Хятадын эцэг эхчүүд хүүхдээ дээс үсрэлтийн сургалтад идэвхтэй хамруулах болжээ. Эрэлтээс шалтгаалаад хичээлийн нэг цагийн төлбөр 50 ам.долларт хүрч байгаа талаар "Wall Street Journal" сэтгүүл мэдээлэв. БНХАУ-ын засгийн газар эрүүл мэндийн боловсролд онцгой анхаарах болсноор 2014 оноос дээс үсрэлтийг хичээлийн хөтөлбөртөө тусгасан юм.
Ийнхүү Хятадын дунд сургуулиуд нэгээс зургадугаар анги хүртэлх сурагчдын дунд дээс үсрэлтийн шалгалтыг жил бүр зохион байгуулдаг болсон байна. Тус шалгалт “унасан”, “тэнцсэн”, “сайн”, “онц” гэсэн дөрвөн үнэлгээтэй. Тухайлбал, сурагчид минутад 17 удаа дээс үсэрсэн тохиолдолд шалгалтад тэнцэнэ. Мөн 87-оос дээш удаа дээс үсэрвэл “сайн”, цаашлаад хөвгүүд 99, охид 103 удаа үсэрч байж “онц” дүн авдаг байна.
Тиймээс зарим эцэг эхчүүд хүүхдээ дунд сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцүүлж, сайн ахлах сургуульд оруулах үүднээс гурван настайгаас нь энэ төрлийн сургалтад хамруулдаг болжээ. Хичээлийн үнэ цагийн 15-50 ам.долларын хооронд хэлбэлзэх байна. Үүгээр ч зогсохгүй ганцаарчилсан хичээл нь 2000 юань буюу 309 орчим ам.доллар байдаг талаар “China Daily” мэдээлжээ.
Бээжингийн оршин суугч, 34 настай Сюзан Жан “WSJ”-д өгсөн ярилцлагадаа охин Тантаныгаа дээс үсрэлтийн сургуулилтад хамруулсан нь түүний хийсэн хамгийн ухаалаг шийдвэрүүдийн нэг байсан гэжээ. Дээс нэг ч хариаж чаддаггүй байсан охин нь мэргэжлийн хүмүүсийн туслалцааг авснаар өнөөдөр "цахилгаанд залгасан мэт" дээс үсэрдэг болжээ.
Гэвч "China Daily” мэдээлэхдээ эцэг эхчүүд хүүхдээ бие бялдрын хувьд чийрэгжүүлэхийг зорихын оронд зөвхөн шалгалтанд бэлтгэх үүднээс хичээллүүлдэг болохыг онцолжээ. Тус сонин эцэг эхчүүд асар их мөнгө төлж хүүхдүүдээ дээс үсэргэж сургаж байгаа ч энэ нь хүүхдийнхээ эрүүл мэндийг сайжруулахын төлөө биш байгаа нь харамсалтай гэсэн байна.
Тиймээс уг сургалт хүүхдүүдэд бие махбодийн, эцэг эхчүүдэд эдийн засгийн дарамт болж байгаа талаар мэдээлсэн аж.
ЭХ СУРВАЛЖ: NEXTSHARK
Холбоотой мэдээ