ТАНИЛЦ: “С” зөвшөөрлийг тойрсон авлигын сүлжээ | News.MN

ТАНИЛЦ: “С” зөвшөөрлийг тойрсон авлигын сүлжээ

ТАНИЛЦ: “С” зөвшөөрлийг тойрсон авлигын сүлжээ

Манай улсад авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл өндөр салбарт зөвшөөрөл олгодог төрийн байгууллагууд нэрлэгддэг. Тэр дундаа авто тээврийн салбарт хамгийн өндөр мөнгөн дүнтэй авлига, хээл хахуулийн сүлжээ байдгийг монголчууд зах зухаас нь мэднэ.

Улс хоорондын ачаа тээврийн C зөвшөөрөл гэж нэг зүйл бий.. С зөвшөөрөл авлигын гэмт хэргийн том сэдэл болж буй судалгааг АТГ танилцуулж байсан удаатай. Тодруулбал, зөвхөн нэг жил гаруйн хугацаанд АТҮТ-ийн С зөвшөөрөлтэй холбоотой авлигын 10 гаруй гомдол мэдээлэл бүртгэгдэж, 5 албан тушаалтан шүүхээр ял шийтгүүлээд амжжээ.

Авто тээврийн салбарт авлига, албан тушаалын хэрэг ингээд хумигдчихаагүй. Засгаас гаргаж буй авлигатай тэмцэх бодлого, авлига авсан нэгнийх нь ил болсон бичлэг аль нь ч тэдэнд сануулга болохгүй байна. Тийм ч учраас авто тээврийн салбарт үйлчилгээ үзүүлдэг олон аж ахуйн нэгж төрийн нэр барьсан албан тушаалтнуудын авлигын сүлжээнд сөхөрч, цаашлаад улсын төсөвт төвлөрөх ёстой татвар, хураамж, төлбөрүүд багасч, сөрөг үр дагаврууд шилээ даран гарсаар байгаа юм.

Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг дагасан авлигын сүлжээний бодит баримтуудыг дэлгэж байна.

БАРИМТ 1: Хуурамч машин босгох авлигад 48 тэрбум төгрөг эргэлджээ

Нүүрсний зах зээлийн хувьд 2014-2016 онд уналттай жилүүд байв. Тухайн үед урд хөрш рүү нүүрс тээврийн 5000 машин тээвэр хийдэг байсан ч энэхүү уналтаас шалтгаалж 1200-аад нь зогссон гэдэг. Харин 2017 оны 4 дүгээр сараас зах зээл сэргэж, түүнийг дагаад нүүрс тээврийн компаниуд ч олширсон байдаг. Монгол Улсыг тойрсон 11 боомтоос л гэхэд 3000 машин зөвхөн урд хөрш рүү нүүрс тээвэр хийхээр төвлөрсөн гэх судалгаа бий. Мөн үндэсний томоохон компаниуд ч парк шинэчлэл хийж, тээврийн машинуудаа олноор нэмэгдүүлж байжээ. 2019 он гэхэд тээврийн машины тоо 16.000-д хүрчээ. Гэтэл энэхүү 16.000 машинаас 12.000 нь улсад бүртгэлтэй буюу хууль ёсных байжээ.

Тэгвэл үлдсэн 4000 машин бүртгэлгүй, хуурамч машин байсан ноцтой баримт байна.

Зүй нь А компани БНХАУ-аас нүүрс тээврийн машин шинээр оруулж ирэх болоход Хятадад гаалийн бичиг баримтыг бүрдүүлж манай хилээр нэвтэрнэ. Монголын хил дээр НӨАТ, гаалийн татваруудыг тушааж, гаалийн хуудас авах эрх үүснэ. Үүний дараа Улаанбаатарт АТҮТ-т ирж хил дээрх машиныхаа бичиг баримтыг бүрдүүлэн гэрчилгээ, улсын дугаар авах ёстой. Цөөхөн хэдэн үгэнд багтаж буй хэдий ч хилээр нэг машин оруулж ирэхэд бодит амьдрал дээр маш удаан, ажиллагаа ихтэй, зардал өндөртэй ажил гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэтэл дээрх нүүрс тээврийн хуурамч машиныг Хятад талаас хууль бусаар гаалийн бичиг гаргуулан Улаанбаатараас АТҮТ-өөс гэрчилгээ, улсын дугаар аль эрт бэлтгэгдэн, Хятадын хил дээрээс Монгол Улсын дугаартай оруулж ирдэг байжээ. Үүнийг зохион байгуулдаг хятад, монгол хамтарсан төрийн албан хаагчдын бүлэглэл бий. Энэ сүлжээнд хоёр улсын хил, гааль дээрх хүмүүс гар бие оролцдог.

Тэгвэл ингэж нэг машин “босох” ханш 30.000 юаниар үнэлэгддэг байсан байна. Үүнээс 10.000 юань нь Хятадад арлын дугаар, мотор солигдсон машин олж өгдөг хүмүүс халаасладаг. Хятадын талын гааль дээрх “зохицуулагч”-д 5.000 юань хуваарилагддаг. Үлдсэн нь 15.000 юанийг Монголын талд ажиллаж байгаа хүмүүс хувааж авдаг. Үүнд авто тээвэр, гааль, хилийн цэргийнхэн голлох үүрэгтэй ажилладаг байж. Ингэж хуурамч машин босгох гэрчилгээ, улсын дугаарыг АТҮТ-өөс бөөн бөөнөөр нь гаргаж, урд хил рүү илгээж байсан гэдэг.

Ингээд тооцвол зөвхөн нэг машин босгоход 30.000 юань буюу 12.000.000 төгрөг авлигачдын халаасанд орсон гэж бодвол 4000 машинаар тооцоход 48.000.000.000 /тэрбум/ төгрөг энэ авлигын сүлжээнд эргэлдсэн гэсэн үг.

Авлигачид 48 тэрбум төгрөгийг халааслаад зогсохгүй улсад хууль ёсны бүртгэлтэй машинуудын бичиг баримтаар сольдог байсан байна. Ингэснээр олон арван компанийн машин бүртгэлээс хасагдаж, тээвэр хийх боломжгүй, цаашлаад хил нэвтрэх эрхгүй болж хохирч үлджээ.

БАРИМТ 2: С зөвшөөрлийн далд ханш 12.000.000 төгрөг

Ачаа тээврийн С зөвшөөрлийг 2018 он хүртэл шаардлага хангасан хэн бүр авах боломжтой байсан бол энэ үеэс эхлэн БНХАУ-ын талаас С зөвшөөрлийн хязгаарыг 6000 болгожээ. Ингэснээр хязгаарлагдмал тоотой С зөвшөөрөл олж авах гэсэн компаниудын өрсөлдөөн ширүүсч, авлига цэцэглэх үндэс болсон гэдгийг эх сурвалжууд баталж байна.

Угтаа С зөвшөөрөл авахад улсаас тогтоосон үндсэн төлбөр гэж бий. Тэр нь 99.000 төгрөг. Гэхдээ үүнийг хэн бүр аваад байх боломжгүй. АТҮТ-ийнхан С зөвшөөрлийг хөшигний ард наймаалцдаг. Жинхэнэ өндөр мөнгөн дүнтэй авлига энд өрнөдөг ажээ. 2018 онд нэг С 2500 юань, 2019 онд 5000 юань, 2020 онд 8000-10.000 юань байсан бол 2021 онд авлигын ханш огцом өсч 15.000-30.000 юань болжээ. Өөрөөр хэлбэл, нэг С зөвшөөрөл авахад монгол мөнгөөр 12.000.000 төгрөгөөр авдаг гэсэн үг.

БАРИМТ 3: АТҮТ-ийн авлигын “системүүд”

Авто тээврийн үндэсний төвөөс гаргаж буй тушаал, шийдвэр бүр амьдрал дээр хэрэгжихдээ авлига болдог гэхэд хилсдэхгүй олон баримтыг компаниуд шилээ даран онцолдог юм байна. Зах зухаас нь яривал, 2018-2019 онд С зөвшөөрөл олгох нөхцөл гэж байдаг байж. Ингэхдээ улиралд нэг удаа олгодог. АТҮТ тухайн улирал эхлэхээс 7 хоногийн өмнө л зөвшөөрөл олгох нөхцөлөө компаниудад ил болгодог. Хугацаа тулгамдсан үед компаниуд тэр бүр шуурхай бичиг баримтаа бүрдүүлж, шаардлага хангаж чаддаггүй. Гэтэл ар талтай, авлигын сүлжээтэй компаниуд зөвшөөрөл авах нөхцөлийг аль эрт мэдчихдэг, материалаа бүрдүүлэх хангалттай хугацаа хождог байсан мэдээлэл байна. Хугацаа хожсон компани зөвшөөрөл авна, ажлаа явуулна. Зарчим нь тэр. Үүний ард мөн л авлигын сүлжээ ажиллаж ирдэг. .

Тэгвэл 2020 онд өөр нэгэн авлигын систем хэрэгжсэн нь “эрсдэл үнэлэх” тухай. АТҮТ-өөс баг гарч, ачаа тээврийн компаниудын үйл ажиллагааг үнэлэх ажлыг жил гаруйн өмнө эхлүүлжээ. Бага эрсдэлтэй үнэлэгдвэл 80-90 хувьд нь С зөвшөөрөл, дунд эрсдэлтэйд 50-60 хувьд нь С, өндөр эрсдэлтэйд 20-30 хувьд нь С зөвшөөрөл олгох журамтай байж. Компаниуд бага эрсдэлтэй үнэлэгдэж, С зөвшөөрөл олон авах сонирхолтой. Тиймээс хотоос эрсдэлийн баг гарах сургаар тээврийн компаниудын we-chat-д онооны ханш тогтож эхэлдэг байжээ. Анх 1 оноо 300 юаниас эхэлж, 900 юань хүртэл өсч байжээ. Эрсдэл үнэлэх багийнхан компаниудад С зөвшөөрлийн оноог зарсан мөнгөө бэлнээр авдаг байжээ.

Түүнээс гадна АТҮТ-өөс 2020 оны 2 дугаар улиралд гаргасан бас нэгэн “төлбөрт” үйлчилгээг тээврийнхэн онцолсон нь улсын байцаагчийн дүгнэлт. Өөрөөр хэлбэл, улсын байцаагчийн дүгнэлт сайн гарвал тухайн компани ажлаа үргэлжлүүлэх боломжтой. Энэ нь ч бас тогтсон ханштай. Нэг машины үнэлгээ 300 юаниас эхэлж мөн л өссөөр 900 юань хүрч байжээ. Нүүрс тээвэрт хэдэн мянган машин явдаг гэж тооцвол улсын байцаагч сүлжээнийхэнтэйгээ хэдэн төгрөг халаасласан ерөнхий тооцоог уншигч авхай тооцоолж суугаа биз ээ.

Тэгвэл энэ жилийн “төлбөрт” үйлчилгээ бас л өөр. Жолооч нар хурууны хээ уншуулах шинэ журам нүүрс тээврийн салбарт хэрэгждэг юм байна. Хурууны хээний ачаар жолоочгүй, бичиг баримтгүй компаниуд ихэд хожсон мэдээлэл байна. Тодруулж хэлбэл, хууль ёсны бичиг баримттай, жолооч нартайгаа хөдөлмөрийн гэрээ хийсэн А компанийн жолоочийг 1000 юань /зарим тохиолдолд 3000 юань хүрсэн гэгддэг/-аар хахуульдаж, хууль бус Б компанийн программд хурууны хээг нь уншуулдаг гэнэ. Үүний ард авлигын багагүй мөнгө эргэлдсэн мэдээлэл байна. Энэ асуудлаас үүдэж олон компани, жолооч нарын хооронд хөдөлмөрийн маргаан дэгдэж, хэл ам үүсчээ.

БАРИМТ 4: Цар тахал нэрээр цагдаа, эмч, онцгойгийнхон боомтууд дээр ингэж халаасладаг

Авлигын сүлжээ зөвхөн АТҮТ дээр ажилладаг гэвэл өрөөсгөл. Хил дээр ажиллаж буй бусад төрийн байгууллагуудад ч их, багаар хууль бус мөнгө эргэлдүүлж байдаг ажээ. Үүний нэг нь гааль. Саяхныг хүртэл гааль дээрх авлигын хэргүүд мөн л шилээ даран гарч байв. Нүүрс тээвэртэй холбоотой гаалийн лац хийгддэг бөгөөд энэ нь мөн л дээрхийн жишээнүүдтэй ижил ханштай байжээ. Гаалийн нэг лац нэг машинд 2018-2019 онд 100 юань байсан бол 2020 онд 300, 2021 онд 1500 юань болж өсөөд байсан байна.

