Афганистан, Тажикстан хоёр улсын харилцаа сүүлийн үед эрс хурцдах болсонд ОХУ санаа зовж буйгаа илэрхийлэв. Орос талуудыг харилцан зөвшилцлийн замаар маргаанаа шийдвэрлэхийг уриалж байгаа юм. Талууд дундын хилийн бүс рүү цэргийн хүчээ илгээж эхэлсэн тухай мэдээ ирж байгаа талаар ОХУ-ын гадаад хэргийн яамнаас Пүрэв гаригт мэдэгдсэн.
Харин Талибаны хэвлэлийн төлөөлөгч Билал Карими хэлэхдээ Тажикстантай хиллэх бүс нутгийн орчимд цэргийн хүчээ төвлөрүүлж байгааг үгүйсгэжээ. Харин Тажикстаны гадаад хэргийн яамнаас энэ талаар мэдэгдэл хийхээс татгалзжээ. Гэвч Оросын цэргийн бааз байрладаг Тажикистан нь Афганистантай хиллэдэг хоёр муждаа Лхагва, Пүрэв гаригт цэргийн парад зохион байгуулсан байна.
Үүнээс гадна хоёр орны удирдлага харилцан хатуу байр суурь илэрхийлэх замаар Тажикстан, Афганистаны харилцааг улам хурцатгаж байгаад санаа зовниж байгаагаа Алексей Зайцев мэдэгдсэн юм.
Тухайлбал, Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон Кабул дахь Талибаны кабинетийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, тэр дундаа талибууд сөрөг хүчнийхэн цугласан Панжшир мужийг бүслэлтэд байлгаж байгааг хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж эрс буруушаажээ. Талибанчууд харин үүний хариуд Душанбег Афганистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулжээ.
Мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин өнгөрсөн сард тус улсад бэлтгэгдсэн Афганистаны агаарын цэргийн хүчний албан хаагчид Тажикистанд хоригдож байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм. Талибууд засгийн эрхийг авсны дараа тэд олон арван цэргийн нисэх онгоц хөлөглөн Тажикистан, Узбекистаны хил рүү нэвтэрснээр тэдгээр оронд саатуулагдаад буй билээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS