Ц.Даваадорж: Ерөнхий сайд хэт романтик байна

Хуучирсан мэдээ: 2021.10.02-нд нийтлэгдсэн

Ц.Даваадорж: Ерөнхий сайд хэт романтик байна

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


“НАС БАРАЛТ НЭМЭГДВЭЛ ХӨЛ ХОРИО ТОГТООХООС ӨӨР АРГАГҮЙ”

Цаг үеийн асуудлаар “Хаппи веритас” эмнэлгийн зөвлөх эмч Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Цар тахлын дельта хувилбарын давалгаа эхэлж, нас баралт нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч хөл хорио тогтоохгүй гэж албаныхан мэдээлж буй. Энэ цаг үед ямар арга хэмжээг авах шаардлагатай байна вэ?

-Эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүдийн хувьд хамгийн гол баримжаа авах юм нас баралт байдаг. Нас баралт огцом нэмэгдээд эхэлбэл дахин хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Яагаад гэвэл иргэд цар тахлын эсрэг нэг, хоёр, гурван тун вакцин хийлгэсэн ч халдвар авч байна. Нэг халдвар авсан хүмүүс ч дахин өвчилж байна. Тиймээс энэ өвчин ийм үед халдварлахгүй юм байна гэсэн ямар ч чиг баримжаа алга байна шүү дээ. Иймд дахин тодорхой хугацаанд хөл хорио тогтоох шаардлагатай.

-Ойрын өдрүүдэд өдөртөө нас баралт 17, 18 хүрч байгаа. Таныхаар энэ тоо хэд хүрч байж хөл хорио тогтоох ёстой гэж?

-Цаашид нас баралт улам нэмэгдэнэ. Учир нь халдварын тоог бууруулах ямар нэгэн арга хэмжээ авахгүй, гадуур олон нийтийн арга хэмжээ болж, орон нутагт хурим найр хийж, улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Одоо нөхөн сонгууль гээд л хүмүүс бужигнаад эхэлнэ. Ийм нөхцөлд байдалд нас баралт нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Жишээлбэл, иргэдээ вакцины хоёр тунд хамруулсан АНУ, Израйль зэрэг улсад хөл хориогоо цуцлахаар халдвар буцаад нэмэгдэж байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

“УНАСАН БӨХЧҮҮДЭД ЦОЛ, ЧИМГИЙГ НЬ ОЛГОНО”

Монголын үндэсний бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгч зарлиг гаргаж, допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураан тэдэнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгох шийдвэр гаргалаа.  Бөхчүүдийн энэ зарлигийн хэр хүлээж авсан бэ?

-Шийдвэр нь гарсан ч цолных нь үнэмлэх, зарлигийг гардуулаагүй байна. Гардуулсан цагаасаа хойш л шинэ цолоороо дуудуулна. 2019, 2020 оны баяр наадмаар допингт холбогдсон бөхчүүдийн уг наадмуудаас хүртсэн цол чимгийг хурааж, тэдэнд унасан бөхчүүдэд зохих цол, чимгийг нь олгоно гэсэн үг.

Бөхтэй хамааралтай, сонирхдог хүмүүсийн хамгийн их анхаарлыг нь татсан асуудал бол допинг. Хэдхэн бөхийн тухай асуудал мэт боловч цаагуураа үндэсний бөх шударга сайхан, үнэн болж буйн эхлэл юм болов уу даа.

-Өнгөрсөн зуны МҮБХ-ноос зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн, түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд цол чимэг олгох эсэх талаар маргаан өрнөөд байна. Цол чимэг олгох уу?

-Цахим орчин болон зарим хүмүүсийн яриаг ажихад “Ардын хувьсгалын 100 жилийн ой, улсын их баяр наадам гэх нэрэн дор зохиогоогүй учир цол өгөх нь буруу” гэж байна. Найман сарын дундуур болсон барилдаан шүү дээ. Барилдаан болохоос сар орчмын өмнө хэсэг залуучууд талбай дээр “No Naadam” гэж жагсаад төр засаг наадам хийхгүй гэсэн шийдвэр гаргасан. Нийгмийн тодорхой хэсгийн уур амьсгал эсрэг чигт байхад бид улсын баяр наадам хийх боломжгүй байсан. Тиймээс Азийн анхны залуучуудын байгууллага, Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойн хүрээнд уламжлалт баяр наадмын бөхийн барилдаанаа тасалдуулахгүй юм сан гэх ард түмнийхээ хүсэлтийн дагуу хийсэн. Барилдааны чансааны хувьд өмнөх жилүүдийн улсын баяр наадмын улсын цолтой бөхчүүдийн оролцооноос дутахгүй, ихэнхи жилүүдийнхээс нь хол илүү чансаатай барилдаан болсон.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

Б.САРАНТУЯА: “ХАЙРЫН БУРХАН” ПЯНЗАА ЦУВРАЛААР ГАРГАНА

Монголын рок попын ертөнцийг дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа хоёргүйгээр төсөөлшгүй. Тэд 30 гаруй жил урлагийн тайзыг эзэгнэж яваа уран бүтээлчид. Тэд олон жилийн дараа хамтран "Үлэмж төгөлдөр" хэмээх цоо шинэхэн дуу дуулж, үнэнч фенүүддээ гэнэтийн бэлэг бариад буй. Ингээд Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяатай холбогдож, уран бүтээлийн яриа өрнүүлэв. 