Харин Засгийн газраас хил гааль дээрх авлигын асуудлыг цэгцлэх бодлогын хүрээнд өмнөд хилийн боомтуудын дарга, удирдлагуудыг сольсноор сүүлийн саруудад гаалийн лац нэрээр мөнгө татдаг сүлжээ тасарсан тухай таатай мэдээг эх сурвалжууд дуулгаж байгаа юм.

Нөгөө талаар цар тахал нэрээр хилийн боомтууд дээр онцгой нөхцөл байдалд албан үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албаныхан нүүрс тээврийхнээс мөнгө суйлж суудаг аргууд дэлгэрээд удаж буй гэнэ. Тэд бол онцгой байдал, цагдаа, эмнэлгийн багийнхан бололтой. Өнгөрсөн долдугаар сард Засгийн газрын шийдвэрээр Цагаан хад боомтод тэг зогсолт хийж, ногоон бүс болгох ажлыг өрнүүлсэн. Боомтын үйл ажиллагаа эхлэхэд жолооч нарыг тусгаарлаж, халдваргүй нөхцөлд тээвэрлэлт хийх эрхийг олгох болсон юм. Энэ үеэр жолооч тусгаарлах зардал гэж бий болж, компаниуд төлөх болсон байна. Боомт дахь Онцгой комиссын зүгээс анх нэг жолоочийг нэг хоног тусгаарлах зардлыг 70.000 төгрөгөөр тооцоолж гаргажээ. Гэвч энэ зардал хоёр хоногийн дараа гэхэд нэмэгдэж, Ханбогдод 88.000, Цогтцэцийд 110-137 мянга, Өмнөговьд 100 мянган төгрөг болсон байна. Нэг жолооч багадаа 14 хоног тусгаарлагдах ёстой. Нэг компани гэхэд хэдэн арван жолоочоо ийнхүү тусгаарлалтад хамруулна. Нүүрс тээврийн салбарт 162 компанийн 10.000 гаруй жолооч үйл ажиллагаа  явуулдаг. Ингээд харвал тусгаарлалтын зардал нэрээр хөөрхөн “юм” цугларсан болж таарч байгаа юм. Эдгээр нэмэгдлүүд тус боомт дээр ажиллаж байгаа онцгой, цагдаа, эмнэлгийнхний халаасанд орж байсан гэдгийг нүүрс тээврийнхэн батлан хэлж байна.

Түүгээр зогсохгүй цар тахлын үе хэмээн компани бүр эмчтэй байхаар зохицуулалт хийгджээ. Ингэснээр мэргэжлийн хяналтын байцаагч нарын хамаарал бүхий эмч нар Цагаан хад дахь боомтыг зорих болсон байна. Компани эмчээ нэг сард 500-800 мянган төгрөгөөр цалинжуулах үүрэгтэй. Боомтод очсон эмч нар компаниудаас бэлнээр цалин авахаас гадна ковидын шинжилгээ авах нэрээр багагүй мөнгө хийдэг болсон байна. Нэг ширхэг нь 10.000 төгрөг түргэвчилсэн тестийг жолооч нарт 25.000 төгрөгөөр зардаг байж. Зориудаар сэжигтэй тохиолдол илэрсэн хэмээн нэг компанийн нийт ажилчдаас гэхэд 3 удаа шинжилгээ авсан тохиолдол ч бий аж. Энэ бүхний ард мөн л багагүй мөнгө эргэлдсэн нь болж таарч байна.

