцлон мэдэгдэв.

ТЭРБУМ МОД ТАРИХ АСУУДЛААР ҮАБЗ ХУРАЛДАВ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл есдүгээр сарын 30-ны өдөр хуралдав. Ингэхдээ Ерөнхийлөгчийн НҮБ-ын чуулган дээр хэлсэн тэрбум мод тарих асуудлыг хэлэлцсэн нь олны зүгээс шүүмжлэл дагуулав. Монгол Улсад Covid-19 цар тахлаас болж, 1314 хүн нас барж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, иргэд нь гэртээ нас барж байгаа асуудлаар биш, ОХУ, Хятадаас шатахууны нийлүүлэлт тасалдсанаас дотоодод хомсдол үүсч, иргэд явгарсан асуудлаар биш, урд хөрш рүү нүүрс нийлүүлэлтэд учирч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх асуудлаар биш тэрбум мод тарих асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсанд шүүмжлэлтэй хандав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгаагаа зарласан.  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болжээ.


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН ЦАГИЙН ХУВИАРЫГ ДАХИН ӨӨРЧЛӨВ

Covid-19 халдварын үед цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар болон одоо хэрэгжиж байгаа журамд өөрчлөлт оруулах талаар Улсын онцгой комисс есдүгээр сарын 27-нд хуралдсан. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгийн мэдээлснээр халдварын тархалтын өндөр эрсдэлтэй үед эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг харгалзаж арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл амны хаалт авч үйлчлүүлдэг хоол үйлчилгээний газруудыг 22:00 цагаар хязгаарлах шийдвэр гаргажээ. Харин удаа дараагийн эргэж буцсан тус шийдвэрийг аж ахуй нэгжүүд эсэргүүцэж, мэдэгдэл гаргасан юм. Тэд мэдэгдэлдээ өнгөрсөн хугацаанд олон удаа ажиллах цагийг богиносгосон ч халдварын тохиолдол буураагүй байна гэдэг нь энэ шийдвэр нь зөв шийдэл биш гэдгийг харуулж байгааг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж