Европт байгалийн хийн үнэ Баасан гаригт хамгийн дээд хэмжээнд хүртэл өссөн нь өвлийн улиралтай золгож буй Европын хэрэглэгчдийн хувьд хүнд цохилт болж байна.
Оросын төрийн мэдлийн Газпром компани аравдугаар сард хийн хоолойн хүчин чадлын дөнгөж гуравны нэгийг ашиглахаар болжээ. Тиймээс “Yamal-Europe” байгалийн хийн хоолойгоор дамжин өнгөрөх хийн нийлүүлэлт өнгөрсөн Пүрэв гариг гэхэд 77 орчим хувиар буурчээ.
Нийлүүлэлт ийнхүү буурснаар баруун хойд Европт хийн хэрэглээний хомсдол үүсч, цаашлаад ирэх өвөл хийн үнэ улам нэмэгдэх эрсдлийг дагуулж буй талаар “Goldman Sachs” мэдээлэв. Тухайлбал, Баасан гаригт Голландын “TTF” төвд нэг мегаватт цаг тутамд өнгөрөх хий 97.73 еврогийн үнэ хүрсэн нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Царт тахлын нөхцөл байдлаас эргэн өндийж буй Азийн улс орнууд байгалийн хийн зах зээлд хатуу өрсөлдөөнийг бий болгож байгаа билээ. Тухайлбал, Хятад улс өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан үнийн өсөлтийг үл харгалзан шингэрүүлсэн байгалийн хий авахаар зорьж байгаа юм.
Гэсэн хэдий ч Европын зүгээс "Газпром" компанид шүүмжлэлтэй хандаж буй. Европын парламентын хэсэг хууль тогтоогч энэхүү үнийн өсөлтөд тус компанийн оролцоо байгаа эсэхийг нягтлахыг Европын комиссоос хүссэн байна. Тус компани "Хойд урсгал-2" хийн хоолойг ашиглалтад орох хугацааг түргэвчлүүлэх үүднээс "шахалт үзүүлэх оролдлого хийлээ" гэж тэд үзжээ.
Харин энэ оны эхтэй харьцуулахад хийн нийлүүлэлтээ 15.3 хувиар нэмэгдүүлээд буй Газпром компани гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байгааг Кремль Баасан гаригт дахин мэдэгдсэн юм. Мөн "Газпром"-ын хамгийн том үйлчлүүлэгчдийн нэг Германы “Uniper” компани Орос улс гэрээгээр хүлээсэн бүх үүргээ биелүүлж байгааг баталсан байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