Боомт дээр гаднаас ирж байгаа иргэд тусгаарлагдах, “сөрөг” гэсэн бичиг авах процессууд дээр ч авлига гаарчээ. Тусгаарлалтад орохгүйгээр “тусгаарлагдсан” гэсэн бичиг авч орох, шинжилгээгүйгээр “сөрөг” гэсэн бичиг авах нь хэвийн үзэгдэл болсноос Цагаан хад боомт дээрх халдвар өдөрт арав, арваар нэмэгдэх үндсэн шалтгаан болсон гэж байна. Тусгаарлалтад орсон гэх бичгийг 1 сая төгрөгөөр зардаг байна.

Цар тахалтай холбоотойгоор Хятад талаас “Бөмбөлөг тээвэр” хийх санал гаргаж, түүнийг манай тал дэмжин өнгөрсөн 8 дугаар сараас нүүрс тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа аж. Энэ нь цар тахалтай холбоотойгоор нэг хэсэг жолооч, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, өөр бусдадтай хавьталд оруулахгүйгээр вакуумжуулан нэг бөмбөлөгт хамруулан ажил үйлчилгээгээ явуулах зорилготой гэнэ. Бөмбөлөг тээвэр хэрэгжиж эхлээд удаагүй ч мөнгөний сүлжээ аль хэдийнэ ажиллаад эхэлчихсэн, авлигын үнэлгээ нь ч өндрөөр тогтжээ. Халдвар хамгаалал сахих үүднээс бөмбөлөг тээвэр дотроо цөөн тооны жолоочтой, олон бөмбөлөг тээвэр үүсээд байгаа. Тэр хэрээр хил нэвтрэх дараалал ч урт болж таарна.

А бөмбөлөг хилээр нүүрс тээвэрлээд буцаж ирээд дараагийн бөмбөлөг тээврүүд нэвтэрсний дараа нүүрсээ тээвэрлэх эрх үүсэх учиртай. Тэгвэл танил талтай, мөнгө төгрөгтэй компанийн эзэд хяналт тавьж буй төрийн албаныханд авлига өгөөд бөмбөлгөө бусад компанийн бөмбөлгийн урдуур хэдэнтээ оруулж тээвэр хийдэг, мөн жолооч нараа нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлөг рүү шилжүүлэн богино хугацаанд нүүрс тээвэртээ гаргадаг болсон гэнэ. Тодруулж хэлбэл, А бөмбөлөг нэг сард 3 удаа тээвэр хийсэн байхад зарим бөмбөлөг нэг ч удаа тээвэр хийгээгүй. Зарим жолооч 4-5 удаа тээвэр хийсэн байхад өөр нэг компанийн бөмбөлгийн жолооч нэг ч тээвэрт гарч чадаагүй байна. Олон удаа тээвэр хийж байгаа жолооч А бөмбөлгөөс Б бөмбөлөгт шилжээд л тээвэртээ гарчихдаг. Энэ нь цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчихөөс гадна зөвшөөрөлтэй нүүрс тээврийн компаниуд үйлчилгээнд явж чадахгүй, шударга бус байдлыг бухимдан дээр доргүй ярьцгааж байна. Ингэж бөмбөлгөө дарааллын урдуур оруулах, нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлгийн хооронд жолоочоо сэлбэж явуулах ханш өнөөдрийн байдлаар 20.000 юаньд хүрчихээд байгаа аж. Энэ авлигыг өнөө л холбогдох төрийн албаныхан халаасалж буйг нүүрс тээврийн компаниуд захаас аваад хэлээд өгнө.

Монгол Улсын өмнөд хилийн нэгэн боомт дээр авлига ингэж цэцэглэж, төрийн нэр барьсан нөхөд халаасаа түнтийлгэж сууна. Авлига өгсөн компаниуд орлогоо нууж, Монгол Улсад аль хамгийн бага өртгөөр татвар, хураамжаа тушааж, НДШ, ХАОАТ-ыг ч хамгийн хямдаар төлдөг муу жишиг хэдийнэ тогтжээ. Ашиг хонжоо хайгчдын хар гайгаар улсад төвлөрөх ашиг орлого хэдэн арав дахин багасаж байдгийн гол зангилаа энэ.

Нөгөө талд алхам тутамдаа авлига нэхэж, хууль журмаа барьсан компаниудыг сөхрүүлж, шахан хавчиж ажиллах эрхгүй болгодог нь энэ салбарт хэвийн үзэгдэл болжээ. Ар талгүй, авлига өгдөггүй компаниуд, тэдний ард ажиллаж байгаа хэдэн зуун монгол залуус ажлаа явуулахад тун бэрх болсоор байгаа жишээг захаас аваад л хэлж болох.