-Хоёр жил гаруй уран бүтээлчид тайзан дээр гарсангүй. Гэхдээ уран бүтээлээ туурвисаар байгаа шүү дээ. Сараа энэ хоёр жил уран бүтээлийн хэр олз омогтой байв аа? 

-Дэлхий даяар 2020 оны хоёрдугаар сараас цар тахал эхэлж, хөл хорио тогтоосон. Тэр үеэс уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хөл хорионд орж, Монгол Улсын иргэнийхээ хувьд журам, дүрмээ дагаж ирлээ. Тэглээ гээд бид гэртээ зүгээр суусангүй. Уран бүтээлээ хийсээр байсан.  Миний хувьд өөрийн фэйсбүүүк, инстаграм хаягийн үнэнч дагагчдадаа зориулан лайв хийж, уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаж ирлээ. Мөн “Монгол НD” телевизийн санаачлагаар зохион байгуулсан цахим тоглолтод гэрээсээ ая дууны мэндчилгээ өргөсөн. Шинэ оны босгон дээр Хүүхдийн төлөө фондыг сэргээх аянд хувь нэмрээ оруулж, Якутын дуучин Саарынтай хамтарч дууллаа.

-Та тэгвэл зав чөлөөгүй байжээ?

-Дуу бичлэгийн студиуд хөл хорионы үеэр огт ажиллаагүй. Хөл хорио цуцлахад  уран бүтээлчид эргээд ажилдаа орсон.  Хөл хорионы өдрүүдэд телевизийн “Карантин-14” шоу нэвтрүүлэгт оролцохоос гадна “Никитон” хамтлаг болон Гавьяат дуучин Ж.Алтанцэцэгтэй хамтран “Боловсрол суваг” телевиз дээр шууд амьд хөгжмийн бичил тоглолт гуравдугаар сард хийсэн. Тэр болгонд PCR шинжилгээгээ өгч байсан. Мөн хэд хэдэн цахим хандивын тоглолтод оролцсоныг дурдах нь зүйтэй болов уу.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

Ц:ДАВААДОРЖ: ЕРӨНХИЙ САЙД ХЭТ РОМАНТИК БАЙНА

Эдийн засагч Ц.Даваадоржтой ярилцлаа.

-Шатахууны хомсдол эдийн засагт доргилт өглөө. Энэ сэдвээр ярилцлагаа эхлүүлэх үү?

-Шатахуун бол эдийн засагт чухал байр суурь эзэлдэг, маш их нөлөөтэй. Үнийн өсөлтийг дагаад бүх зүйлийн үнэ нэмэгддэг. Тоглоомоор хэлбэл, шатахууны үнэ өсөхөд машины зогсоолын төлбөр хүртэл нэмэгдэж байна. Энэ мэтчилэн бүх зүйлд нөлөөлдөг учраас шатахууны хомсдол үүсэх, шатахууны үнэ өсөхөд эдийн засаг хэлбэлзэж байна. Шатахууны хомсдол үүссэн нь их зүйлийг өгүүллээ. Ялангуяа улсын эдийн засаг доргионтой болох нь гэдгийг санууллаа.

Шатахуун тасалдсан шалтгааныг хэлж мэдэхгүй ч Засгийн газар, импортлогчид өөр өөр тайлбар хэлж байна билээ. Эдийн засгийн байдлаас харвал, шатахууны үнийг хүчээр барьсан нь хомсдол үүсэхэд нөлөөлсөн гэж харж байна. Засгийн газар “шатахууны үнийг өсгөж болохгүй шүү” гэсэн дарамттай холбоотой. Үнийг хүчээр барих тусам компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн доголдож эхэлнэ. Засгийн газар төр захиргааныхан шатахууны үнийг тогтмол барихгүй бол амлалт нь биелэхгүй болох талтай. Ялангуяа зөвшөөрөл өгдөг, эрх олгодог байгууллагууд давуу талаараа шахалт үзүүлэх боломжтой болж байгаа юм. Тиймээс шатахуун нь нэг л төрлийн бүтээгдэхүүн ч бусад бүх зүйлийн үнийг хэлбэлзүүлдэг эдийн засгийн хувьд их том нөлөөтэй байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж