Монголд төрийн болон орон нутгийн өмчит 339 аж ахуйн нэгж байгаагаас төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгж 170, орон нутгийн өмчит аж ажуйн нэгж 232 байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдээлснээр, 2020 оны байдлаар төрийн өмчийн үйлдвэрийн газар 23, төрийн өмчит хувьцаат компани 47, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани 23, төрийн өмчийн оролцоотой компани 12, төсөвт болон бусад 65 компани бий аж. Дээрх 170 компанийн 15 нь эрсдэлтэй ангилалд багтдаг.
“Төрийн” гэх тодотголтой аж ахуйн нэгж ийм олон ч ашигтай ажилладаг нь цөөхөн. Мэргэжилтнүүд үүнийг төрийн өмчийн компаниудын данхар бүтэц, компанийн засаглал, удирдлага менежментийн алдаатай бодлого, цаг үетэйгээ нийцэхгүй хууль эрх зүйн орчинтой холбон тайлбарладаг.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нийт орлого 2018 онд 8.5 их наяд төгрөг байсан нь 2019 онд 9.7 их наяд төгрөг болж өсчээ. 2018 онд 1.3 их наяд төгрөг, 2019 онд 1.6 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Өсөлттэй мэт боловч төрийн өмчит компаниудын 1.6 их наяд төгрөгийн 1.1 их наяд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас, 400-гаад сая төгрөг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орж иржээ. Бусад компаниуд 230-аад тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Авлага нь 2019 онд 681.1 тэрбум, өглөг нь мөн онд 4.2 их наяд төгрөг болж өсчээ.
Засгийн газар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгуулагуудад бүтцийн өөрчлөлт хийж, хууль эрх зүйн орчныг сайжруулж ажиллахаар төлөвлөж буйгаа өмнө нь мэдэгдсэн. Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит компаниудын хууль эрх зүйн орчныг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, цаашид төр ямар салбарт бизнес хийх хэрэгтэйг судлахаар хоёр ажлын хэсэг байгуулагдан ажилласан юм.
Стратегийн салбарт хувийн хэвшлийнхэнд хүндрэлтэй, эдийн засаг, санхүүгийн өндөр өртөгтэй бизнесийн үйл ажиллагааг төр 100 хувь дэргэдээ авах, төрийн өмчит зарим аж ахуйн нэгжийг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулах замаар үйл ажиллагааг сайжруулах. Мөн төрийн өмчит зарим аж ахуйн нэгжийн 34-өөс дээш хувиар хяналтын багцыг төр эзэмшин IPO хийж, нэмэлт хувьцаа гаргаж, хөрөнгийн зах зээлд арилжиж, олон нийтийн болон хөрөнгө оруулагчдын хяналтыг дээшлүүлэх замаар шинэчлэлийг хийхээр төлөвлөжээ.
Хууль эрх зүйн орчны шинэчлэл тулгамдаж, Төрийн өмчийн компанийн хууль гаргах шаардлагатайг салбарынхан хэлдэг. Монгол Улсад 1996 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өнгөрсөн хугацаанд нийт 29 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчит компаниудын дийлэнхэд засаглалын чадавх буурсан нөхцөл байдал үүссэн байна. Эрх зүйн зохицуулалтын хувьд яамны сайд төрийн өмчийн компанийнхаа улирдлагыг томилдог.
Судлаачид ТӨК-д ТУЗ-ийн хараат бус байдал хангагдахгүй байна гэж үзжээ. Хуулиар компанийн гишүүдийн 1/3 нь хараат бус гишүүн байна гэж заасан. Тухайлбал, 9 гишүүний 3 нь хараат бус ч яам, агентлагийн дарга нар ТУЗ-ийн гишүүн учраас хараат бус ажиллах боломжгүй байдаг аж.
Сангийн сайд Б.Жавхлан төрийн өмчийн компаниудыг гурав ангилж, бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөснөө өнгөрсөн Пүрэв гариг (2021.09.30)-т сэтгүүлчдэд Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд тусгасан гол 8 бодлогыг танилцуулахдаа мэдэгдсэн билээ.
Тэрбээр хэлэхдээ "Төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж, төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ирэх онд засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлнэ.
Төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалын шинэчлэлийн хүрээнд төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагыг бие даасан, мэргэжлийн, хараат бус болгож, үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээр гүйцэтгэлийг үнэлж, хариуцлага тооцох, эдгээртэй холбоотой бүхий л мэдээллийг олон улсын жишгийн дагуу ил тод нээлттэй болгох арга хэмжээ авна. Ингэснээр төрийн өмчийн хуулийн этгээд бизнесийн шийдвэрээ бие даан хараат бусаар гаргаж, үйл ажиллагаагаа удирдан явуулах боломж бүрдэх болно.
Төрийн өмчит хуулийн этгээдийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлээр төрийн оролцоо, үнэ тарифын зохицуулалт зайлшгүй шаардлагатай, төрийн зарим чиг үүргийг тодорхой хугацааны турш хэрэгжүүлэх компаниудыг төр цаашид 100 хувь эзэмшинэ. Нөгөөтэйгүүр, төрийн оролцоо цаашид шаардлагатай, ашгийн төлөө ажиллах боломжтой бусад төрийн өмчит хуулийн этгээдийг нэмэлт хувьцаагаа үнэт цаасны анхдагч зах зээлд гарган, олон нийтэд санал болгох (34 хувьд IPO хийх) замаар нээлттэй хувьцаат компани болгохоор төлөвлөж байна. Харин алдагдалтай ажилладаг, санхүүгийн эрсдэл өндөр хуулийн этгээдийг нэгтгэх, худалдах, татан буулгах замаар эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах арга хэмжээ авна” гэв.
Эх сурвалж: САНГИЙН ЯАМ, ТӨБЗГ
Холбоотой мэдээ