Бүхэл бүтэн улсын эдийн засгийн гол хөшүүрэг болж буй Гашуунсухайтын боомт ч өнөөдрийг хүртэл ус, цахилгаангүй хэвээр. Зундаа 40 хол давах говийн халуун, өвлийн хүйтэнд хэдэн арван км урт дараалалд зогсож буй монгол залуусын аж байдал нүд хальтрам. Тэд өдөр бүр мөнгө төгрөгийн татаасанд баригдаж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа харамсалтай явдал шилээ даран гарсаар байна.

Нөгөөтэйгүүр БНХАУ 2013 оноос олон улсад “Нэг бүс нэг зам” санаачилга дэвшүүлэн танилцуулсны нэг гол оролцогч нь Монгол Улс гэж онцолсон байдаг. Тус  санаачилгын гол цөм нь дэд бүтцийн харилцаа холбоог хөгжүүлэхэд орших бөгөөд бүс ба зам дагуух улс орнуудын хооронд төрийн бодлого, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж олон улсын хамтын ажиллагааг дэмжин хамтын хөгжлийг биелүүлэх зорилготой гэгддэг. Энэ бол Монгол Улсын хувьд асар том боломж. Тэр дундаа дэд бүтцийн харилцаа холбоо хөгжих явдал манай улсын хөгжлийн гол цөм ч болох учиртай. Тийм ч учраас дэлхийн хүчтэй гүрний бодлогод оролцож хөгжлийн шатаа ахиулах амбиц үе, үеийн төр засагт байдаг ч дунд, доод шатанд ажиллаж буй төрийнхөн нь харийн хүмүүстэй үгсэн улс орноо, монгол компаниудаа асар хортойгоор шимэгчлэн, авлигын сүлжээг нэхэж суугаа цөөн баримт ийм байна.

Үүнээс гадна гааль, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, цагдаа, орон нутгийн засаг захиргаа бүгд  дээрхээс ч ноцтой байдлаар авто тээврийн салбар, тэр дундаа С зөвшөөрөл дагасан авлигыг цэцэглүүлж байдаг баримтууд бий…

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irg3n 2021-10-01 192.82.76.58

Heleh ug alga yamar aimaar um be. Uls ornoo bodoochee,hurdan tsegtsleesei .

Avatar

Зочин 2021-10-01 202.126.89.35

үхэж хэвтсэн МАНгас түүний гар хөл үүрд эх орноос мийнь зайлаарай авилгачид сөнө

Avatar

харамсалтай 2021-10-01 192.82.70.144

Авлигад ИДЭГДСЭН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАА ЭХЛЭЭД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ОРУУЛАХ ЁСТОЙ. авличдаасаа САЛАЯ

Avatar

enko 2021-10-01 192.82.65.182

mongol ulsin gol busines ingej yavj boloh uu?

Avatar

иргэн 2021-10-01 202.126.88.199

жээнков болно гэсэн бас танк орж ирнэ гээд ийм болгосон, зүй нь төмөр замаар нүүрсээ зөөж байсан бол юу гэж ийм юм байх вээ?

Avatar

Зочин 2021-10-01 192.82.89.168

“Avilagiin Altan hundaga” logotoi ATG yu ch hiideggvi ! ATG-iin logo -g sain haraarai ! Mongol turiin Altan soeombiig hundaga Nd hiichihsen urguj baigaa yum shig ! Ene tom avilgiin svljeeg Ted harj l baigaa, medej l baigaa sh dee ! Setgvvlch olood har chihaj baihad meregjlii baiguullaga, huuliin medeegvi tsarai gargaad dvlii dvmbe suuj baidag.

Avatar

Зочин 2021-10-01 202.9.46.16

зайл зайл муусайн авлигачид

Avatar

Зочин 2021-10-01 202.9.46.16

Pooh yu ve, yadag genee. Iim aimar avliga baidag bh n ee. Dawarsan avligachid zailuul, zasgiin gazar yaraltai ene asuudliig shiideh heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж